Өнөөдөр Зул сарын баярын өдөр

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Зул сарын баярын өдөр

Өнөөдөр Зул сарын баярын өдөр

Жил бүрийн энэ өдөр дэлхийн Христийн шашинтнууд Зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол Есүс Христийн дахин мэндэлсэн өдөр юм. Анх тавдугаар зууны үеэс тэмдэглэж ирсэн энэхүү баяр нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баярт тооцогддог бөгөөд баярын энэ өдрийг 1582 онд Ромын пап лам Григорий XIII  гаргаж ирснээр Григорийн гэж нэрлэгдсэн цаг тооллоор тэмдэглэх болсон түүхтэй. Өдгөө Зул сарын баярыг дэлхийн 140 гаруй орны хоёр тэрбум гаруй хүн тэмдэглэдэг байна.

Баяр болохоос өмнө айлууд гэр орноо цэвэрлэн, модны мөчрөөр хийсэн гоёмсог чимэглэл хаалгандаа өлгөж, гацуур модоо засан гэрээ чимэглэж, хүүхдүүддээ бэлэг бэлддэг. Зул сарын баяраар үүхдүүд гацуур модонд хүслээ бичин өлгөхөд шөнө нь Санта Клаус ирж хүслийг нь биелүүлдэг гэж итгэдэг. Мөн гацуур модныхоо ойролцоо оймс өлгөдөг. Тиймээс эцэг эхчүүд нь хүүхдүүдийнхээ бичсэн зүйлийг аль болох биелүүлэхийг хичээдэг байна. Баярын гол бэлгэ тэмдэг буюу сүлд модыг анх Герман улсад бий болсон гэж үздэг. Сүлд модны гоёл чимэглэл жилээс жилд өөрчлөгдөн өнгө нэмсээр бидний үед хүрчээ. Ялангуяа XIX зуунд сүлд модны чимэглэлийн ур хийц, хэлбэр хийц эрс өөрчлөгдөж төрөл бүрийн дүрс, загвартай болсон байна. Скандинавын орнууд сүлд модоо мод, даавуун эдлэлээр чимэглэх нь элбэг байдаг бол Европын бусад орон гязалзсан эдээр чимэглэх нь олонтаа. Баярын үеэр хүмүүс бие биетэйгээ “Merry Christmas” буюу Христийн мэндэлсэн өдрийн мэнд хүргэе гэх үгийг хэлж мэндчилдэг. Улаан өнгө бол энэ баярын бэлгэ тэмдэг юм.

Украинд сүлд модыг аалз, аалзны шүлсээр чимэглэх нь бий. Энэ нь нэгэн домогтой холбоотой. Хүүхдүүдийнхээ сүлд модыг чимэглэх гоёлгүй ядуу эх Зул сарын баярын өглөө сэрээд аалзны шүлстэй сүлд мод гэрэлтэж байхыг харжээ. Тиймээс ч Украинчууд аалзны шүлс аз авчирдаг гэдэгт итгэдэг байна.Энэ баярын хамгийн гол утга учир нь Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэх бус гэр бүлээрээ цуглан нэгэн үдшийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх гэж үздэг  ажээ. Мөн тус баяраар хүмүүс сүмд очин мөргөл үйлддэг уламжлалтай. Ихэнх оронд энэ үдшийн гол зоог нь цацагт хяруул байдаг гэнэ.

 

 

ЗУЛ САРЫН БАЯРЫГ ОРОН ОРОНД ӨВӨРМӨЦӨӨР ТЭМДЭГЛЭДЭГ

Герман

Германд энэ баярын өмнөхөн хотуудын төв талбай дээр Зул сарын баярын зах гардаг уламжлалтай. Зах дээр цугларсан хүмүүс янз бүрийн амттан худалдаж авахаас гадна халуун дарс буюу глювайн заавал ууна. Баярын өмнөх өдөр буюу манайхаар битүүний өдөр нь хамгийн чухалд тооцдог. Хайлигеабенд хэмээн нэрлэдэг энэ өдрийн өглөө гацуур модоо чимэглэж орой нь гэр бүлээрээ цугларна. Энэ өдөр заавал сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалтай. Сүмээс ирэхэд нь хүүхдүүдийн бэлгийг гацуур модны доор тавьсан байдаг. Харин баярын ширээнд шарсан галуу эвсэл нугас, уламжлалт аргаар бэлдсэн штолен хэмээх үзэмтэй нарийн боов тавьдаг. Зул сарын баярын эхний өдөр эмээ, өвөө, ээж аавындаа айлчилснаар баяр үргэлжилдэг аж.

Испани

Испаничууд энэ баярыг маш хөгжилтэйгээр тэмдэглэдэг гэнэ. Зул сарын баярын өдөр хотуудын төв талбайд нэлээд хөл хөдөлгөөнтэй байдаг. Үндэснийхээ хувцсаар гоёсон испаничууд сүмийн үүдэнд цугларч гар гараасаа барилцан дуулж бүжиглэдэг аж. Орой нь найз нөхөд, гэр бүл, хамаатан садангуудтайгаа хамт баярын ширээндээ суудаг. Зарим нь дуртай зоогийн газартаа хооллодог гэнэ. Арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд тус улсад “El Cordo” хэмээх сугалааг зохион байгуулдаг. 1818 оноос энэ сугалааг явуулдаг болсон бөгөөд 1996 онд түүнийг нь 30 сая хүн худалдан авсан гэсэн судалгаа байдаг. Испанийн төв нутгийнхан энэ өдөр шарсан тугал эсвэл тоорой, өмнөд нутгийнхан шарсан цацагт хяруулаар ширээгээ чимдэг. Харин хүүхдүүдийн бэлгийг оймс эсвэл гуталд нь хийдэг уламжлалтай.

Итали

Италичууд зул сарыг хамгийн амттай баяр хэмээн нэрлэдэг аж. Гэр бүлээрээ цугларахдаа зөвхөн амттай хоол идэх төдийгүй хамгийн баяртай мөчүүдээ эргэн дурсдаг уламжлалтай. Италийн бараг бүх нутагт баярын ширээнд бөөрөнхий махтай шөл байдаг. Түүнээс гадна гахайн махаар хийсэн хиам, чихэрлэг талх иддэг аж. Италичууд Зул сарын баярын өдөр хуучин хувцсаа цонхоороо гаргаж хаядаг гэнэ. Ингэснээр өнгөрсөн онд болсон муу муухай бүхнийг зайлуулж байгаагийн илэрхийлэл аж. Харин Италийн хойд нутагт зул сарын зах гардаг аж.

АНУ

Америкт олон үндэстэн амьдардаг. Тиймээс их содон тэмдэглэн өнгөрүүлдэг гэж болно. Зарим нь шарсан цацагт хяруул, зарим нь шөл, байцаатай хоол зэргээр ширээгээ чимнэ. Баярын өглөө хүүхдүүдийг сэрэхэд бэлгийг нь гацуур модны дор тавьсан байдаг ньуламжлал болсон гэж болно. Ингэхдээ шөнө унтаж байхад Санта Клаус ирж бэлэг орхиод явсан хэмээн тайлбарладаг. Зул сарын баярын өглөөний цайн дээр заавал рулет идэж кофе ууна.

 

Их Британи

Их Британид ч мөн адил Зул сарын баярыг гэр бүлийн баяр гэнэ. Тиймээс бүгд гэр бүлээрээ цугларч шарсан цацагт хяруул, цэлцэгнүүр идэж бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай. Баярын ширээнд уламжлалт аргаар бэлдсэн нарийн боов заавал тавьсан байх ёстой. Түүн дотроо зоос хийнэ. Зоос таарсан хүн нь тэр жилдээ азтай байна хэмээн ерөөдөг аж.

ЗУЛ САРЫН БАЯРЫН ЭВЛЭРЭЛ

Дэлхийн I дайны үед буюу 1914 оны 12 сарын 24-ны Зул сарын баярын үдэш хоорондоо дайтаж байсан Англи Германы 100 000 орчим цэрэг түр эвлэрч хамтран Зул сарын баярыг тэмдэглэж байжээ. Энэ үйл явдлыг Германаар Weihnachtsfrieden, Англиар Christmas truce гэж нэрлэдэг. Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэн лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулахад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ. Хоорондоо байлдаж байсан цэргүүд нэг нэгэндээ тамхи, хүнс, архи зэргийг бэлэглэж зарим газар цэргүүд хоорондоо хөл бөмбөг хүртэл тоглож байсан хэмээн түүхэнд тэмдэглэжээ . Фронтын завсрын бүсэд тэр орой гал бүрэн зогсож, 30км гаруй фронтын зурваст Зул сарын баярыг цэргүүд хамтарч тэмдэглэсэн юм.

1914 оны залуус хувцасны товч цуглуулдаг нэг нэгэнтэйгээ солилцдог нийтлэг сонирхолтой байжээ. Эвлэрэлийн өдөр хоёр талын цэргүүд нэг нэгэнтэйгээ хувцасныхаа товчыг солилцож, нэгэн үсчин Герман цэрэг Англи цэргийн үсийг засч өгч, фронтын завсрын бүсэд хаягдсан амь үрэгдсэн цэргийн цогцсуудыг талууд хамтарч оршуулж байжээ.

 

 

ЗУЛ САРЫН БАЯРЫН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

*Сүлд модыг анх 1895 онд Америкт цахилгаан гэрлээр чимэглэжээ.
*Зул сарын анхны ил захидлыг хатан хаан Викториягийн үед буюу 1843 онд Их Британид хэвлэсэн аж.
*Цагаан ордны сүлд модыг чимэглэсэн Америкийн анхны Ерөнхийлөгч бол Фрэнклин Пиерс.
*Алдарт “Jingle Bells” дууг 1857 онд Жеймс Лорд Пиерпонд Талархлын баярт зориулан зохиожээ. Харин хэдхэн жилийн дотор Зул сар, шинэ жилийн баярын дуу болон дэлхий дахинд түгсэн байна.
*Барууны ертөнцөд алдартай “Зул сарын 12 өдөр” дуунд уг баяраар 364 бэлэг хүлээж авах тухай өгүүлдэг.
*Зул сарын баярын үеэр дэлхий дахинд хамгийн олон тоглогддог бүжгэн жүжиг бол “Цөмөөхэй”.
*”Кока Кола” Санта Клаусыг бүтээгдэхүүнийхээ сурталчилгаанд ашигласан анхны компани юм.
*Дэлхий дахинд алмааз эрдэнэ хамгийн гүйлгээтэй байдаг үе бол Зул сар болон шинэ жилийн баяр.
*Оны сүүлийн өдөр улаан өнгөтэй дотуур өмд өмсвөл шинэ онд хайр дурлалтайгаа учирна гэдэгт Мексикчүүд итгэдэг.
*Харин Нидерландчууд Зул сарын баярын өдөр дугариг хэлбэртэй жигнэмэг идвэл ирэх ондоо амжилт дүүрэн байна гэдэгт итгэдэг. Учир нь эхлэл төгсгөлгүй, голдоо нүхтэй цагирган жигнэмэг төгс бүхнийг бэлгэддэг байна.
*Лондон хотын Цаг уурын төвийн тооцоолсноор Англи улс XX зуунд ердөө долоон цагаан Зул сар тэмдэглэжээ. Өнгөрөгч зууны турш тус улс Зул сарын баярын үеэр долоон удаа л битүү цасанд хучигдсан гэсэн үг.

*1647 онд Английн парламент Зул сарын баяр тэмдэглэхийг хоригложээ. Төрийн эрхэнд байсан пуристууд Есүс Христийн мэндэлсэн ариун өдөр баярлаж цэнгэхийг булай явдал гэж үзсэн аж. 1660 онд тэднийг төрийн эрхээс буух хүртэл Зул сарын баяр тэмдэглэсэн хүмүүсийг баривчилдаг байжээ.
*Зул сарын баярт зориулсан анхны маркийг анх 1898 онд Канадад үйлдвэрлэжээ.
*Нью-Йорк хотын “Таймс” талбайд уламжлал болон зохиогдох болсон Зул сарын баярын анхын цэнгүүн 1904 онд болсон байна.
*Эртний Персүүд уг баяраар бие биедээ өндөг бэлэглэдэг байсан нь шинэ амьдрал, өнөр өтгөн гэр бүлийг бэлгэддэг байж.
*Харин Филиппинд Зул саырн баярт зориулсан онцгой амттан байхгүй. Филиппинчууд уг баяраар ширээ хоосон байхыг л цээрлэдэг бөгөөд байгаа бүхнээ-рээ гэдсээ гартал хооллодог.
*Мод чимэглэх нь 1000 гаруй жилийн өмнөх Германчуудын заншлаас эхтэй. Харин XVI зууны үеэс Зул сарын баярт зориулан гацуур мод чимэглэх уламжлал тогтжээ.

*Зүүний сүвэгч дээр бүтээсэн мод дэлхийн хамгийн жижиг сүлд мод 0,5 мм өндөр.
*Дэлхийн хамгийн том сүлд мод Бразилийн Рио де Жанейрод бий. 2,8 сая гэрэлтүүлэгч тоглоом бүхий 82 метр өндөр уг мод Гиннесийн номонд 2005 онд бүртгэгдсэн юм.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж