Ломбардад сард 3.2 тэрбумын эд зүйл "эргэлддэг" ч татвар төлдөггүй

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Ломбардад сард 3.2 тэрбумын эд зүйл "эргэлддэг" ч татвар төлдөггүй

Байрны булан тохой, олон нийтийн газар гээд хаа сайгүй байршдаг, баярын үеэр хамгийн их орлоготой байдаг газруудын нэг бол ломбард. Тиймээс бид энэ удаад ломбардны талаар сурвалжлага бэлтгэлээ. /Ломбардны эзэд өөрсдийнхөө нэр, хаягийг олон нийтэд мэдээлэхээр татгалзсан болно/

Оюутан олонтой, олны хөлийн газар байрладаг болоод ч тэр үү Багшийн их сургуулийн орчимд үйл ажиллагаа явуулдаг ломбардууд ачаалал ихтэй ажилладаг аж.  Биднийг тус ломбардад ороод 20 минут зогсох хугацаанд 3-4 хүн үйлчлүүлэв. Үйлчлүүлж байгаа хү­мүүсийг хэсэг ажиглан зогсоход, олонх нь л барьцаанд тавь­сан зүйлийнхээ хугацааг сунгуулж байлаа. Мөнгөө төлөөд эд зүйлээ авч байгаа нь тун ховор. Харин хоёр залуу гар утсаа ломбардад тавихаар орж ирэв. Гэхдээ ломбардын эгч "Гар утас авахгүй шүү, хүүхдүүдээ" гэв. Тэд хэсэг хугацаанд хоорондоо "Одоо тэгээд яах вэ, өөр гар утас авдаг ломбард байгаа бил үү" гэж ярилцсанаа гарав.

Дараагийн ломбард үйлчлүүлэгчгүй байв. Ломбардын эзэн "Юу сонирхож байна" гэсээр угтав. Хэсэг ярилцах зуур өөр үйчлүүлэгч орж ирсэн учраас тэндээс гарав. Тус ломбардын эзний хэлснээр сүүлийн үед хүмүүс үнэт эдлэл, бусад эд зүйлсээ ломбардад тавьсан ч түүнийг авахаас илүү хугацааг нь сунгадаг болсон гэнэ. Гар утас авдаг ломбард ховордож, үнэт эдлэл автомашин, үл хөдлөх хөрөнгө барьцаалж өндөр хэмжээний зээл олгодог газрууд нэмэгдсэн гэдгийг хэлж байлаа.  Мөн тэрбээр “Хэдэн зуугаараа л үйлчлүүлж байгаа шүү дээ. Яг нарийн хэлэх бо­ломжгүй. Одоо л орлогын ид  үе шүү дээ” гэв. Мөн хичээлийн шинэ жил эхлэх, цагаан сар, тэмдэглэл баяр ёслолын үеэр барьцаат зээлийн төвийг зорих хүн хамгийн их байдгийг ломбардны ажилтнууд хэлж байсан юм.

Улаанбаатар хотод хаа сайгүй "Ломбард" гэх бичиг байрны өнцөг булан бүрт байдаг. Нэг байшинд гурван ломбард, бүр зэрэгцээ хаалганд хоёр өөр аж ахуйн нэгж барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх нь энүүхэнд. Тэр бүү хэл 1 км хүрэхгүй зайд 42 ломбард үйл ажиллагаагаа явуулж байна.  “Алт, мөн­гө, эртний эдлэл, хөөрөг, авто­машин, гар утас, зургийн аппа­рат, зөөврийн компютер, цахилгаан бараа, утасны дугаар, пүүз, авна” гэсэн хаягтай ломбардууд хаа сайгүй тааралддаг. Эдгээрийн 14 хоногийн хүү 8 хувь байдаг.

ХУЛГАЙЛАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ ЛОМБАРДААР ДАМЖДАГ

Ломбардыг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашигладаг бүлэг этгээдүүд бий болжээ. Тэд хулгайлж дээрэмдсэн зүйлээ ломбардад тавьдаг. Ингэхдээ хулгайлагдсан эд зүйлсийн 90 орчим хувь нь ломбардаар дамждаг гэдгийг албаныхан хэлж байна. Хулгайн эд зүйл үнэлгээг нь 100 хувь  гэж үзэх юм бол  60 хувийн ашгийг ченж  нар,  үлдсэн 40 хувийг хулгайч нар өөрсдөө авдаг аж. Ломбард ажиллуулагсдыг амар хялбар аргаар мөнгө олох нэг арга зам нь яах аргагүй хулгай дээрмийн  эд зүйлсийг аваад, хугацаа нь дуусмагц зах зээлийн үнээр худалдаад ашиг олох гэдэгтэй  олон хүн санал нийлэх биз. Энэ мэтчилэн хэрэгцээ шаардлагатай эсвэл хулгайлсан эд зүйлсээ зарах гэсэн хэнийг ч ялгалгүй угтдаг, үйлчилдэг газар бол ломбард болжээ. 

