Төсвийн алдагдал иргэдийн орлогоос хумсалж байна | News.MN

Төсвийн алдагдал иргэдийн орлогоос хумсалж байна

Төсвийн алдагдал иргэдийн орлогоос хумсалж байна

Төсвийн алдагдал иргэдийн орлогоос хумсалж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна

Сонгуулийн өмнөх жил гэдэг үндэслэлээр 2019 оны улсын нэгдсэн төсвийг 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан нь түүхэндээ урьд хожид байгаагүй өндөр алдагдалд тооцогдож буй. Ийнхүү төсвийн алдагдал ДНБ-ий 5.4 хувьтай тэнцэх болсноор төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хоёр ч заалтыг зөрчиж орхисон. УИХ-ын гишүүд өөрсдөө гаргасан хуулиа үл хэрэгсдэг нь төсөв хэлэлцэх үеэр бүр ч тод томруун харагддаг. Энэ байдал даамжирсаар байгаа учраас төсвийн алдагдал жилээс жилд хуримтлагдахад хүрч буй юм.

Засгийн газрын өрийн нийт хэмжээ 19.5 их наяд төгрөгт хүрсэн байтал сүүлийн гурван жилийн нийлбэрээр долоон их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан гээд 2019 оны төсөвт өөлөх зүйл өчнөөн бий. Гэхдээ төсвийн алдагдал чухамдаа 2019 оноор тогтохгүй. “Галт тэрэг нэгэнт хөдөлсөн” ч төсвийн олон жилийн хуримтлагдсан алдагдлын уршгаар жилийн жилд төсөв өндөр алдагдалтай болж, ялангуяа сонгууль тулсан жилүүдэд алдагдлын хэмжээ огцом нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

Эдийн засаг хүндээр өвдөх ээлжит шалтгааны нэг нь төсвийн алдагдал болж байна. Манай улс төсвийн алдагдлаа цаашид хумьж чадахгүй бол өрийн дарамтаас ангижрах тухай ярина гэдэг далайг салаар гатлах гэж муйхарлахтай адил. Айлаар авч үзвэл, хэрэглээний зардлаа танахгүй, хувийн санхүүгийн зохион байгуулалтгүйгээр орлогоо давсан хэрэглээтэй байна гэсэн үг. Ийм айл өөдлөх бус өрнөөс өрийн хооронд бор хоногоо аргацаахаас хэтэрдэггүй.

Хөрөнгө оруулалтын зардлаа 2019 онд үлэмж тэлсэн Засгийн газар нийт санхүүжилтийнхээ дийлэнх хэсгийг шинээр эхлэх барилга байгууламж руу чиглүүлсэн. Энэ хүрээнд 500 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд үр дүнд нь импорт 40 орчим хувиар нэмэгдэх хүлээлттэй байна.

Импортын өсөлттэй зэрэгцээд валютын гарах урсгал идэвхжиж таарна. Энэ нь валютын ханшийг хөөрөгдөх ээлжит шалтгаан болж тун болзошгүй. Гэтэл төсөвт олсныхоо хэрээр үрэхийг яаая гэх вэ гэхэд олоогүй байж зарах хандлага хавтгайрч байгаа. Олон жилийн өмнөөс эхтэй энэ байдал төсөв алдагдлаа дийлэхгүй болтлоо туйлдах, улмаар төсвийн хямрал эдийн засгийн хүндрэл болж нэвчих эрсдэл үүсэх шалтгаан болоод удаж байна. Үүнийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрч, анхааруулах авч төсөв батлах үед эсрэг үр дүн гардаг боллоо.

Сангийн бодлогын жолоо, цулбуур суларч, суурь нь ганхах тусам эдийн засгийн эмзэг байдал нэмэгддэг. Өмнөх жилүүдэд сонгууль угтсан төсвийн халалт дотоодын өр, зээл огцом өсөхөд хүргэсэн. Засгийн газар, эрх баригчид сонгогчдод юуны өмнө таалагдахын тулд төсвийн алдагдлыг үл харгалзан үр ашиг багатай, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа тааруу төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн нь өнөөдөр төсөвт хамгийн том дарамт болж байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа ярьсан юм.

Аймаг, суманд эхлүүлсэн боловч дуусгаагүй барилга, байгууламж төсвөөс “хоол” нэхсэн хэвээр байна. Тэрчлэн он дамжсан төслүүдийн үнэ өөрчлөгдөж, харилцан адилгүй зөрүүтэй болж байгаа юм. Олон жил болсон ч дуусгаагүй 32 барилгын санхүүжилтийг 2-9 жилийн турш улсын төсөвт суулгасаар ирсэн ба анхны төсөвт өртөг нь 2-5 дахин өссөн байх жишээтэй. Зарим барилга 4-5 жил зогссон бөгөөд үргэлжлэх эсэх нь сонгуулийн үр дүнгээс хамаарна. Эндээс харахад, 2019 оны төсөвт суулгасан барилга байгууламж ч ийм байдалтай нүүр тулахыг үгүйсгэх аргагүй юм.

2018 оны улсын төсөв өнгөрсөн сарын байдлаар 1.7 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Харин  ирэх оны төсөв 1.9 их наядын алдагдалтай байгаа нь эдийн засагт томоохон сорилт дагуулж мэдэхээр байгаа юм. Энэ оны ДНБ-ий өсөлт оны дараа тодорч, ирэх жилийн төлөвийг олон улсын санхүүгийн байгууллагууд дахин тодотгож, түүнийгээ зарлаж эхэлнэ. Харамсалтай нь, ДНБ-ий өсөлт хэдий сайн байсан ч төсвийн алдагдал их наядаар хэмжигдэх түвшинд байвал эдийн засаг дахь эерэг тоонууд иргэдийн амьдралд наалдахгүй, цаасан дээр л үлдэж мэдэх юм.

  • Олон жилийн өмнөөс эхтэй энэ байдал төсөв алдагдлаа дийлэхгүй болтлоо туйлдах, улмаар төсвийн хямрал эдийн засгийн хүндрэл болж нэвчих эрсдэл үүсэх шалтгаан болоод удаж байна.
  • Төсвийн орлогын өөдрөг төсөөлөлд дулдуйдан нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт чихсэнээр алдагдал гэгч заавал байх ёстой мэтээр ойлгогдох болсон билээ.
  • Төсвийн алдагдал инфляцыг хөтөлдөг гэж эдийн засагчид үздэг. Тэгвэл 2019 оны төсвийн алдагдал эдийн засагт инфляцын дарамт ч үүсгэхээр байна.

Уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлттэй зэрэгцээд жил болгоны төсөв алдагдалтай, алдагдал нь өр болж үлдсэн. Төсвийн орлогын өөдрөг төсөөлөлд дулдуйдан нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлыг төсөвт чихсэнээр алдагдал гэгч заавал байх ёстой мэтээр ойлгогдох болсон билээ. Уг нь хуульд, төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэх ёсгүй төдийгүй эсвэл ашигтай байх ёстой гэсэн заалт бий. Үүнийг хэрэгжүүлсэн он жилүүд тун цөөхөн байна.

Улсын хэмжээнд инфляц үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, 8.1 хувьтай байгаа. Төсвийн алдагдал инфляцыг хөтөлдөг гэж эдийн засагчид үздэг. Тэгвэл 2019 оны төсвийн алдагдал эдийн засагт инфляцын дарамт ч үүсгэхээр байна. Мөнгөний бодлогоо сулла, хувийн хэвшлээ дэмж гэж төв банкаа төсөв тэлсэн үед шахах, шаардах эрх УИХ-ын гишүүдэд байдаг ч хэрэгжүүлдэггүй. Өөрсдөө тойрогтоо яаж ийгээд гэж шалсаар Засгийн газрын төсөвт хэдэн төгрөг суулгаснаар эргээд төсвийн хариуцлага, сахилга батыг шаардах эрхгүй болдог. Нэг ёсондоо бас л нэг чөтгөрийн тойрогт орсон гэсэн үг.

Эдийн засагчид 2019 оны эдийн засгийн дотоод эрсдэлд төсвийн алдагдлыг нэрлэж, энэ хэвээр үргэлжлэх аваас хүндрэл хүрээгээ тэлсээр байна гэдгийг сануулах аж. Төсвийн бодлого тэлэлттэй байгаа энэ үед зөөлөн мөнгөний бодлого хүлээхэд эрт байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж