АТГ: УИХ-ын гурван гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагаа прокурорт хүргүүлсэн

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

АТГ: УИХ-ын гурван гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагаа прокурорт хүргүүлсэн

Авлигатай тэмцэх газраас яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тус газраас энэ онд иргэдийн дунд шударга байдал болоод авлигын индексийн судалгааг явуулахад үнэлэмж буурсан байна. Тухайлбал, авлига их тархсан институтээр нэгдүгээрт, шүүх байгууллага, хоёрт газрын алба, гуравт эрүүл мэндийн байгууллага эрэмбэлэгджээ.

Харин Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, соёл урлагийн газрууд иргэдээс сайн гэсэн үнэлгээ авсан бол Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Баян-Өлгий, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдээс муу дүн авчээ.

Мэдээлэл хийсний дараа АТГ-ын холбогдох албан тушаалтан сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавыг дөрвөн сая ам.долларын хэрэгт холбогдуулан АТГ байцаалт авч эхэлсэн байсан. Энэ хэрэг ямар шатанд явна вэ?

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар: – Д.Дорлигжавын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явж байна. Мэдээлэл түгээсэн хүн нь гадаадад гараад явсан байгаа учраас тайлбар авч чадаагүй байна.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр 1.3 тэрбум төгрөг хураагдсан ч буцааж өгсөн тухай мэдээлэл цацагдах боллоо. Үнэн үү?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой 1.3 тэрбум доллар хураагдсан тухай хэргийг шалгаж байна. Төрийн албан хаагчид их хэмжээний хээл хахуул өгөхийг завдсан гэх хэргийн мөрдөн байцааж, шалгаж байна. Сэжиглэн шалгагдаж байсан хүмүүсийн гэм буруутай эсэхийг тогтоохоор ажиллаж байна.  1.3 сая ам.долларыг буцааж өгсөн тухай мэдээлэл хэвлэлээр бичигдсэн нь ташаа.

-ЖДҮХС-гаас зээл авсан гэх хэрэгт УИХ, Засгийн газрын хэчнээн гишүүнийг шалгаж байна вэ?

-УИХ-ын нэр бүхий гишүүд ирж, гэрчээр мэдүүлэг өгч байгаа. Хамаарал бүхий компаниуд нь зээл авсан учраас нөлөөлсөн эсэх талаар мэдүүлгээ өгөөд явж байгаа. Нэлээд олон гишүүн мэдүүлэг өгсөн. Маш олон аж ахуйн нэгжийг хамарсан байгаа учраас АТГ бүх мөрдөн байцаагчаа дайчлаад дээр нь цагдаагийн байгууллагаас албан хаагч оролцуулаад ажиллаж байна.

-Хөгжлийн банкны асуудал юу болж байгаа вэ? Уг хэрэг ямар шатанд яваа юм бол?

-Хөгжлийн банктай холбоотой 20 орчим дугаар бүхий хэрэг шалгагдсан. Эдгээр хэргүүд прокурорт шилжиж, шүүхийн шатанд хянагдаж байгаа.

-БОАЖ-ын яамны газрын дарга Г.Нямдаваа тэргүүтэй хүмүүсийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна?

-Г.Нямдаваа гэх хүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байна. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгийг хэрхэн зарцуулсныг шалгаж байна. Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад шалгаж байна.

-Стандарт банктай холбоотой хэрэг ямар шатанд явж байна вэ?

-Стандарт банктай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дууссан. Уг хэргийг прокурорын байгууллагад шилжүүлнэ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий гишүүдтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд мэдүүлэг, байцаалт авах ажлууд хийгдэж байна.

-Хотын дарга асан С.Батболдыг шалгана гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболдтой холбоотой асуудалд шалгагдаж байгаа. Эцсийн шийдвэрлэлтийн талаар хэлэх боломжгүй.

