“Хамаг Монгол” төслийн удирдагч, МУГЖ С.Жавхлан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүдтэй "Төр буруутай юу, түмэн олон буруутай юу" нээлттэй хэлэлцүүлэг хийх, халз мэтгэлцээнд дуудсан билээ. Өнөө шөнө МҮОНТ-ийн дэлгэцээр 21.00-23.00 цагт гарах энэ мэтгэлцээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай Цензургүй ярилцсан Ерөнхийлөгч болон эдийн засагч Д.Жаргалсайханы "De Facto"-д хамаг бүхнээ харамгүй дэлгэсэн УИХ-ын дарга З.Энхболд нар С.Жавхлантай цэц булаацалдахгүй нь тодорхой.
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга нэгэн цагт гудамжинд тэмцэж явснаа дурсаж өнөөдрийн тэмцэгч С.Жавхлангийн мэтгэлцээнд оролцохоо мэдэгдээд байгаа.
Магадгүй бие даагч гурав, эсэргүү Ж.Батзандан, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар торжигнотол гүйгээд очихыг үгүйсгэх аргагүй.
Гэхдээ гүйгээд очиж магадгүй гэсэн л гаргалгаа байна. Харин Г.Уянга гишүүн С.Жавхлантай нийлэх нь тодорхой болов. Харин хаа хүртэл нийлж, аль хэр хол явахыг одоогоор тааварлах аргагүй.
Магадгүй 2016 оны УИХ-ын сонгууль хүртэл “Хаа ч явсан цуг гэж мэдээрэй” гээд салахгүй нөхөрлөхийг үгүйсгэх аргагүй л юм.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"