"Талийгаачийн хэрэгт Ж.Бат-Эрдэнийг шалгах ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

"Талийгаачийн хэрэгт Ж.Бат-Эрдэнийг шалгах ёстой"

"Талийгаачийн хэрэгт Ж.Бат-Эрдэнийг шалгах ёстой"

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


– УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Шударга үнэний туйл болсон Т.Аюурсайхан хууль бусаар алт ухдаг” гэж чуулганы хуралдаан дээр мэдэгдсэн. Танд алт олборлох лиценз байдаг юм уу, эсвэл ямар нэг эндүүрэл гарав уу?

-УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ намайг Булган аймагт хууль бусаар алт ухдаг, миний дүү нарыг хууль бусаар алт ухдаг гэж Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн.

Эрүүгийн хуульд хууль бусаар ашигт малтмал олборлох нь гэмт хэрэгт тооцогддог. Миний хувьд болон миний хамаарал бүхий аливаа этгээд Булган аймагт байтугай Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч аль ч төрлийн ашигт малтмалын лиценз эзэмшдэггүй, алт олборлодоггүй.

Гүтгэлэгт мэдэгдлээ Ж.Бат-Эрдэнэ өөрөө “Өмнө нь намайг өөрт нь хүсэлт тавьж байсан учраас хэлсэн” гэж тайлбарласан. Миний нэр дээр зөвхөн сонгогдсон тойрог гэлтгүй, бусад тойргийн иргэд ч хандаж, хүсэлт, санал, гомдол ирүүлдэг. Тэр бүрт нь холбогдох хүмүүст нь уламжилж, хариуг өгдөг.

Надад хандаж тавьсан тэр санал гомдол нь Булган аймагтай холбоотой иргэнээс 2016 оны зун эсвэл намар ирсэн санагдаж байна. Тэр нь орон нутгийн нэр бүхий удирдах албан хаагчийн зүгээс болон цагдаагийн нэр бүхий удирдах албан хаагчийн зүгээс хууль бусаар дарамт, шахалт үзүүлж байна, та энийг анхаарч өгөөч гэсэн байсан юм. Тухайн санал гомдлыг нь тойргийнх нь гишүүн Ж.Бат-Эрдэнэд уламжилсан. Мөн гомдол ирүүлсэн иргэнд “Тойргийн гишүүн Ж.Бат-Эрдэнэд хүсэлтийг тань уламжилсан байгаа. Хариугаа түүнээс аваарай” гээд л өнгөрч байсан.

-Энэ хүсэлт ямар замаар ирсэн хүсэлт вэ. Таныг Булган аймагт ажиллах үеэр иргэнээр дайлгасан хүсэлт үү, эсвэл захидлаар ирсэн хүсэлт үү. Аль эсвэл өөрөө Төрийн ордонд ирж тантай уулзсан юм уу. Ийм хүсэлт ирж байсан гэдгийг нотлох баримт байна уу?

-Нийгмийн сүлжээгээр мессежээр хандаж хэлсэн. Зарим зүйлийг утсаар ярьж тодруулж байсан санагдаж байна. УИХ-ын гишүүдэд төрөл бүрийн санал, хүсэлт, гомдол ирж, түүнийг бид тойргийнх нь гишүүдэд ихэвчлэн уламжилдаг. Түүнээс үүдсэн асуудлыг бид бие биетэйгээ шууд хамаатуулж гүтгэнэ гэдэг их л арчаагаа алдсаны шинж. Надад хотоос гэлтгүй орон нутгаас хүмүүс маш их ханддаг. Таныг шударга, зоримог болохоор хандаж байна гэдэг. Та л тусалчих болов уу гээд ханддаг. Тойргийнхоо гишүүн, эсвэл холбогдох сайдад нь хандаарай гэж хэлэхээр гомддог. Хандаад хариу өгөхгүй байна, танд л итгэсэн юм гэдэг. Иргэдээс тавьдаг хүсэлт, санал олон янз байдаг. Гадаадын ажиллах хүчний квотод хамрагдах хүсэлтэй, эсвэл  гадаадад хүүхдээ эмчилгээнд авч явахын тулд визэнд ороход дэмжлэг үзүүлээч. Хууль бус газар олголт, хууль бус уул уурхайн үйл ажиллагаа, төрийн удирдах албан хаагчийн хүнд суртал зэрэг олон хүсэлт, гомдол ирдэг. Тэдгээрийг холбогдох УИХ, Засгийн газрын гишүүнд уламжилдаг ч гэсэн хэн нь ч Ж.Бат-Эрдэнэ шиг арчаагүй авир гаргаж байсангүй.

-Гэхдээ Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Т.Аюурсайхан гишүүн надад хандаад “Манай нэг дүү байгаа юм. Алтны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Зөвшөөрөл нь бүтэхгүй байгаа тул сумын Засаг даргатай нь уулзаад дэмжлэг үзүүлж өгөөч” гэж хүссэн тухай хэвлэлд ярьсан байсан?

-Надад тийм дүү байдаггүй учраас тэгж хэлэх үндэслэл байхгүй. Алт олборлолтын талаар мэдээлэлтэй хүмүүсээс намайг хэн нэгний нэр дээр алт ухдаг мэдээлэл байна уу гээд асуугаад үз л дээ. Байхгүй шүү дээ. Санал гомдолтой иргэнийг тойргийнх нь гишүүнтэй холбож өгсөн төдий л асуудал шүү дээ. Ж.Бат-Эрдэнэ надад хариу хэлэхдээ өөрийн чинь болон Н.Энхболд гишүүний нэрийг барьж байгаа хүмүүс байна шүү гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Хэрвээ нэр ус барьж байгаа, буруу үйл ажиллагаа хийж байгаа хүмүүс байх юм бол таслан зогсоогоорой, хатуу арга хэмжээ аваарай” гэж л хэлж байсан. Харин надад хандсан иргэнийг нэлээн хатуу загнаж, зэмлээд өнгөрсөн. Тэр үедээ Ж.Бат-Эрдэнэд итгэсэн, харин одоо тэр нөхөр албан тушаалтны бурууг хаацайлж, иргэнийг гүтгэсэн ч байж болзошгүй юм байна гэж бодогдож байна.

Ер нь алт ухдаг хүмүүсийн мэдээлэл тийм чухал байгаа бол асуудлыг өөр хүмүүсээс хайх нь зүйтэй. Эсвэл заавал намайг харлуулах гээд улайраад байгаа юм уу. Булганы иргэдээс Ж.Бат-Эрдэнэ бусдын нэр дээр алт ухдаг мэдээлэл нэр устайгаа ирж л байна.

-Гэхдээ Ж.Бат-Эрдэнэ гишүүн тухайн үедээ “Нэрийг тань барьж байна” гэж хэлсэн юм бол одоо яах гэж “Миний дүү байгаа юм, туслаарай” гэсэн гэж зөрүүтэй тайлбар хийнэ гэж?

-Энэ гүтгэлэгт мэдээллийг Ж.Бат-Эрдэнэ яагаад хэлсэн бэ гэхээр Зам тээврийн хөгжлийн яаманд сайдаар ажиллаж байх үед нь хүний амь хохирсон ноцтой хэрэг болсон, энэ хэрэгт холбогдуулж Ж.Бат-Эрдэнийг шалгах ёстой гэж би хэлсэн юм. Тэр үгийг хэлж байхад л Ж.Бат-Эрдэнэ чуулганы танхимд хашгичиж, миний үгийг тасалдуулсан. Төрийн албан хаагчийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулж, Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл маш ноцтой зүйл хэлсэн. Энэ хэргийн талаар талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэр мэдээлэл хийсэн. Алуурчин Б.Махбалд хэт хөнгөн ял оноох гэж байна гэж мэдэгдсэн. Хүний аминд халдаж байхад таслан зогсоогоогүй, хараад зогсч байсан хүмүүст ямар ч шийтгэл оноохгүй байна гэсэн.  Нөгөө талаас талийгаач Т.Гомбосүрэнгийн албан тушаалыг нь авах гэсэн үйл явц эцэс сүүлд нь амь насанд нь хүрсэн байж болзошгүй. Хяналт шалгалтын чиг үүргийг яамандаа хариуцаж байсны хувьд хийж байсан ажилтай нь холбогдуулж, амь насанд хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй. Нэг бол хийж байсан ажил нь удирдлагуудад нь таалагдахгүй, ажлыг нь авах гэсэн явдал байсан байж болзошгүй.

Яагаад гэвэл Т.Гомбосүрэнгийн ажлыг өөр хүнд авч өгөхийн тулд Авлигатай тэмцэх газар руу Зам тээврийн хөгжлийн яамнаас бичиг илгээсэн байдаг. Ажлыг нь авах гэсэн процесс түүгээр нотлогдоно. Хүний амь насыг хөнөөсөн Б.Махбал Ж.Бат-Эрдэнийн дотны найз гэдгийг олон хүн гэрчилдэг.

Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсоныхоо дараа энэ хүнийг яамныхаа Захиргаа удирдлагын газрын даргаар томилсон байдаг.  Дотны найз, ойрынхоо хүнээр яамныхаа бүх л үйл ажиллагааг гардан хийлгүүлдэг байсан нь ойлгомжтой. Ажлыг нь авахын тулд дарамт шахалт үзүүлж байсан талаар ч хэвлэлүүдэд зарим хүмүүс ярилцлага өгсөн. Гэр бүл, найз нөхдийнх нь зүгээс бас ийм мэдээлэл хийсэн байдаг. УИХ ын гишүүд ч мөн чуулганы танхимд хэлж л байсан. Аллага болдог өдөр архидалт сайд асан Ж.Бат-Эрдэнийн өрөөнөөс эхэлсэн байдаг, тэнд Булган аймгийн прокуророор ажиллаж байсан хүн ирсэн байдаг. Ж.Бат-Эрдэнэ талийгаач Т.Гомбосүрэнг тэр орой өрөөндөө дуудсан байдаг. Дуудахдаа бас ажлаа өгөхөд чиглэсэн дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй. Үүний дараагаар тэр орой нь харамсалтай хэрэг болсон. Тийм учраас энэ хэрэгт холбогдуулж сайд асан Ж.Бат-Эрдэнийг шалгах ёстой гэж үзэж, энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Ж.Бат-Эрдэнэ ёс зүй, ёс суртахуунтайдаа биш, хуулийн хариуцлагаас зайлсхийж сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн гэж би боддог. Яагаад гэвэл Ж.Бат-Эрдэнэ ёс зүйтэй хүн биш шүү дээ.

-Гэхдээ УИХ-ын гишүүдийг үнэн зөв мэдээлэл хийдэг л гэж ойлгодог шүү дээ?

-Худал ярьсан гишүүд байж л байдаг. Зарим нь эндүүрч гээд залруулж байгаа нь харагддаг. УИХ -ын тухай хуульд УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдуулж бусдыг гүтгэн доромжлохоос бусад тохиолдолд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Ж.Бат-Эрдэнийн хувьд хууль бусаар Т.Аюурсайхан алт ухдаг, дүү нар нь хууль бусаар алт ухдаг гэж хэлсэн нь намайг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалт дээр хууль бусаар ашигт малтмал олборлох нь гэмт хэрэгт тооцогддог юм.

Хүний өөдөөс хараад хэлчихгүй байхгүй хооронд хэлсэн. Үнэхээр Т.Аюурсайхан, түүний хамаарал бүхий хүмүүс хууль бусаар алт ухаж байгаа юм бол таслан зогсоох ажиллагаа яагаад явуулаагүй юм. Гэмт хэргийг нуун дарагдуулах нь өөрөө гэмт хэрэг. Яагаад 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл нуун дарагдуулаад байсан юм.

-Эзгүйчилж гүтгэлэгт мэдээлэл хийсэн гэж хэллээ. Таныг чуулганы хуралдаандаа ирээгүй хойгуур хийсэн болж таарч байна уу?

-Тэр өдөр УИХ- ын дарга М.Энхболдыг огцруулах ажиллагааг чуулганы танхимд гурван гишүүний хамтаар хийгээд индэр дээр зогсож байгаад гарсны дараа хэлсэн байна лээ. Цэвэр улс төрийн зорилгоор миний хийсэн мэдээлэлд өсөрхөж, мөн М.Энхболдод тал засч хийсэн гүтгэлэг. Энэ асуудлаар би хангалттай тайлбарласан. Одоо ингээд болох уу.

Г.ХОРОЛ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж