&#34Тусгай зөвшөөрөл дахиж олгогдохгүй&#34

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

&#34Тусгай зөвшөөрөл дахиж олгогдохгүй&#34

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагналаа. Тус хороо чуулганы үеэр нийт 12 удаа хуралдаж, давхардсан тоогоор 18 хуулийн төсөл, гурван тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Мэдээж тухайн байнгын хороонд хамаатай асуудлаас олны анхаарлын төвд байдаг урт нэртэй хуультай холбоотой асуудлаар сэтгүүлчид байнгын хорооны дарга С.Батболдоос хариулт авлаа.

 

 

-Намрын чуулганы хаалтын өдөр урт нэртэй хуулийн дагаж мөрдөх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнийг дэлгэрэнгүй хэлж өгнө үү ?

 

-Гол мөрний урсац бүрэлдэх бүхий усан сан бүхий газрын хамгаалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайг хэлэлцэж баталсан. Энэ хуулийг Засгийн газар 2014  оны 09 сарын 10-ны өдөр өргөн барьсан.

 

Хуулийн дагуу УИХ-ын гишүүн Арвинаар ахлуулсан ажлын хэсэг гаран ажиллаж журмын тухай хуулийг өөрчлөх зүйтэй гэсэн дүгнэлтийг байнгын хороонд тавьсан. Гэтэл урт нэртэй хуулийг бүхэлд нь УИХ-аар өөрчилж байна гэсэн мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Яг үнэндээ хуулийг огт хөндөөгүй. Харин УИХ-аар баталсан байсан урт нэртэй хууль хүчинтэй хэвээр байгаа.

 

Зөвхөн хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулсан. Учир нь журмаар хийгдэх ажил нь тодорхой хэмжээний хугацаа, хөрөнгө, зохион байгуулалттай ажлыг шууд гүйцэтгэхээр заасан байсан нь өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн. Журмын тухай хууль батлагдахаас өмнө хуулийн хүрээнд хамрагдсан газарт нийт 1333 тусгай зөвшөөрөл олгогдсоны 984 нь  урт нэртэй хуулинд хамрагдаж үйл ажиллагаа нь зогссон. Үүнээс 395 ашиглалтын, 589 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байсан.

 

-Журмын тухай хуулийг шинэчлэн баталсны давуу тал юу вэ ?

 

-Монгол орны эдийн засгийг авч яваа уул уурхайн салбарын цусны судсыг нь үндсэндээ хаачихаад байсан. 395 тусгай зөвшөөрлийн цаана 395 аж ахуй нэгж,  түүний ажиллагсдын эрх ашиг хөндөгдөнө. Түүнчлэн нийт олгогдсон газар нөхөн сэргээгдээгүй байгаа асуудал, ажлын байрыг нэмэгдүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах зэрэг асуудлыг шийдсэн.

 

Нэгэнт хайгуулд өртөөд эрэмблэгдсэн байсан газруудаа ашиглах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын олонх нь үзсэн учраас журмын тухай хуулийг баталсан. Хуулиар тусгай зөвшөөрөл  эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд гурван сарын дотор Уул уурхайн яаманд өөрийнхөө хүсэлтийг гаргана.  Гэхдээ хүсэлт гаргаж байгаа аж ахуй нэгж нь гол мөрний урсац бүрэлдэх эхэд хамрагдсан бол бүх зөвшөөрөл цуцлагдаж, нөхөн төлбөрөө гаргуулаад тухайн газар нь нөхөн сэргээгдэх юм.

 

Харин ойн сан бүхий газарт олгогдсон бол ойн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу шийдвэрлэгдэнэ. Түүнчлэн ойн сан бүхий газарт олгогдсон бол энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосон.

 

Хэрвээ олборлолтын ажил эхлээгүй тохиолдолд хязгаарласан талбайн давхцсан хэсгийг тусгай зөвшөөрлийн талбайгаас хасуулах учиртай. Эсрэгээр олборлолт эхэлчихвэл 50  метрт хориглоод түүнээс цааш 200 метрийг нь Засгийн газраас олгогдох тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж болох юм.

 

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлтийг ямар зарчмаар зохицуулах вэ. Өөрөөр хэлбэл тухайн олборлолт хийж, газрыг ашигласан аж ахуй нэгж нь нөхөн сэргээлт хийх үү эсвэл тусгай компани гүйцэтгэх үү ?

 

-Ер нь Журмын тухай хуулийг хэлэлцэхэд хүргэсэн хамгийн гол асуудал нөхөн сэргээлтийн асуудал. Учир нь Засгийн газраас зөвшөөрөл аваад хайгуулалт хийн, олборлолт явуулж байсан компаниудыг нэг өдөр зогсоосон байгаа. Хуулиар бол тухайн компаниуд нөхөн олговор гаргаад нөхөн сэргээх ёстой.

 

Гэтэл тухайн компаниудын хариулт “Бид засгийн газрын зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл бидэнд урьдчилан мэдэгдэлгүйгээр зөвшөөрлөө цуцалсан. Үүнээс болж маш их хэмжээний хохирол амссан. Хэрвээ үүнийг нөхөн олговол нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулж болно” гэсэн шаардлага тавьсан. Тэгээд шалгаад үзтэл засгийн газрын давж гарахааргүй өрийг нэхэмжилсэн байсан.

 

Эдгээр асуудлыг хөндөж байнгын хорооны хуралдаанаас гарсан дүнгээр журмын тухай хуулиар 100 хувь нөхөн сэргээх зардлаа компани нь тусгай дансанд байршуулж, олборлолтоо дууссаны дараа нөхөн сэргээлтээ өөрсдөө эсвэл  мэргэжлийн компаниар хийлгэхээр тусгагдсан.Ингэсний үр дүнд дунд нь байгаль орчин хохирсон. Компаниудын хувьд гаргасан зардлыг нь төлөхгүй бол нөхөн сэргээлт явуулах боломжгүй  гэснээс болж сэндийчсэн газар, голдиролыг нь өөрчилсөн гол, мөрөн тэр чигээрээ үлдсэн.

 

-Ойн сан бүхий хуульд нэг модны оронд арвыг тарьж байж ашиглалт явуулах эрх зүйн зохицуулалт хуулийн хүрээнд байгаа. Тэгэхээр энэ заалтыг л хангаж байвал хаана ч ашиглалт явуулж болох уу эсвэл ямар нэгэн хязгаарлалт бий юу ?

 

-Манай гол,  мөрний урсац бүрэлдэх эх нь ихэнхдээ ойн сан бүхий уулсаас авсан байдашг учраас ойтой газар бүр биш, усны эх буюу голын эх бүрэлдэх ойн сан бүхий газарт олборлолт явуулахгүйгээр хориглогдсон байгаа. Тиймээс үүнтэй холбоотой зөвшөөрлүүд цуцлагдаж, дахин олгогдохгүй.

 

-Хаврын чуулганаар танай байнгын хорооноос ямар ямар хуулийн төслүүд хэлэлцэгдэх вэ ?

 

-Засгийн газраар ороод өргөн мэдүүлэх хэд хэдэн хуулийн төслүүд байгаа. Юун түрүүнд ойн тухай хуулиа хурдан хугацаанд боловсруулж байнгын хороонд өргөн барих хэрэгтэй гэдэг үүрэг өгсөн. Түүнчлэн Малын эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж өргөн барина.

 

Үүгээр мал эмнэлгийн тогтолцоог болон экспортод чиглэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хяналт шинжилгээний ажлыг зохион байгуулахтай холбогдсон тогтолцоог шинэчлэх үүднээс уг хуулийг УИХ-д өргөн барих учиртай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж