Макрон: Холбоотнууд нэгнээ орхидоггүй

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Макрон: Холбоотнууд нэгнээ орхидоггүй

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Сириэс цэргээ гаргах Д.Трампын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсний дээр “холбоотнууд нэгнээ орхидоггүй” хэмээн түүнийг шүүмжилсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн Лхагва гаригт /2018.12.19/ АНУ-ыг Сири дэх “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх ажлаа дуусгасныг зарлан, цэргүүдээ татах шийдвэрийг гаргаад байгаа юм.

АНУ-ын цэргүүд Сири дэх Исламын хэт даврагчдыг устгахад чухал үүрэг гүйцэтгэсэн ч тэднийг бүрэн дарагдсан гэж үзэх хараахан болоогүй байгаа юм. Тиймээс Сириэс цэргээ гаргах Трампын шийдвэрт НАТО-ын гишүүн улсууд болон АНУ-ын зарим улс төрчид шүүмжлэлтэй хандах болсон. Мөн энэ асуудлаас болж Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис, “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх олон улсын эвслийн АНУ-ын тусгай элч Бретт МакГурк тэргүүтэй чухал албан тушаалтнууд ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна.

Францын байр суурь

Франц улс бол Сири, Ирак дахь  “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ-ын тэргүүлсэн эвслийн гол гишүүн бөгөөд цаашид ч Сирид цэргүүдээ байлгахаа мэдэгдсэн юм.

Францын Ерөнхийлөгч өчигдөр /2018.12.23/ Чад дахь Францын цэргийн баазад айлчлах үеэрээ хэлсэн үгэндээ “Холбоотнууд мөр зэрэгцэн байлдах ёстой. Үүнийг ухаарах нь улсын болон зэвсэгт хүчний удирдагчийн хувьд чухал зүйл юм” хэмээн дурджээ. Түүнчлэн тэрбээр Д.Трампын цэрэг армын салбар дахь бодлоготой нь санал нийлээгүйн улмаас ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон АНУ-ын Батлан хамгаалахын сайд, генерал Жеймс Маттисыг “итгэлт анд” байсан гэв.

Мөн тэрбээр Сири дэх Курдүүд болон Араб дайчдын хамтарсан “Сирийн ардчилсан хүчин”-ийг “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэх ажилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлжээ.

Д.Трампын байр суурь

“Намайг Ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө “Исламын улс” бүлэглэлийн байдал маш хэцүү байсан бол одоо бараг л дарагдаж дуусаад байна. АНУ энэ тал дээр үүргээ гүйцэтгэсэн, одоо Турк тэргүүтэй бусад улс орнуудын хийх багахан ажил л үлдлээ. Бид гэртээ харилаа!” хэмээн Д.Трамп өөрийн Твиттертээ жиргэжээ.

Гэвч сүүлийн үеийн мэдээллээс үзвэл Сирид 14 мянга орчим, Иракт түүнээс ч их “Исламын улс”-ын дайчид байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж