Өсвөрийн сэлэмчид ААШТ-д оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сэлэмчид ААШТ-д оролцлоо

Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 9-нд Туялзуур сэлэмний Өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Тус тэмцээнд МТСХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн С.Дэмчигээр ахлуулсан хоёр дасгалжуулагч (Д.Ганбаатар, Александр Ровнягин), таван тамирчны (Э.Нямлхагва, Б.Амарболд, Э.Энхтулга, Т.Анарсайхан, Э.Бат-Эрдэнэ) бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Манай баг тамирчид 17 хүртэлх нас болон 20 хүртэлх насны эрэгтэйчүүдийн хүнд (epee) сэлэмний хувийн болон багийн төрөлд тулалдсан юм. Тэмцээнийг АНЭУ анх удаагаа зохион байгуулсан бөгөөд 34 улсын 760 тамирчин оролцлоо.

2015 оны өсвөрийн Улсын аварга Т.Анарсайхан хэсгийн тоглолтонд Узбекистан, Сингапур, Катар, Тайвань, Саудын Арабын тамирчдыг ялж шилдэг 32-т шууд шалгарсан бөгөөд энэ шатанд Сингапурын тамирчинд ялагдаж, 19-р байр эзэллээ. Түүнийг ялсан тамирчин цаашдаа түрүүлжээ.

Туялзуур сэлэмний залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болно.

Харин өсвөрийн УАШТ-ий хошой медальт Б.Амарболд хэсгийн тоглолтонд АНЭУ, Ливан, Катарын тамирчдыг ялж, шилдэг 64-т үлдсэн. Шилдэг 64-т Узбекистаны тамирчин, өнгөрсөн жилийн өсвөрийн Азийн аварга Санжар Алимовыг 15-12-оор буулган авч, шилдэг 32-т үлдлээ. Энэ шатанд Японы тамирчин Акира Коматад 15-8-аар ялагдаж, энэ төрлийн тэмцээнээ дуусгасан юм. Түүнийг ялсан Япон хөвгүүн мөнгөн медаль авсан юм. Харин манай Э.Энхтулга, Э.Бат-Эрдэнэ нар нэг нэг ялалттай тэмцээнээ дуусгажээ. Энэ төрөлд Сингапурын тамирчин түрүүлж, Японын тамирчин мөнгө, Сингапур, Узбекистаны хүүхдүүд хүрэл медаль хүртлээ. Багийн тэмцээнд Монголын баг Хонконгийн багтай тулалдаж, оноогоор ялагдлаа.

Харин 20 хүртэлх насны ангилалд Залуучуудын улсын хошой аварга Э.Нямлхагва тулалдаж, хэсгийн тоглолтондоо 3 ялан шилдэг 64-т үлдэв. Шилдэг 64-ийн шатанд Хонконгийн тамирчинг ялж, 32-т үлдсэн ч Иракийн тамирчинд ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Энэ насны багийн төрөлд манай баг тамирчид шилдэг 16-д мөн л Иракийн багт ялагджээ.

Азийн туялзуур сэлэмний холбооноос гурван төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн насанд хүрэгчдийн ААШТ Сингапурт улсад 7 дугаар сард, залуучуудын (23 хүртэлх насны) аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо болох юм. Улаанбаатарт болох тус тэмцээний өмнө Азийн туялзуур сэлэмний холбооны Удирдах зөвлөлийн хурал болон Ерөнхий ассемблей 9 дүгээр сарын 6, 7-ны өдөр болно.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж