Бангладеш улсын ээлжит парламентын сонгууль арванхоёрдугаар сарын 30-ны өдөр болох билээ. Харин сонгууль болохоос зургаа хоног дутуу байгаа энэ үед сөрөг хүчний нэр дэвшигчдээ шоронд хорьсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа аж.
Сонгуульд Бангладешийн одоогийн Ерөнхий сайд Шейх Хашинагийн тэргүүлсэн “Авами” эвсэл болон өмнөх Ерөнхий сайд Халеда Зиагийн тэргүүлсэн “Бангладешийн үндэсний нам” хоорондоо өрсөлдөх юм.
Хашинагийн тэргүүлсэн “Авами” эвслийнхний амлаж байгаа гол зүйл нь Бангладеш дахь хэт даврагсадтай тууштай тэмцэхийн тулд аюулгүй байдлын шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх тухай аж. Бангладешийн нийслэл Дхака хотод 2016 онд болсон исламын хэт даврагсдын хийсэн халдлагаас болж 22 хүн амиа алдсаны долоо нь гадаадын иргэн байсан юм.
Харин парламентын сонгууль ойртох тусам Ерөнхий сайд Хашинагийн засаг захиргаа сөрөг намаа хүч далайлган, дарамтлах болсон байна. Тухайлбал, арванхоёрдугаар сар гарсаар цагдаа нар 1900 орчим хүнийг шоронд хийгээд байгаагийн 20 нь “Бангладешийн үндэсний нам”-ын нэр дэвшигчид байна.
Тус хэргийг хүний эрхийн зөрчил хэмээн олон улсын хамтын нийгэмлэгээс үзэж байгаа бөгөөд НҮБ-ийн Хүний эрхийн дээд комиссараас асуудлыг зөв зүйтэй аргаар шийдвэрлэхийг хүссэн зөвлөмжийг Бангладешийн Засгийн газарт хүргүүлжээ.
Мөн сонгууль дөхсөн энэ үед Бангладеш улс даяар намаараа талцан хуваагдаж зөрчил, мөргөлдөөн гаргах нь ихэсч байгаа юм.
Эх сурвалж: NHK