“Брент” маркийн нефтийн үнэ баррель нь 53 ам.доллар хүрч буурсан нь 2017 оны есдүгээр сараас хойш анх удаа доод түвшинд хүрсэн үзүүлэлт болж, эдийн засагчид уналт өндөр байгааг анхааруулж буй юм. Өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн Түүхий эдийн биржид “брент” маркийн газрын тосны фьючерс ханш 11 хувиар унасан нь сүүлийн гурван жилийн хамгийн өндөр хурдтай уналт болсон билээ. Ойрын хугацаанд нефтийн зах зээл шинэ цохилтод орох уу, хар алтны үнэд ямар өөрчлөлт орох вэ гэдэг дэлхийн анхаарлын төвд байна.
ОПЕК-ийн орнууд арванхоёрдугаар сарын 7-нд хагас жилийн хугацаанд өдөрт нефть олборлох нийт хэмжээг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн 1.2 сая торхоор танах тохиролцоонд хүрсэн билээ. Түүнээс 800 мянган торх нь ОПЕК-ийн гишүүн орнуудад ногдож буй бол тус байгууллагын гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг 400 мянган торхоор бууруулах шаардлагатай тулгарчээ. ОХУ өдөрт олборлох хэмжээгээ бууруулж, 228 мянган баррель нефть олборлохоор зөвшөөрсөн байна.
Шинжээчид ОПЕК-ийн шийдвэрийг хоёрдмол утгатай гэж үзжээ. “Блүүмберг” агентлагийн мэдээлснээр, ОПЕК-ийн ерөнхийлөгч, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Эрчим хүчний сайд Сухейль аль-Мазруи “ОПЕК+ буюу Нефть экспортлогч улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус 11 орон нефтийн олборлолтын хэмжээг дахин бууруулах тухай арванхоёрдугаар сард гаргасан шийдвэрээ нарийвчлан судалсан. Гэхдээ шийдвэр хэрэгжихгүй бол өнгөрсөн удаагийнхтай адил ОПЕК-ийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах хувилбар бидэнд үргэлж бий” гэж мэдэгджээ. Мөн тэрээр "Хэрэв гэрээг дахин зургаан сараар сунгах шаардлага тулгарвал бид үүнийг хийх болно. Хэрэв илүү их хэмжээгээр бууруулах шаардлагатай бол бид хэлэлцэж, олон хүчин зүйлийг харгалзан үзэж, оновчтой шийдвэр гаргана” гэж нэмж хэлсэн байна.
Сухейль аль-Мазруи зарим орон олборлолтын хэмжээгээ бууруулах хандлагатай байгаа учраас ОПЕК гэрээний нөхцөлийг давуулан биелүүлэх боломжтойг онцлон дурджээ. Түүний хэлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын нефтийн арилжааны нөөц сүүлийн таван жилийн дунджаас 37 сая торхоор илүү байгаа боловч шинэ оны эхний улиралд зах зээлийг тэнцвэржүүлэх ёстой.
Хэдийгээр “ОПЕК+”-ийн дээрх шийдвэр гарсан ч нефтийн үнийг тогтворжуулахад хараахан нөлөөлж чадахгүй байна гэж шинжээчид дүгнэж буй юм. Саудын Араб өмнөх тохиролцоогоор ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өдрийн гарцаа 10.3 сая баррель болгон бууруулах төлөвлөгөө гаргасан бол шинээр хийсэн мэдэгдэлдээ энэ тоог 10.2 сая болгон бууруулах боломжтой гэжээ.
Ирак, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират зэрэг OПЕК-ийн бусад гишүүд ч мөн гол экспортлогчийнхоо энэхүү байр суурийг дэмжиж, хамтрахад бэлэн гэдгээ мэдэгдэв. Энэ сарын 7-нд гарсан гарсан гарц танах шийдвэр нь газрын тосны ханшийн уналтыг зогсоож, тогтворжуулах зорилготой ч түүнээс хойш зах зээлд ханш хэлбэлзсэн хэвээр байгаа юм.
Эх сурвалж: Yandex