-МАН-ынхан “Тусгаар тогтнол”-ын ордонг татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгөөр барьсан бөгөөд энэ мөнгийг нэхэмжлэхээ мэдэгдэв-
МАН-ын байр болох “Тусгаар тогтнол”-ын ордныг барихад улсын төсвөөс гаргасан 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх санаачилгыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооноос гаргалаа. Уг барилгыг 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьсан ба үүний 11 тэрбумыг нь төсвөөс шийдвэрлэсэн юм байна.
Улс төрийн ууган намын байр 2012 оны сонгуулийн дараа, долдугаар сарын 1-ны үймээний үеэр гал түймэрт өртөн шатсаныг олон хүн санаж байгаа. Тэрхүү хуучин байранд МАХН буюу МАН-аас гадна цөөнгүй аж ахуйн нэгж, иргэд түрээсээр үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй тэдний өмч хөрөнгө сүйдсэн асуудал тухайн үед боссон юм. Гал түймрийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байсан ч шууд буруутан, шалтгааныг тогтоогоогүй. Энэ утгаараа галд өртсөн эд хөрөнгийн хохирлыг төсвөөс төлөх бололцоо бүрдэж, тухайн үед Засгийн эрх барьж байсан МАН төсвөөс санхүүжилт олгосныг өнөөдөр АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос санууллаа.
МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-ыг барихад улсын төсвөөс 11 тэрбум төгрөг олгосон нь хууль бус гэж АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар өнөөдөр мэдэгдээд эргүүлэн төлүүлэх шаардлагыг тавилаа. Улмаар уг шаардлагаа УИХ-ын дарга З.Энхболд, Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нарт уламжилж, асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд хэлэлцүүлнэ гэв. Энэ мөнгийг эргүүлэн төлүүлэхгүй бол цаашид шат дараалсан арга хэмжээ авч, МАН-ын сонгуульд оролцох эрхийг хаах хүтэл арга хэмжээ авахуулна гэж мэдэгдсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татлаа.
УИХ-ын хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан улс төрийн намын санхүүжилтийг ил тод, шударга болгох ёстой гэдгийг тэд сануулаад МАН өөрийн байрыг төсвийн хөрөнгөөр барьсан жишээг ийнхүү онцолж буй юм. “Татвар төлөгчдийн мөнгийг улс төрийн нам өөрийн өмчийг барьж байгуулахдаа ашигласан нь хууль бус. Цаашид энэ нь жишиг болон тогтоож болохгүй учраас хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа хуулиудаар энэ талаар нарийвчлан зохицуулах, хориглох ёстой” гэж Т.Хасбаатар ярилаа. Тэд энэхүү шаардлагаа МАН-д бичгээр хүргүүлэхээр болсон байна. Уг мэдэгдэлдээ:
“Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар улс төрийн намын тухай, Улсын Их Хурлын сонгуулийн тухай зэрэг олон чухал хууль батлана. 2008 оны 07 дугаар сарын 01-ны үймээнээр Монгол Ардын Нам төв байраа шатаалгаж, 14,6 тэрбум төгрөгөөр одоогийн “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар авч бариулсан билээ. Иймд Монгол оронд шударга ёс тогтоох, хууль дээдлэх зарчмыг баримталж Ардчилсан Намын гишүүд дэмжигчдийн холбоо дараах шаардлагыг хүргүүлж байна.
1. Монгол Ардын Намын төв байр Тусгаар тогтнолын ордныг барихад зарцуулагдсан хууль бус 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх асуудлыг 2015 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд Улсын Их Хурал, Засгийн Газар авч хэлэлцэхийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас шаардаж байна.
2. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн Монгол Ардын Намын “Тусгаар тогтнолын ордон”-г барихад улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож, 2016 оны Улсын Их Хурал, орон нутгийн сонгуульд оролцуулахгүйг мэдэгдье” гэжээ.
Б.ХОНГОР