Тэгвэл ломбардыг зохицуулдаг, тэдэнд хэн хяналт тавьдаг вэ. Улсын бүртгэлд  ломбардын  үйл ажиллагаа явуулна гэсэн  бүртгэлтэй 8200 гаруй иргэн аж ахуй нэгж байгууллага бий. Үүнээс нийслэлд   680,  орон нутагт 200 орчим ломбард үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сонирхолтой  нь,  нийслэлд  үйл ажиллагаа явуулж байгаа 680 ломбардаас 55 орчим  хувь  нь  татвар төлдөггүй аж.  Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр нийслэлд  үйл ажиллагаа явуулж байгаа 680 ломбардад сард 3.2 тэрбум орчим  төгрөгийн эд зүйл  барьцаанд тавигддаг гэх судалгаа хүртэл байна.

"ЛОМБАРДУУД НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМТЭЙ БОЛНО"

Ломбард нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт байгууллагууд хяналт тавьдаг аж. Ломбардуудад тавигдах шинэ стандартыг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч амьдрал дээр энэ нь хэрэгжихгүй байгааг ч мөн онцоллоо. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамираас  дараах асуултад хариулт авлаа.

-Цагдаагийн байгууллагаас ломбардын үйл ажиллагаанд  хэрхэн хяналт тавьж, шалгалт хийж байна вэ?

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын байгууллага болон бусад газрууд өөр өөрсдийн чиглэлээр хяналт тавьж байх үүрэгтэй. Цагдаагийн байгууллагаас ломбардуудад арванхоёрдугаар сарын 1-ээс 20-ны хооронд   шалгалт хийсэн. Яагаад шалгалт хийгээд байна вэ гэхээр гэмт хэргийн замаар олдсон эд зүйл ломбардаар дамжиж байна. Тухайлбал, дээрэмдэж авсан компьютер, гутал, хувцас бусад төрлийн гэмт хэргийн замаар олсон ээмэг, бөгж, хүнээс булааж авсан гар утас зэргийн 90 орчим хувь нь ломбардаар дамжиж, дараагийн хүнд зарагддаг юм билээ.

Тэгвэл шалгалтын явцад ямар зөрчил ихээр илрэв?

 Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн  заавал мөрдөх стандартыг 2017 оны арваннэгдүгээр сард  шинэчилж 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхэлж мөрдөж эхэлсэн. Шинэчилсэн стандартад зааснаар тухайн хүний бараа хугацаанаас хэтэрсэн гэдгийг утсаар ярьж юм уу, мессежээр дуулгах ёстой. Ингэж мэдэгдсэнээс хойш 15 хоног өнгөрөх юм бол ломбард эд зүйлийг нь зарж болно.  Гэхдээ дуудлага худалдаанд оруулсны дараа тухайн эд зүйл нь барьцаанд тавигдсан зүйлээсээ илүү өндөр үнээр зарагдах юм бол ломбард өөрийнхөө нөхөн алдангийг аваад үлдсэн мөнгийг эзэнд нь өгөх ёстой.  Дуудлага худалдаа явуулахдаа нэгдсэн биржээр оруулж худалдаалах ёстой гэсэн стандартууд хэрэгжихгүй байна. Мөн шинэчилсэн стандартад зааснаар   ломбард ажиллуулж байгаа хүмүүс барьцаанд авч байгаа эд зүйлийн онцлох шинж зүйлийнх нь зургийг нь аваад доторх сериал дугаар зэргийг тэмдэглээд компьютер дээрээ мэдээллийн сан үүсгэх ёстой. Мэдээллийн сан үүсгэснээр нийслэлийн ломбардуудад  ямар бараа тавигдсан талаар  цагдаагийн байгууллага мэдэх боломжтой. Тухайлбал, чи утсаа алдчихлаа  гэхэд чиний  утасны сериал дугаараар  ломбардын мэдээллийн  сангаас хайлт хийхэд гараад ирж болно шүү дээ.  Ингэж  л технологийн дэвшлийг ашиглаад хулгайн эд зүйлийг  худалдан авч болзошгүй эрсдэл үүсэхээс нь хамгаалахыг хичээж байна. Ломбардын эзэд хулгайн эд зүйлийг гаднаас нь хараад  угаасаа мэдэхгүй. Гэхдээ мэдээллийн сангаасаа  хайлт хийхэд алдагдсан гэдэг мэдээлэл гараад ирвэл хулгайн эд зүйл байна гээд авахгүй байх боломж бий. Гэхдээ эдгээр  заалтууд  хэрэгжихгүй байгаа нь эцсийн дүндээ иргэд хохирч байна. Ломбард ажиллуулдаг хүмүүс мэдлэггүй, зарим нь стандарт, дүрэм журмыг мэддэг мөртлөө хэрэгжүүлэх сонирхолгүй байдаг.

-Мэдээллийн сан үүсгэх нь их үр дүнтэй санагдаж байна.  Гэхдээ бодит байдал дээр ломбардууд хэрэгжүүлж байна уу?

-Стандартад нь мэдээллийн сантай болох ёстой гээд тусгайлан заасан байгаа. Шинэ  стандарт хэрэгжиж эхэлснээс хойш арваннэгдүгээр  сарын дараа шалгахад бас л хангалтгүй үзүүлэлттэй байна. Шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд 300 гаруй ломбардууд мэдээллийн санг үүсгэн өөрсдийнхөө хэмжээнд бэлтгэл ажлаа хийсэн байсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд Хууль зүйн яам, Үндэсний дата төвтэй хамтраад интернетэд суурилсан  үнэгүй программ буюу мэдээллийн санг ломбардуудын компьютерт суулгаж эхэлнэ. Энэ нь  эргээд ломбард ажиллуулж байгаа хүндээ ч ашигтай. Сард хэчнээн төгрөгийн эд зүйл олсон, орлого зарлагын тооцоо буюу бизнес эрхлэгчдийн  хар дэвтэр шиг мэдээллийн сан үүснэ гэсэн үг.

-Тэгвэл стандартын шаардлага хангахгүй байгаа ломбардуудыг хаах боломжгүй  хэрэг үү?

Өнөөдрийн байдлаар ломбардуудад дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга гэрээ байгуулаад  шууд зөвшөөрөл өгчхөж байгаа юм. Цагдаагийн байгууллагаас стандартын шаардлага хангахгүй байгаа ломбардуудын гэрээг цуцалъя гэдэг саналаа дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийн даргад  өгдөг.  Цагдаагийн байгууллагаас  ирсэн саналын дагуу гэрээг цуцалдаг ч нөгөө ломбард өөр хүний нэр дээр дахиад гэрээ байгуулчихдаг. Тусгай зөвшөөрөл шиг нарийн  шаардлагууд тавьдаггүй учраас  энэ ерөөсөө асуудал биш. Хаалгахаар эргээд нээчихдэг ямар ч үр дүн гарахгүй байна.

Хамгийн гол нь  ломбард стандартын дагуу үйл ажиллагаа явуулбал иргэдэд хэрэгтэй. Ломбардууд хариуцлагатай байх, стандартын дагуу соёлтой орчин бүрдүүлэх, гэмт хэргээс татгалзуулах ухамсартай хүмүүсийг ажиллуулах гурван шаардлагыг  хэрэгжүүлэх юм бол цаашдаа  үйл ажиллагаа  нь сайжирна. Энэ нь хулгайн эд зүйлийг худалдах авах бизнесийг өргөжүүлэхгүй байх, тэнд эргэлдэж байгаа мөнгөн дүнг хянах зэрэг олон боломж бий болж байгааг албаныхан онцолж байлаа.

2018 оны нэгдүгээр сарын 1-нээс ломбардууд шинэчлэгдсэн стандартын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Тодруулбал,

  • Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй байх
  • Хотын хөдөлгөөн ихтэй бүсэд ломбардын үйлчилгээ явуулахыг хориглох
  • Компанийн оноосон нэрийг бичсэн гадна хаягтай байх,
  • Орон нутгийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй байх,
  • 20 м.кв-аас доошгүй талбайтай байх, байгалийн гэрэлтүүлэгтэй байх /хуучин стандартад 8 м2 талбайтай байхыг зөвшөөрч байсан аж/
  • Барьцааны цахим сан хөтлөх
  • Эд зүйлс, бичиг баримт, үнэт эдлэл хадгалахад зориулсан тусгай өрөө, сейфтэй байна
  • Татварын нэгдсэн санд холбогдсон, кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх зэргийг заажээ.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж