“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид хямралыг ажралгүй давав

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчид хямралыг ажралгүй давав

Манай улсын төсвийн ор­логын ихэнх хувийг нуруундаа үүрдэг газар “Эрдэнэт үйлдвэр” гэдгийг хэн хүнгүй мэдэх билээ. Тухайлбал, 2006 онд улсын төсөвт 172, дараа жил нь 319 тэр­бум төгрөгийн орлого оруулж байв. Хямрал тохиолдохоос өмнөх хэдэн жилийн хугацаанд төр засаг мөнгөөр туйлсан гэхэд болно. Халамж  хавтгайрч, улсын төсвийн сан хөмрөг анх удаа их наядаар хэмжигдэж байлаа. Энэ бүхнийг нөгөө л “Эрдэнэт үйлд­вэр”-ийнхэн хүч хөдөлмөрөөрөө цогцлоосон юм. Тэгэхээр тус үйлдвэрийн үр шимийг хүртээгүй хүн монголд үгүй биз. Одоогоос зургаан жилийн өмнө “Эрдэнэт” хязгаарлагдмал хувьцаат ком­пани болсноор татварын бүх хөнгөлөлт үгүй болсон. Монгол, Оросын хамтарсан энэ ком­панийн нийт орлогын 70 хувийг татварт авдаг.  Хэрэв тус компани ийм хэмжээний татвар өгдөггүй байсан бол найман сарынхаа орлогоор зэс боловсруулах үйлдвэр барих боломжтой гэл­цэж байсан. 

Татварын энэ ачаа­лал нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн­хэний хувьд хүндрэлтэй байдаг ч улсын төсөвт оруулж буй мөнгийг нь бодохоор монголын талын удирдлагууд битүүхэндээ баяртай явдаг нь илэрхий байдаг.

Дэлхийн санхүү, эдийн зас­гийн хямрал манай улсыг тойроогүй. Ялангуяа, зэсийн үнэ унасан нь “Эрдэнэт үйлдвэр”-т хүнд сорилт авчирсан. Энэ нь Монгол Улсын эдийн засагтай шууд холбогдож байгаа. Хэдий­гээр хямрал тохиосон ч тус үйлдвэр ажилчдаа цөөлж, цалинг нь бууруулаагүй. Харин бусад зардлыг бууруулах, ашиг бага­тай бараа материалын тоог цөөрүүлэх зэргээр даван туул­сан. Энэ бүхний дүнд 32 тэрбум төгрөгийн зардлыг бууруулжээ. “Эрдэнэт үйлдвэр” 6000 гаруй ажилтантай. Тэдгээрийн дундаж цалин 900 орчим мянган төгрөг. Ийм хэмжээний цалин авдаг хүн монголд ховор. Тэгэхээр хям­ралыг мэдрэлгүй давсан хүмүүсийн тоонд “Эрдэнэт үйлд­вэр”-ийн ажилчид багтжээ.  Одоо “Эрдэнэт үйлдвэр” хямралаас гарсан. Мэдээж үүнд зэсийн үнийн өсөлт нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хямралын үеийн зөв зохион байгуулалт, ухаалаг шийдвэрүүдийн хувь нэмэр байгаа нь дамжиггүй. Эрдэнэтийн овоог дахин 30 жил ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, дахин ийм хугацаанд монголчуудын тэтгэсээр байх нь. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж