Цөмийн эрчим хүч ба монголчууд бид

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Цөмийн эрчим хүч ба монголчууд бид

Цөмийн эрчим хүч ба монголчууд бид

Орчин үеийн монголчууд бид,  нийгмийн ухамсарт идэвхтэй амьдралаар амьдрагч соёл иргэншилт иргэнийхээ хувьд  ажил мэргэжил, боловсрол мэдлэгийн төвшнөөсөө үл хамааран цөмийн эрчим хүчний тухай тодорхой хэмжээний нийтлэг үндсэн зөв ойлголттой байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Цөмийн эрчим хүчний талаар олон нийт мэдэж байвал зохих чухал асуудлуудын тухай хүрэлцэхүйц хэмжээний үндсэн ойлголттой  байхын тулд энэ салбарт заавал мэргэшсэн байх шаардлагагүй. Үүний тулд цөмийн  эрчим хүчний тухай эерэг болон сөрөг мэдээллийн хязгааргүй шахам далай дотор төөрөлдөхгүй байж эмх цэгц төгс, хөдөлшгүй үндсэн ойлголтуудыг нь хялбаршуулан мэдэж эзэмшиж авахад л хүрэлцээтэй.

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ:

  • Цөмийн эрчим хүч бол шинжлэх ухаан, техник технологийн гайхамшигт ололт амжилт, бүтээл мөн.
  • Хүн төрөлхтөн цөмийн эрчим хүч хэрэглэхгүйгээр алгасан өнгөрөх түүхэн замнал сонголт тавилан байхгүй нь нэгэнт тогтоогдсон. Гэхдээ энэ нь бүх улс гүрнүүд цөмийн эрчим хүчийг заавал хэрэглэх, хөгжүүлэх ёстой гэсэн хэрэг огтхон ч биш бөгөөд энэ нь олон улсын хөдөлмөр хуваарилалтын зүй тогтоолын бодит зарчмаар хэрэгжих асуудал юм.
  • Цөмийн эрчим хүчний хэрэглээ нь байгаль дахь түүхий эдийн нөөцөөсөө хамааран  ганц хоёр зуухан жилээр  багцаалах насны хязгаартай.
  • Химийн зарим хүнд бодисуудын “Цөмийн хуваагдал” дээр үндэслэсэн цөмийн эрчим хүчний өнөөдрийн эх үүсвэр нь устөрөгчийн “Цөмийн нэгдэл”-д суурилсан дараачийн үеийн эрчим хүчний эх үүсвэр рүү хорь гучин жилийн дараа шилжих  төлөвтэй гэж үздэг.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭЕРЭГ ДАВУУ ТАЛ:

  • Нүүрс болон байгалын хийг шатаахтай харьцуулахад, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх “ногоон хүлэмж“ – ийн үзэгдэл үүсгэгч  нүүрс хүчлийн хий, метан зэргийг ялгаруулдаггүй.
  • Богино хугацаанд бага хэмжээний түлшээр их хэмжээний эрчим хүч гаргах чадвартай. Өөрөөр хэлбэл, том үйлдвэрүүдийн хэрэглээ, эрчим хүчийг гадагш нь худалдаанд гаргах гэх мэт эрчим хүчний их ачааллыг даах чадвартай гэсэн хэрэг.
  • Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн гуравдугаар үеийн өндөр төвшний боловсронгуй технологи нэгэнт бий болон хэрэглээнд бүрэн нэвтэрсэн ба дөрөвдүгээр үеийн технологи боловсруулагдаж байна.
  • Нартай, бүрхэг, салхитай, салхигүй гэх мэт цаг агаарын өөрчлөлтөөс үл хамааран эрчим хүчээр найдвартай хангах чадвартай.
  • Нэгэнт баригдаж дууссаны дараа ашиглалтын урсгал зардал нь харьцангуй бага байдаг.

ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СӨРӨГ ТАЛ:

  • Цөмийн осол гарах магадлалтай. Цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдэд хагас сая жилд нэг удаа цөмийн осол гарч болох магадлал байж болох тухай цэвэр онолын тооцоо байдаг боловч цөмийн эрчим хүчний өнгөрсөн түүхэн 50 – 60 жилийн хугацаанд  байгалийн болон хүний хүчин зүйлээс хамааран гурван том осол (Фүкүшимагийн, Чернобылийн, Тримайлайландын)  гарсан.
  • Байгаль орчин хүн амьтанд аюултай цацраг идэвхт хаягдал үүсгэнэ. Одоогоор ажиллаж байгаа цөмийн үйлдвэрүүд нь жилээс жилд өсөн нэмэгдэх их хэмжээний хаягдал ашигласан түлшээ хуримтлуулан хадгалж байгаа бөгөөд ашигласан түлшийг дахин боловсруулж хэрэглээд ч асуудлыг бүрэн шийдэж чадахгүй байна. Одоогоор ашиглаж байгаа хадгалах төхөөрөмжүүд хэдэн жилээс хэдэн арван жил хүртэл хугацаагаар “түр” хадгалах зориулалттай юм.
  • Аюултай цацраг идэвхт хаягдлыг бүрмөсөн, үүрд, хэдэн мянган жилээр булшлах асуудлыг шийдвэрлэхэд дэвшил гарч байгаа боловч техник технологи болон олон улсын хууль эрх зүйн талаасаа төгс шийдэгдээгүй байна. Аюултай цацраг идэвхт хаягдалтай холбоотой бүхий л үйл ажиллагаа өндөр өртөгтэй байдаг.
  • Цөмийн эрчим хүчний нэг нэгж үйлдвэр барьж байгуулах анхны өртөг өндөр байна. Цөмийн эрчим хүчний үйлдвэрийг ихэвчлэн нэг дор хосоор нь барих шаардлагатай байдаг.
  • Ашиглалтын хугацаа нь дууссаны дараа зохих шаардлагад нь нийцүүлэн нурааж устгах зардал өндөр байдаг.  Цөмийн эрчим хүчний анхны үйлдвэрүүд ашиглалтанд орж байх тэр үед төсөөлөхийн аргагүй  байсан энэ ажиллагаа одоо бодит шаардлага  болон хувирсан.
  • Алан хядагчид, гэмт этгээдүүдийн халдлагад өртөж цөмийн бөмбөг дэлбэрэхтэй адил хор нөлөө учирч болзошгүй эрсдэлтэй.

Зөвхөн өвөрмөгц тодорхой нөхцөл байдалд л илэрдэг эерэг сөрөг талуудын нь тухай дурдсангүй.

МОНГОЛЧУУД БИД:

Монголчууд бидний хувьд, олон улсын хөдөлмөр хуваарилалтад өөрсдийнхөө мэддэг чаддаг, үр  дүнг нь дэлхий нийтийн түгээмэл хэрэгцээ болтол нь  хөгжүүлж боловсронгуй болгочихсон чиглэлээрээ түлхүү оролцож, оронд нь өөрсдийнхөө эрхэлж чадахгүй ажлын бүтээгдэхүүнийг авч хэрэглэх ерөнхий зарчим хэрэгжүүлж байж л орчин үед бусад улс гүрэнтэй эн зэрэгцэн оршин тогтнох эрхээ хангана. Цөмийн эрчим хүчний чиглэлд,  бусад бүх салбаруудын нэгэн адил, энэ зарчим үйлчлэх ёстой.

Даяарчлалын энэ үед, цөмийн эрчим хүчний түүхий эдийн газар доорх байгалын нөөц багасч байгаа энэ  нөхцөлд монголчууд бид  нөөцөө хав дараад үлдээж болно гэж бараг байхгүй байх. Цөмийн эрчим хүчний үе улиран өнгөрөхөөс өмнө бид газар доорх нөөцөө олборлуулан гадагш нь гаргах тохиолдолд, юуны өмнө, эдийн засгийн хувьд бидэнд нэн ашигтай байх, байгаль орчинд хор нөлөөгүй байх явдал нь онцгой чухал.

Цөмийн эрчим хүчний үйлдвэр улсынхаа нутаг дэвсгэрт барьж байгуулах хэрэгтэй юу үгүй юу? Санхүү эдийн засгийн өндөр боломжтой Арабын Нэгдсэн Эмират Улс иргэдийнхээ ариун цэврийн өрөөний тоног хэрэгслийг  алтаар бүрэхийн зэрэгцээ орчин үеийн цөмийн эрчим хүчний үйлдвэрүүд БНСУ аар бариулах явц ид өрнөж байна. Нөгөө нэг туйл нь гэвэл Вьетнам улс маш өргөн цар хүрээтэй, хөрөнгө мөнгө шаардсан,  асар их бэлтгэл ажил 10 гаруй жил эрчимтэй явуулаад анхныхаа цөмийн эрчим хүчний үйлдвэрийг барьж эхлэх “газрын хөрс хөндөх” ёслолыг гүйцэтгэснийхээ дараа цөмийн эрчим хүчний хөтөлбөрөө цуцаллаа. Дурдсан хоёр жишээ бол яг одоо дэлхий дээр цөмийн эрчим хүчний талаар өрнөж байгаа үйл явцын сонгомол жишээ юм.  Цөмийн эрчим хүчний үйлдвэр гадагш нь худалдаалагч хөгжингүй улс гүрнүүдийн дунд зах зээлийн төлөөх өрсөлдөөн тэмцэлдээн хүчтэй өрнөж, зарим тохиолдолд тэд улс төр, эдийн засаг, санхүү, цэрэг зэвсгийн хүрээг хамарсан “шахааны бизнес” маягийн бодлого явуулж байгаа нь ажиглагддаг. Цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэр шулуудсан эсвэл хэрэгжүүлэхгүйгээр шийдвэрлэсэн улс гүрнүүд тодорхой шалтгаануудаар тухайн шийдвэрээ гаргасан байдаг. Зарим улс гүрэн эрчим хүчний хэрэгцээгээ цөмийн эрчим хүч оролцуулан хангахаас өөр гарцгүй байхад зарим нь сонголт хийх бүрэн боломжтой чигээрээ байгаа. Цөмийн эрчим хүчний талаарх бодит ойлголт дэлхий дахинд хэдийнээ бүрэлдэн тогтсон энэ үед Монголчууд бидэнд цөмийн эрчим хүчний бодлогоо үндэсний эрх ашигтаа нийцүүлэн ухамсарт олон түмнийхээ эрмэлзэл сонголтонд тулгуурлан хариуцлагатайгаар тодорхойлох  боломж бүрэн бий.

ТӨГСГӨЛД НЬ:

Та бүхэнтэй хуваалцсан дээрх цөөхөн хэдэн ойлголт мэдээллүүдийг эргэцүүлэн, холбож салган, тунгаан цэгнэж үзэх болвоос та цөмийн эрчим хүчний үндсэн асуудлуудын талаар, шаардлагатай үед нь, хувь хүн өөрийн гэсэн эрүүл үзэл бодол, нийгмийн байр сууриа бие дааж бодитойгоор илэрхийлж чадах болно гэж би итгэж байна. Мэдээжээр шат дараалласан нарийвчласан  мэдээллийг нарийн мэргэжлийн хэмжээнд хүртэл нь задруулан танин мэдэх цаашдын зам бол танд бүрэн нээлттэй.

Балчин овогтой Чимэдбазарын Жаргал: Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-т НҮБ-ын Цөмийн Зэвсгийн Байцаагч (инспектор)-ийн албан тушаалд 28 жил ажиллаж байсан. ОУАЭА-д ажилласан анхдагч Монгол улсын иргэн. Физик-Математикийн ухааны доктор. Цөмийн инженерчлэл, цөмийн түлшний шат дараалсан хэрэглээ болон цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх олон улсын хяналтын салбарт орчин үеийн дэвшилтэт туршлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж