Сүүлийн хоёр жилийн хугацаанд оросууд банкнаас зээл авах нь нэмэгдсэн байна. Дурдсан хугацаанд цалин хөлс нэмэгдээгүй нь ийнхүү зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлж, орос иргэдийн хувьд чамгүй ачаалал болж мэдэхээр болж байгааг РИА Новости агентлагийн судалгаа харууллаа. Уг судалгаагаар хамгийн их зээлтэй бүс нутаг нь Халимаг, хамгийн бага зээлтэй нь Крым байгаа ажээ.
Үүнтэй уялдан банкны зээлийн үйлчилгээний төрөл нэмэгдсэн байна. Тухайлбал, орон сууцны ипотек, автомашины зээлийн хэрэглээ улам нэмэгдэж байгаа ажээ. ОХУ-ын Төв банкны мэдээгээр банкуудын баланс дахь зээлийн хэмжээ 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 14,4 их наяд рубль байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22,1 хувиар өссөн дүн юм. Харин энэ хугацаанд цалин хөлс 10 хувиар нэмэгджээ. Сүүлийн 12 сарын байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа нэг хүнд ногдох зээлийн ачаалал 36 мянган рублиэр нэмэгдэж 199 мянган рубль болсон байна.
Хамгийн бага зээлийн дарамттай газраар Крым /10,8 хувь/ болон Севастополь /11,1 хувь/ байгаа нь эдгээр нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж ороод удаагүй учраас иргэд нь зээлийн дарамтад орох болоогүй, мөн Оросын том банкуудын салбар эдгээр газарт хараахан нээгдээгүй байгаатай холбоотой гэж дүгнэсэн байна. Хамгийн өндөр зээлийн дарамт Халимагаас /83 хувь/ гадна Адыгея /69 хувь/, Тувад /67 хувь/ байгааг судалгаа харууллаа.