Ц.Нямдорж оо, өргөдлөө өг!

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж оо, өргөдлөө өг!

Ц.Нямдорж оо, өргөдлөө өг!

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт болсон Бага хурлаас тараагдсан олон мэдээллийн мөрөөр хэрэвзээ Монголын хуулийнхан ажлаа хуулийн дагуу хийдэг бол салбарын сайд Ц.Нямдоржоос эхлээд  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг байцаалтад дуудах ёстой байлаа. Тэр тусмаа 1992 оноос эхлэн Монголын төрийн дээд байгууллагад, байнгын ажиллагаатай парламентын гишүүнээр халаа сэлгээгүй сонгогдож, насаараа УИХ-ын  гишүүн гэх сэтэр зүүсэн, Хууль зүй дотоод хэргийн сайдыг тав дахь удаагаа хашиж суугаа Ц.Нямдоржийн яриад буй хуулийн хонгилын тухай хамгийн түрүүнд түүнээс эхэлж мэдүүлэг авах учиртай юм.

Гэвч, бүтэн долоо хонож байхад Бага хурлаас дэлгэгдсэн баримтуудын талаар хуулийнхан хэнээс ч байцаалт авсангүй. Хэн нэгэнд ядаж л зарлан дуудах өгсөнгүй.  Хуулийн сайд том том пакт, "баримттай" гэмт хэргийн тухай яриад байхад хүртэл шүү. Хуулийнхан сайдаасаа айгаад дуудаж чадахгүй байлаа гэхнээ Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлсэн баримтуудынхаа талаар өөрөө хуулийнханд байцаагдъя гээд очих ёстой юм.

Зүй нь, шударга бусийн хонгилыг   Ц.Нямдорж жинхэнээсээ эсэргүүцэж байгаа тохиолдолд өөрийн хүсэлтээр гэрчээр мэдүүлэг өгөхөөр хуулийн өмнө очихоос гадна шударга үнэний “туйл” мөн бол ЖДҮ-гийн хэргийн баримтууд, жаран тэрбумын дуулиан, төмөр зам, Сайншандын хэрэг гээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд хүний өөрийн бүхнийг хуулийн өмнө дуудах эрх бий, түүнд.

Бага хурлынхаа “хаалт” болгож, “60 тэрбумын бэлгэ тэмдэг нь М.Энхболд та өөрөө.  ЖДҮ-ийн эсрэг тэмцэнэ гээд байх юм. Гэтэл таны удирдаж байгаа УИХ-д олон гишүүн тэр зээлийг чинь авчихсан байна” гэж шүүмжилсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн  хэлсэн үгийн эсрэг УИХ-ын дарга М.Энхболдын өгсөн тайлбар нь “Би Ц.Нямдоржийг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэнэ. Ярьсан зүйлүүдээ нотлох хэрэгтэй. Нотолгоогүй бол надаас уучлалт гуй” гэх шаардлага. М.Энхболд болоод Ц.Нямдоржийн хувьд ЖДҮ-ийн эсрэг тэмцэж, албан тушаалаа ашигласан хэрэгт 14 гишүүнийг ёс зүйн хороогоор оруулах,  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, УИХ-аас эргүүлэн татах, эсвэл хуулийнханд дуудаж байцаах үүрэг өгөх албан тушаалтан мөн үү гэвэл мөн.  Гэхдээ Ц.Нямдорж сайд М.Энхболд  “гэмт хэрэгтэн” мөн үү,  эсвэл түүнийг гүтгэсэн үү гэдгээ нотлох хэрэгтэй болж байна.

Үе, үе хэвлэлийнхний өмнө баатар болдог, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хэлсэн шударга мэдэгдлүүдийг харахад  насаараа хууль батлалцаж, хууль засч, хуулийн сайд хийсэн хүний хувьд Монголын нийгэмд МАНАН байгаад тэд нь шударга бусын хонгил байгуулсан бол тэр хамгийн буруутайд тооцогдоно. Учир нь, түүнд хууль нь, хуулийг хэрэгжүүлэх хуулийн салбар нь байсан. Тэр хууль батлах, шинэчлэх, хэрэгжүүлэх замаар гэмт хэрэгтнүүдтэй, шударга бустай тэмцэх боломж байсан, байсаар ч байгаа.

Жирийн сэтгүүлч надтай харьцуулах юм бол  дэлхийг биш юм аа гэхнээ Монголд шударга ёс тогтоох тулах цэг түүнд бий гэсэн үг.  Харамсалтай нь, насаараа хуулийн салбарт ажилласан хэрнээ зөвхөн өнөөдөр хуулийн хонгилыг гэнэт олж харсан бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж та, өргөдлөө өг.

Эс бөгөөс Монголын нийгмийг ийм болгосон, Монголд хуулийн  хонгил үүсгэсэн гэм буруутнуудын нэг  нь тэр өөрөө байж мэднэ.  Ингэж хэлэх шалтгаан нь 1992 оноос хойш Төрийн ордонд заларч ирсэн, Ардын намын нэрээр албан тушаал болгонд хадаатай явсан цөөн хүний нэг нь  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж билээ.

Үндсэндээ, М.Энхболдын хийсэн “гэмт үйлдлүүд”-ийг мэдсээр байж, энэ хүртэл дуугүй явж, бүр заримдаа тэнгэрт тултал магтаж ирсний хувьд засч, баталж ирсэн хуулиа хэрэгжүүлээгүй хийгээд бусдын гэмт үйлдлийг санаатайгаар нуун дарагдуулсан хэргээр өөрөө хамсаатан болно гэдгээ  эрх биш энэ олон жил салбарыг нь толгойлж ирсний хувьд мэдэж баймаарсан.

  Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй. Энэ өнцгөөс харвал бүх хүн шударга. Ц.Нямдорж бүр илүү шударга. Шударга учраас л “Эрдэнэтэд хоёр тэрбумын шахаа хийж өгсөн хүүдээ тусалснаа хүлээсэн” Ц.Нямдоржийг зөвтгөж, жаран тэрбумын завдсан боловч эс үйлдэлтэй М.Энхболдыг хулгайч гэх ойлголтын зөрүүгээ  монголчууд өөрчлөөгүй нөхцөлд Монголд гахай бүр илүү эрхтэй, Ц.Нямдорж маш шударга хүн байх тодорхой.  Гэвч, энэ тохиолдолд эх оронч гэх үг үнэ цэнэгүй болсонтой адил шударга гэх үг өөрөө хамгийн бохир сонсогдох юм.

Эцэт нь, хуулийн хонгил үүсч байхад  төдийгөөс өдий хүртэл чив чимээгүй байсан, хуулийн салбарыг тав дахь удаагаа толгойлж яваа Хууль зүй, дотоод хэргийн сайд та гэмт хэрэгтнүүдийн хамсаатан уу, аль эсвэл хэн нэгнийг гүтгэгч үү.  Энэ асуултад хуулийн өмнө тайлбар өгч чадахгүй байгаа бол та ажлаа өг!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж