Төрийн банкнаас хэрэгжүүлж буй "Харилцагч таныг сонсъё" аяны хүрээнд "1900-1950" мэдээллийн лавлахтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ талаар тус банкны ерөнхий захирал Д.Батсайханаас тодруулав.
-"Харилцагч таныг сонсъё" аяны хүрээнд "1900-1950" мэдээллийн лавлахтай хамтран ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Бид иргэдтэйгээ сайн харилцаатай банк байхын тулд харилцагчдаа сонсдог, тэдэнд мэдээлэл хүргэдэг, эргэх холбоотой байх шаардлага дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд энэ оныг “Харилцагч таныг сонсъё” жил болгосон зарласан. Үүний хүрээнд бид “1900-1950” мэдээллийн лавлахтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаанаас ч байсан “1900-1950” лавлахаар дамжуулан Төрийн банкны талаарх бүх төрлийн мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм.
Дээрээс нь мэдээллийн сувгууд маань өргөсөж байгаа учир харилцагчидтай илүү ойртож үйлчлэх боломжтой болно гэж үзэж байна.
Мөн “Харилцагч таныг сонсъё” аяны хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 90 гаруй салбарт сар бүр харилцагчийн өдөрлөг зохион байгуулах болно. Ер нь өдөрт 1-2 салбар нэгжид тухайн өдөрлөг зохион байгуулагдана. Тэгээд бас харилцагчийн и-мэйл мэдээллийн сан, утсан телефон мэдээллийн сангуудыг бүрдүүлж байгаа. Энэхүү сангуудаар дамжуулан харилцагчиддаа мэдээлэл түгээдэг сувгуудыг бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Үүнээс гадна Төрийн банкны 1800-1881 лавлах нь 24 цагийн турш нээлттэй байхаас гадна 1900-1950 мэдээллийн лавлахаар дамжуулан Төрийн банкны бүх мэдээллийг авах өргөн боломж бүрдэж байгаа юм.
Орон сууцны төлбөрийн мэдээллээ лавлахаар дамжуулан авна
“1900-1950” мэдээллийн лавлахын гүйцэтгэх захирал Б.Энх-Амгалан
-Төрийн банктай хамтарч ажиллахаар болж, орон сууцны төлбөрийн мэдээллийг лавлахаар дамжуулан авч болно гэсэн. Үүнийг дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-“1900-1950” мэдээллийн лавлах нь мэдээлэл харилцаа холбооны салбарт үйл ажиллагаагаа явуулаад 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү хугацаанд бид хэрэглэгчдийн сэтгэлд хүрсэн олон үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлж байсан. Мөн энэ оны хувьд төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, дээрээс нь улс орон даяар өөрсдийн бүтээгдэхүүн болоод үйлчилгээгээ сурталчлах зорилт тавьж ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр Төрийн банктай хамтарч ажиллахаар боллоо. Өөрөөр хэлбэл, Төрийн банкны цогц мэдээллийн үйлчилгээгээс гадна тухайн банкаар дамжуулан орон сууцны хэрэглээний төлбөрөө төлдөг хэрэглэгчиддээ төлбөрийн мэдээллийг 24 цагаар өргөн цар хүрээтэйгээр бодит эх сурвалжаар хүргэх боломж нээгдэж байгаа юм. Энэхүү үйлчилгээ маань олон хэрэглэгчдэд таашаагдсан үйлчилгээ болно гэдэгт итгэлтэй байна.