Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

76:1

Төвийг сахигч

Төвийг сахигч

“News” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг  онцолж байна.


МАН парламентад залуу боловсон хүчнээр бүл нэмсэн нь УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн. Шинээр  сонгогдсон гишүүдээс залуу, бас ч үгүй гадаад харилцааны чиглэлд  овоо туршлага хуримтлуулсан гэж  түүнийг тодорхойлж болно.  Архангай аймгийн уугуул тэрбээр 2003 онд АНУ, American university сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.  Сургуулиа төгсч ирсэн даруйдаа  Ашигт малтмал газрын тосны газрын  мэргэжилтнээр орж энэ үеэс төрийн албан хаагч болох замналаа эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш улс төр, төрийн албанд ажил амьдралын гараагаа үргэлжлүүлж, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан үеийн залуучуудынхаа хувьд төрийн албаны туршлагатай.

Хэдийгээр улс төрийн "өв залгамжлагчдын нэг" гэж  намын залуус нь тодорхойлдог ч  мэргэжил боловсролын хувьд намынхаа залуус дунд дөнгүүрт тооцогддог. Бусад залуустай харьцуулахад биеэ авч явах байдал болоод харилцааны хувьд хүмүүс түүнд ам сайтай байдаг.

2016 оны УИХ-ын сонгуульд Г.Тэмүүлэн Архангай аймгаас сонгогдон,  парламентад орж ирсэн.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн залуучуудын хөгжлийн бодлого, мал аж ахуй, малчдын хөгжлийн асуудлыг түлхүү хөндөж, хууль тогтоомж санаачлан ажиллаж буй.  Хааяа цаг үеэ дагаад чуулганы хуралдаануудад жинтэй үг хэлчихдэг тэрбээр  “чимээгүй” амбицтай нэгэн. Өөрөөр хэлбэл, Г.Тэмүүлэн гишүүн  МАН-ынхаа бусад залуу гишүүдийг бодвол хэлэх гэснээ хэлчихдэг ч тэр нь тун цөөхөн.  Нам  доторх хагарлын галыг өрдөөд, өчигдөрхөн дарга гэж долоох шахаж явсан хэн нэгнийг газар доор ортол нь дэвслэх чанар лав түүнд байдаггүй. Бусдыгаа бодвол хэзээ хаана үгээи хэлэхээ мэднэ.   Элдэв хэл ам, хов живээс үргэлжид эмээдэг тэрбээр олноос онцгойрох дургүй. Мэдээж, эцэг эхийн нь асуудлыг түүнтэй холбох нь бий. Гэвч, эцгийн хэрэг хүүд хамаагүй гэсэн үгтэй. Ямар ч байсан зарим УИХ-ын залуу гишүүд шиг улааныг харж урваж, шарыг харж шарвадаггүй, төвийг сахьсан зан нь түүнд нэмэх оноо авчирдаг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
  • 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ГАДААД ХЭЛ

  • Англи
  • Орос

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж