Үндэсний статистикийнхан сар болгон өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Том, жижиггүй аж ахуйн нэгжүүд хямралд нэрвэгдэж, айл өрхүүд зарлагаа танан бүсээ чангалах болсон энэ үед эдийн засаг ямар байгаа талаар статистик юу хэлснийг онцольё.
Төгрөгийн ханш 12 хувиар суларчээ
Он гарсаар ам.долларын ханш тогтмол өсөлттэй байгаа. Иймээс Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2015 оны хоёрдугаар сарын байдлаар 1961.75 төгрөг болж өмнөх оны мөн үеийнхээс 209 төгрөг буюу 12 хувиар суларчээ.
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа
Гадаад худалдааны тэнцэл 2014 оны эхний хоёрдугаар сард 19.5 сая ам.долларын алдагдалтай байсан бол 2015 оны эхний хоёр сард 290.9 сая ам.долларын ашигтай гарчээ.
Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 158.9 сая ам.долл буюу 26.7 хувиар нэмэгдэхэд эрдэс бүтээгдэхүүний экспорт 93.0 сая ам.доллар, үнэт чулуу, металл, алтных 35.3 сая ам.доллар, машин тоног төхөөрөмжийнх 8.0 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүнийх тус бүр 6.4 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ныхон хэллээ.
Импортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 151.5 сая ам.доллар буюу 24.7 хувиар буурахад машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 42.1 сая ам.доллар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийнх 34.0 сая ам доллар, эрдэс бүтээгдэхүүнийх 24.9 сая ам.доллар, үндсэн төмөрлөг бүтээгдэхүүнийх 14.0 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Ийнхүү гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь нэг талаар импортын хэрэглээ буурсныг, нөгөө талаар үндэсний үйлдвэрлэл сэргэх боломж байгааг харуулав.
Эрдэс баялгийн экспорт 90 хувийг эзлэв
Монгол Улс уул уурхайн салбараас хамааралтай гэдгийг нь экспортынх нь үзүүлэлтээс харж болно. Нийт экспортын 90 хувийн эрдэс баялгийн экспорт эзэлж байна. Харин нийт импортын 55 хувийг машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл эзэлж байгаа аж.
Инфляци 9.3 хувьтай гарав
Инфляци өнөөдөр 9.3 хувьтай гарсан талаар ҮСХ мэдээллээ. Инфляцийн өсөлтөд голлон нөлөөлсөн зүйл бол эрчим хүчний болон хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлжээ. Гэхдээ жилийн жилд инфляцид сөргөөр нөлөөлдөг байсан махны үнэ тогтвортой байгааг статистикчид онцлов. Махны үнэ хаврын хаварт “магнаг” болдог байсан бол энэ жил харьцангуй хямдхан байгаа. Энэ нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд махны үйлдвэрүүд агуулах олноор барьсантай холбоотой гэдгийг онцлох хүмүүс байгаа юм.
Газрын тосны үйлдвэрлэл нэмэгджээ
Төсвийн дийлэнх, экспортын 90 хувийг бүрдүүлж байгаа эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийг сонирхуулъя.
Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хайлуур жоншны баяжмал, газрын тос, нүүрс, молибдений баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 10.8-37.8 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт гоо сайхны тос, сүлжмэл эдлэл, талх, хивс, төмөр замын дэр мод, металл бэлдэц, бялуу, нарийн боов, шар айраг, зүсмэл материал, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, самнасан ноолуур, вакуум цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 хувиас 2.4 дахин өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, цайрын баяжмал, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 9.9-35.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ган төмөр хийц, жүүс, шингэн сүү, 99%-ийн катодын зэс, архи, тамхи, нэхий дээл, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.9-69.3 хувиар буурсан байна.
О.САР