-Цэвэр агаар сангаас утааг бууруулах нэрийдлээр мөнгө идэж, угаасан хүмүүстэй холбоотой хэрэг ямар шатандаа явж байна. Нэмж хүн яллагдагчаар татсан уу?

-Цэвэр агаар сан, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хэрэгт одоогийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хүмүүсийн тоог тодорхой хэлэх боломжгүй. Энэ хэрэгт Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхлээд явж буй тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй.

-Уг хэрэгт хэчнээн төгрөгийн асуудал яригдаж байгаа юм бол?

-Сангийн хөрөнгүүд улсын төсөвт сууж, төсөвлөгдсөн хөрөнгө байгаа. Тухайн сангийн хөрөнгөөс хэчнээн нь зүй бусаар зарцуулагдсаныг мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоосны эцэст хэлэх боломжтой.

-АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах шаардлагатай гэсэн хүсэлтээ Нийслэлийн прокурорт гаргасан гэсэн үү?

-Манайхаас гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээ гаргасан. Прокурорын байгууллага хэрхэн шийдвэрлэж буй талаар одоогоор мэдээлэл байхгүй.

-Дээрх гишүүдийн нэрсийг дурдаж болох уу?

-Гишүүдийн нэрсийг прокурорын байгууллагаас хийсэн мэдээлэлд нийтэд зарласан учраас дахин хэлэх шаардлагагүй.

-УИХ-ын гурван гишүүнийг түдгэлдүүлэх үндэслэл нь юу юм бол?

-Хэргийн үйлдэл, аргачлалын талаар би мэдээлэл өгөх үүрэг хүлээхгүй. Хуулиар хориотой.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой 1.3 сая ам долларыг буцааж өгсөн гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Үүнд тайлбар өгөөч?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой бусдад хээл хахууль өгсөн хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан хүмүүсийг гэм буруутай эсэхийг нь тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Цагдан хоригдсон хүмүүст шүүхээс хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

-60 тэрбумын хэрэг шийдвэрлэгдээгүй хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хэрэгт АТГ-ын дарга Х.Энхжаргал оролцсон гэсэн мэдээлэл бий?

-60 тэрбумын хэрэг шалгагдаад явж байгаа. Одоогоор ТЕГ-т ажлын хэсэг гарган шалгаж байна. Энэ хэрэгт байгууллагын удирдлагын зүгээс аливаа мөрдөн байцаалтын хэрэгт хөндлөнгөөс оролцсон зүйл байхгүй. Уг хэрэг байцаан шийтгэх зохих журмынхаа дагуу явагдана.

-Төмөр замын гэгдэх хэрэг хаагдсан гэсэн?

-Төмөр замын гэж нэрлэгдээд буй энэ хэрэгт залилангийн хэрэг, гадаад улсын иргэнтэй холбоотой хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Зарим шаардлагатай гэрчүүд гадаадад байгаа учраас эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй.

-УИХ-ын гишүүн Х.Оюун-Эрдэнээс мэдүүлэг авсан гэдэг хэр бодитой мэдээлэл вэ?

-Мэдүүлэг аваагүй. Намайг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн Х.Оюун-эрдэнэ удаа дараа мэдээлэл хийсэн. Тэгэхдээ намайг сандарч, сандарсныхаа дараа хоёр УИХ-ын гишүүнээр дамжуулан надаас уучлалт гуйсан гэсэн. Би тэгээгүй. Өөрийнх нь хамаарал бүхий этгээд шалгаж байгаа. Шалгаж байгаа нь үнэн учраас би үгүй гэж хэлэхгүй. Нэгдмэл сонирхолтой этгээдийг нь шалгаж байна.

-Хилээр гарч зугтаасан гэх Т.Бадамжунайгаас тайлбар авсан уу?

-Энэ хүн хилээр гарч зугтаагүй. Хэрэгт холбогдуулан шалгаагүй.

Шууд: АТГ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Monday, December 24, 2018

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж