Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Муухай монгол хүн

БНСУ-ын Инчеон хотоос Улаанбаатар руу нислэг үйлдэж байсан МИАТ компанийн ОМ-302 агаарын хөлөг энэ сарын 21-нд  техникийн буулт хийсэн нь дэлхийд монголчуудыг ямар муухай авиртай, араншинтайг харуулаад өглөө.

Нислэг үйлдэх үед агаарын хөлгийн хяналтын самбарт check-in гэрэл ассан тул буцаж Инчеоныг зорьсон байдаг. Дугуйны хэсэгт “гэмтэл” гарсан байсан ч зорчигчдыг аюулгүй буулгаж чаджээ. Харамсалтай нь, монголчууд эсэн мэнд газардсандаа баярласангүй, Инчеоны олон улсын нисэх буудлаар нэг хэл ам хийж, МИАТ-ийн төлөөлөгчийг “барьж идэх” нь холгүй аашилцгааж буй бичлэг олон нийтийн сүлжээнд дэлгэгдэв. Тэдний энэ үйлдлийг дэлхий харж байгаа гэдгийг ч үл тоогоод шүү дээ.    Хэрэв бусад улсад нисгэгч нар нь техникийн сааталтай агаарын хөлгийг амжилттай газардуулсан бол зорчигчдоосоо талархал хүлээхгүй юм аа гэхнээ  зодуулах дээрээ тулахгүй байсан нь лав. Харин бидний монголчууд өөр өө.  Тэсвэргүй, тэвчээргүй бас сүгсэлзүүр. Сөүлийн онгоцны буудалд зөвхөн хэдүүлээ буусан аятай, бүр зарим нь хээр ганцаараа орилж байгаа мэт стресстэж буй  тэд хүний газар ядаж л улсынхаа нэрийг бодож болох байлаа.

Дөрвөн жилийн өмнө МИАТ-ийн онгоц Германд цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай газардахад аялж явсан зорчигчид нь нулимстай нүдээр нисгэгч нарыг тэвэрч, “Жинхэнэ шонхор”-ууд гэж талархлаа илэрхийлсэн байдаг. Бичлэг нь ч тэр даруй youtube –д тавигдаж, монгол нисгэгчдийн ур чадвараар нэг хэсэгтээ л дэлхий омогшсон.

Гэтэл монголчууд нисгэгч нартаа талархах нь байтугай хоолны мөнгөний хэрүүл хийж олон улсад шившгээ дэлгэлээ.

Хэдэн мянган бээрийн өндрөөс техникийн сааталтай агаарын хөлгийг амжилттай газардуулна гэдэг бол мэдрэмж, ур чадвар, эр зориг гээд олон зүйлийг шаардаж байдаг. Автомашин унаад Улаанбаатар хотын гудамжаар “нисэх”-тай адилтгах зүйл биш. Харин Инчеон дахь олон улсын нисэх буудалд хуурай агсам тавьж буй монголчуудын яриагаар бол чадваргүй юмнуудаас болж, золгүй нислэгийн золиос болох дөхсөн юм байх, техникийн саатлыг ч тэр даруй олж илрүүлээд, засчихгүй урагшгүй гэж шүүмжлэв. Хэрэв монголчуудыг МИАТ-ийн бус гадаадын авиа компанийн нислэгээр зорчиж явахад дээрх саатал гарсан бол яах бол… Тэд хэл ам, хэрүүл зарга үүсгэж чадах байсан уу. “Гөлөг” царайлаад л тараасан хоолны талоныг нь аваад нисэх цагаа хүлээгээд суух байсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.

Үнэндээ бол МИАТ-ийн нисгэгчдээр бахархаж байна. Улаанбаатарт салхитай шуургатай, бороотой, утаатай ямар ч үе таарсан МИАТ-ийн “шонхор”-ууд л бууж, нисэж, бусад авиа компанийн нислэг хойшилж, хүлээгдэж, цуцлагдаж байдаг нь нэгэнтээ бидэнд дасал болоод удаж буй.

Жишээ татвал, Улаанбаатар хотод утаа ихтэй байгаагаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, гадаадын авиа компаниуд буцаж нисдэг бол МИАТ-ийнхэн тэр их хар утаа дундуур зүсээд л “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан тухай сонсогддог.

Буцаад нисвэл дахин агаарын хөлгөө цэнэглэхээс эхлээд зардал ч өндөр гарах биз. Тодруулж хэлбэл, Улаанбаатарт цаг агаар тааламжгүй, агаарын бохирдол ихтэй байх бүрт МИАТ-ийн нислэг буцдаг байсан бол өнөөдөр энэ компани эдийн засгийн хувьд ч хүндхэн нөхцөлтэй тулах байсныг үгүйсгэхгүй. Товчхондоо энэ хэдэн нисгэгч, инженерийн нуруун дээр МИАТ өнөөдөр оршин тогтнож байна гэж хэлэхэд ч хэтрүүлсэн болохгүй л болов уу.  Зарим нэг дарга нарынх нь “идсэн уусан”, мөнгө угаасан гэх хэргээс болж, МИАТ өнөөдөр муу нэртэй болсноос биш дэлхийд бол үнэлэгдэх авъяастай нисгэгчтэй, авиа компани.

Ер нь бол монголчууд аливаа зүйлийг эхлээд шүүмжлэхээсээ өмнө бодож, тунгааж байж, үг, үйлдлээ цэнэж явахгүй бол муухай монгол зан Монголыг дэлхийд улам л муухайгаар сурталчилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
172
ЗөвЗөв
40
ХарамсалтайХарамсалтай
17
БурууБуруу
15
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж