УИХ-ын гишүүн Д.Арвин байсхийж байгаад л цахим ертөнц, хэвлэл мэдээллийн гол баатраар тодроод байдаг хүн билээ. Саяхан л “Баянзүрхийн III төрөхийг Мартын-8-аар нээнэ” хэмээгээд толгойдоо алчуур зангидчихаад арчиж, зүлгээд цахим ертөнцийн од болсон. Тэгтэл өнөөх төрөх эмнэлэг нь нээлтээ хийж дуулдаагүй. Бодвол хариуцлагагүй барилгачид ажлаа хугацаанд нь дуусгалгүй Д.Арвин гишүүнийг хөлдөө чирснээс зайлахгүй. Гэхдээ тэрүүхний төлөө эршүүд, зоримог Д.Арвин гишүүн хошуугаа унжуулж, хумсаа мэрж сууна гэвэл санасны гарз. Тэгтэл өчигдөрхөн Д.Арвин гишүүн аанай л цахим сүлжээний баатар болоотохов. Энэ удаа ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан орон сууцны СӨХ-ийн асуудлаар тус байгууллагын дээд зөвлөлийн дарга УИХ-ын гишүүн Д.Арвинтай санал зөрөлдснөөс хамаг хэрэг манджээ. Т.Аюурсайхан дарга ажил үүргийнхээ дагуу “СӨХ-ийн Дээд зөвлөлийг татан буулгаж хууль бусаар авсан 568,5 сая төгрөгийг гаргуулна” гэтэл Д.Арвин гишүүн урдаас нь агсамнан уурлаж “Чи байх уу, би байх уу гэдгээ үзнээ” гэжээ. Эрхэм гишүүний зуултыг сонссон Т.Аюурсайхан дарга тэр талаар цахимаар хөөрхөн матсан нь олон хүний анхааралд өртөж Д.Арвин гишүүн ахиад л олны нүдэнд өртөв. ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы нэхэмжилсэн 568.5 сая төгрөгийн учир нь УИХ-ын гишүүн Д.Арвин, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга нар нь Сууц Өмчлөгчдийн дээд зөвлөл нэртэй ТББ-ыг байгуулж оршин суугчдаас мөнгө татдагаас үүдэлтэй аж. Уг нь хуулинд бол ямар ч ТББ үнэ, ханш тогтоох ёсгүй гэж заасан байдаг гэнэ. Тэгэхээр эрхэм гишүүн Д.Арвин дийлж мөнгөтэйгөө үлдэх үү, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы зөв болж дээрх мөнгийг хураах уу гэдгийг харах, хүлээх л үлдэж байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"