Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн маргаан цэгцлэх дөхсөн үйл явдал өнгөрөгч долоо хоногт болсон. Тодруулбал, холбооны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар уулзаж, бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулан хамтран ажиллахаар болсон юм. Энэхүү уулзалтын гол үр дүнд хавраас хойш хаалттай байгаа Бөхийн өргөөг нээж, бөхийн барилдаанаа хийх байлаа.
Дархан аварга Х.Баянмөнх Бөхийн өргөөг нээхэд боломжтой бүхнийг хийж, саадтай байгаа ажлуудыг цэгцлэх талаар ам өгөөд гарсан. Гэвч өнөөдөр Бөхийн өргөө нээгдэж, бөхөө, үзэгчээ авахад бэлэн болоогүй байгаа ажээ. Ирэх Бямба гаригт болох чансаа өндөр 128 бөхийн барилдаан "Буянт-Ухаа" спортын ордонд болох нь хэвээр аж. Уг барилдааны тов эрт гарч билетээ зараад эхэлжээ. Мөн барилдах бөхчүүдийн бүртгэлээ энэ сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар авахаар болсон байна. Иймээс иргэд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанаа Бөхийн өргөөнд биш "Буянт-Ухаа"-д үзэх нээ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болох болов уу гэсэн бөхийн хорхойтнуудын найдвар талаар болж, ирэх Бямба гаригт /2018.12.29/ “Буянт-Ухаа” спортын ордонд болох нь хэвээр юм байна.
Хэдийгээр хүлээсэн хоног хугацааг тоолбол багагүй хугацаа мэт харагдавч хүндэлж дээдэлдэг бөхийн удамтай монголчуудын хувьд хүлээснээс хэтэрсэн маргаан гэлтэй. Нэг хэсгийнх нь гомдол тайлагдаагүй байхад дараагийнх нь гомдол гарч ирж холбооны ажил улам л удааширч байна даа гэж санаа алдан хэлэх нэгэн байна. Яасан учраа олж болдоггүй бөхчүүд вэ гэж улс орноороо нэг ярина. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хүртэл сануулга аваад ч нааштай асуудал гарах нь тун ховор. Гэхдээ өнгөрөгч долоо хоногийн үйл явдлаас харахад бөхчүүд хоорондоо зөвшилцөж, "Бөхийн өргөө" хаалгаа нээхэд дөхөөд байх шиг …
Өнгөрөгч аравдугаар сард намрын барилдааныг Спортын төв ордонд зохион байгуулсан. Үүнээс хойш “Алдар” спорт хороо, “АСА” цирк, “Буянт-Ухаа” ордонд бөхийн барилдаанууд ээлжлэн болсоор байна. Гэвч Бөхийн өргөөндөө бөхчүүд нь барилдаад сурсан байна, бөхийн хорхойтнууд бөхөө үзээд заншжээ.
Энэ хооронд бөхчүүд солонгосын үндэсний шырим бөхөөр барилдаж, аваргатай болсон бол Шилийн гол аймагт болдог уламжлалт барилдаанд олноороо оролцоод ирсэн. Улс дамнан барилдаж яваа бөхчүүдийг буруутгах аргагүй. Харин учраа олохгүй яваа холбооны асуудал хэзээ цэгцэнд орох вэ. Энэ асуултад Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ аваргуудын уулзалт бага ч гэсэн нааштай байлаа. Гэхдээ Бөхийн өргөө нээгдэж, бөхчүүд эвлэрэхэд хугацаа алдахгүй байгаасай.