МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо шинээр байгуулагдаж анхдугаар хуралдаанаа өчигдөр /2018.12.23/ УДЭТ-т хийсэн.
Тус холбооны анхдугаар хуралдаанд 21 аймаг, есөн дүүргийн 300 гишүүд дэмжигчид оролцож намдаа үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцжээ. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны үйл ажиллагаа цаашид намынхаа эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг хүргэх, МАН-ын үнэт зүйл, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, намынхаа дотоод ардчиллыг бий болгох, мөн намынхаа эв нэгдлийг тууштай дэмжих зорилготой аж.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хуралдааны үндсэн илтгэлийг тавьж тэрбээр “МАН ард түмнийхээ итгэлийг тодорхой хэмжээгээр алдаж мөн энэ хэрээр нэр хүндээ унагааж байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн Монголын ард түмний ялалт байсан. Гэтэл сүүлийн үед манай намын зарим нөхөд МАН-ын ялалт байсан мэтээр андуурах боллоо. Урьд өмнө нь МАН-д байгаагүй улс төрийн өрнөл, үйл явдал, үзэгдэл болж байна" гэдгийг илтгэлдээ тодотгосон.
Хуралдааны гол хэсэг тус холбооны Ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдийг сонгосон нь. МАН-ын гишүүд дэмжигчдийн холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сонгогдож, Бага хурлын 109 гишүүн томилогджээ.
Э.ЖОНОН