Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны онцлох ажлууд

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны онцлох ажлууд

Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны онцлох ажлууд

Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь дамждаг Улаанбаатар хотын аялал жуулчлалын салбарыг дотоод гадаадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газраас дараах ажлуудыг 2018 онд хэрэгжүүллээ.

  1. Бүргэдээр ан хийх уламжлалыг дэлхий дахинд сурталчилж Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг гуравдугаар сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээг дотоод гадаадын 8000 гаруй жуулчид хүрэлцэн ирж сонирхсон бөгөөд Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой эвентүүдийн нэг болжээ.
  2. Өнгөрсөн зургадугаар сард моторын дуунд нэгдсэн 500 залуус төмөр хөлгөө хөлөглөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулан “Талын салхи-2018” олон улсын мото наадамд оролцлоо. ОХУ-ын Москва, Владивосток, Эрхүү, Улаан-Үд, Якут, Чита мужийн 13 клубын 100, БНХАУ-ын ӨМӨЗО, Бээжин, Хайнан, Өмнөд мужийн 7 клубын 50 мото тамирчид мөн Франц, Герман, Польш, Унгар, Энэтхэг, Япон улсуудын төлөөлөл оролцсон нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлан жуулчдыг татах өндөр ач холбогдолтой үйл явдал болж өндөрлөв.
  3. Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух, аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлалын үйлчилгээний чанар болон хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчдыг татах шинэ аяллын бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Сити тур” хотын аялал 2018 оны зургаадугаар 15-ны өдрөөс эхлүүллээ. Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн гадаад дотоодын жуулчдад мэргэжлийн хөтөч, жолооч бүхий багаас бүрдсэн, зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тохилог автобусаар үйлчлэн нийслэлийн гол үзмэрүүдийг хотын төвийн аялал болон хотын төв-Цонжин болдог гэсэн үндсэн 2 аяллын хөтөлбөрийн дагуу 1100 гаруй жуулчдыг аялуулсан байна.
  4. “Тал нутгийн марафон” болон “Богдхан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн наймдугаар сарын 19-ний өдөр Богдхан ууланд зохион байгуулагдлаа. Монгол Улсад анх удаагаа Ултра Трайл төрлийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйх гүйлтийн тэмцээн болон хөл нүцгэн гүйлтийн хагас марафон зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.
  5. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Солонгосын долоо хоног 2018” арга хэмжээг Гэрэлт гудамжинд зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр БНСУ-ын өв соёлыг өөртөө шингээсэн Солонгосын үндэсний хамтлаг, Солонгосын үндэсний хамтлаг, дуучдаас гадна Улаанбаатар чуулгын морин хуурын баг бүрэлдэхүүн, Сүлд чуулгынхан Солонгосын үндэсний хөгжмийн хамтлагтай хамтран тоглов.
  6. Нийслэлийн иргэд, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, эрүүл орчинд амарч зугаалах орчныг бүрдүүлэх зорилгоор “Төр хурах-Цэцээ Гүн” чиглэлийн явган аяллын замыг тохижууллаа. Энэхүү бүтээн байгуулалт нь нийслэлд хийгдсэн явган аяллын замын гурав дахь тохижилтын ажил юм. “Зайсан-Баруун ширээт” чиглэлийн явган аяллын 3.6 км замыг 2016 онд тохижуулж байсан бол өдгөө долоо хоногт 5-10 мянган иргэн, 260-500 авто машин зорчдог нийслэлчүүдийн хамгийн их алхдаг маршрут болжээ. Мөн өнгөрсөн онд Чингэлтэй хайрханы явган аяллын 2.2 км замыг тохижуулсан бөгөөд уг чиглэлийн дагуу долоо хоногт 2 мянга орчим иргэн тогтмол аялж байна. Энэ удаад Богдхан уулын Төр хурах-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын замыг шинэчлэн тохижуулж нийт 8.5 км замд сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын мэдээлэл, тайлбар зэргийг байршуулан тохижууллаа.

Монгол Улсад өнгөрсөн 2017 онд ирсэн гадаадын жуулчдын тоо 471 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 400 сая ам долларын орлогыг оруулсан байна. Харин 2018 оны эхний 11 сарын байдлаар ирсэн гадаадын жуулчдын тоо 501 мянгад хүрч Монгол Улсын эдийн засагт 523 сая ам долларын орлогыг оруулсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад жуулчдын тоо 49 557-аар буюу 10,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлснээр ажлын байр олноор бий болж дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт өсдөг давуу талтай гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж