Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг 2019 онд айлчлахыг урьсан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр /2018.12.24/ мэдээллээ. Д.Трамп одоогоор албан ёсны хариулт өгөөгүй байгаа ч урилгыг таатай хүлээн авсан байна.
АНУ Сириэс цэргээ гаргах, Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар амиа алдсан сэтгүүлчийн хэрэг, АНУ-д баривчлагдаад байгаа исламын шашны номлогчийг хүлээлгэн өгөх зэрэг асуудал нь НАТО-ийн хоёр холбоотны ярилцах гол асуудлууд байх юм.
Өнгөрсөн Ням гаригт /2018.12.23/ тэд утсаар ярих үеэрээ АНУ-ыг Сириэс цэргээ гаргасны дараа тус улсын нутаг дэвсгэрт аюулгүй байдлыг сахиулах асуудлаар хамтран ажиллахад санал нэгдсэн байна. Эрдоган Сириэс цэргээ татах Трампын шийдвэрийг талархан хүлээн авсан хүмүүсийн нэг юм. Учир нь Вашингтоны хамтран ажиллаж байсан Сирийн Курдүүдийг Турк улс террорист байгууллага гэж үзэн, тасралтгүй тэмцсээр ирсэн.
АНУ-ын БХЯ-ны албан тушаалтнууд энэ долоо хоногт Туркт айлчилж, Сириэс АНУ цэргээ татах тухай асуудлыг хэлэлцэхээр болсон тухай Туркийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.
Түүнчлэн Саудын Арабын сэтгүүлчийн аллагын хэргийн тухайд хоёр удирдагч ялгаатай байр суурийг баримталж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч тус хэрэг дээр Саудын Засгийн газар болон хунтайж Мухаммед бин Салманыг өмөөрч байгаа бол АНУ-ын Тагнуулын төв газар болон Турк улс хунтайжийг хэргийн гол захиалагч хэмээж байгаа.
Эх сурвалж: Ройтерс