Монгол Улсын ерөнхий боловсролын сурагчид олон улсын олимпиадад 1967 оноос эхлэн оролцжээ. Олон улсын олимпиад нь мэдээлэл зүй, хими, биологи, математик, физик гэсэн таван төрлөөр явагддаг бөгөөд уг олимпиадад 49 дэх жилдээ оролцож буй Монголын сурагчид хоёр алтан медаль, 32 мөнгөн медаль, 93 хүрэл медаль, 86 тусгай байрын шагнал авсан байна. Ингэснээрээ таван төрөл тус бүрээс медаль хүртэж түүхэн амжилт байгуулжээ.
Мөн энэ жил олон улсын олимпиадад оролцож байгаа сурагчдын зардлыг улсаас бүрэн даасан байна. Түүнчлэн өмнө нь олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн сурагчдыг улсын их, дээд сургуульд шалгалтгүй элсүүлдэг байсан бол энэ жил мөнгөн шагналаар давхар урамшуулжээ. Тухайлбал, хоёрдугаар байрт шалгарсан сурагчийг гурван сая, гуравдугаар байрыг хоёр сая, тусгай байрыг нэг сая төгрөгөөр урамшуулсан байна. Сурагчдыг нийт 34 сая төгрөгөө урамшуулжээ. Үүнд ой тогтоолтын дэлхийн аварга болсон сурагчид багтаж байгаа аж.
Цаашид Боловсрол соёл, шинжлэх ухааны яам нь олон улсын олимпиадад оролцох сурагчдын зардлаас гадна, бэлтгэл хангахад зарцуулагдах зардлыг санхүүжүүлэхээр болжээ. Энэ жилийн хувьд олон улсын олимпиадад оролцсон сурагчдын зардалд 80 мянган ам.доллар зарцуулсан байна.
Холбоотой мэдээ