Х.Бат-Эрдэнэ: Сайн моринд гар татдаггүй

Хуучирсан мэдээ: 2010.07.14-нд нийтлэгдсэн

Х.Бат-Эрдэнэ: Сайн моринд гар татдаггүй

нааАрдын хувьсгалын 89 жилийн ойн их баяр наадмын хязаалангийн түрүү, “Алтай констракшн”-ы ерөнхийлөгч  Х.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Төрийнхөө их баяр наадамд хязаалан түрүүлгэсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл өндөр, үнэхээр сайхан байна. Төрийнхөө их баяр наадамд морь түрүүлгэнэ гэдэг эр хүний  аз хийморь, лундаа заяа байдаг юм байна. Энэ бол миний улсын баяр наадмын анхны түрүү. Эр хүн ховор уйлдаг  гэдэг ч ийм үед өөрийн эрхгүй  нулимс гардаг юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд сэтгэл огшоод асгартлаа уйлсан. Миний аав Хадбаасан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Аавдаа “хүүгийнх нь морь түрүүлчихлээ” гээд хэлэхэд надтай утсаар ярьж чадахгүй уйлаад л байсан. Би ер нь хэр баргын юман дээр уйлаад байдаггүй  хүн л дээ. Тэгсэн өнөөдөр үнэхээр болсонгүй.

-Эр хүний жаргал эдлүүлсэн эмээлт хүлгийнхээ угшил гарвалын талаар танилцуулаач?

-Миний  энэ хээр үрээ Манлай уяач Ганхуяг буюу Бандгаагийн унаган адуу. Уяа сойлгыг нь Ган-Очир гэдэг залуу тааруулсан. Шүдлэндээ уяа нь дутаад улсын наадамд хорь гарч давхисан ч, Баянхонгорт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд аман хүзүүдсэн. Энэ жил хаврын уралдаануудад ч  сайн давхиж, наадмын өмнөх сунгаануудад байнга өнгөлж байсан болохоор ерөнхийдөө их найдлага тавьж байсан л даа.

 -Сүүлийн гурван жил “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ гэдэг нэр их дуулдах болсон. Ер нь яагаад морь сонирхох болсон юм бэ?

-Би хурдан морь сонирхож уяах болсоор гурван жилийн л нүүр үзэж байна. Энэ хугацаанд улсын наадмаас нэг түрүү, нэг айраг, бүсийн наадмаас зургаан айраг авсан байна.

-Тэгвэл баяр наадмын тухай хуулинд заасан МУ-ын Алдарт уяачийн болзлыг хангачихсан юм байна шүү дээ? 

-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан улс, бүсийн наадмуудаас найман айраг, түрүү авсан. Моринд орох шалтгаан нь юу байсан бэ гэж та асуусан. Миний өвөө Төмөржаа гэж  олон жил морь уясан,  МУ-ын Алдарт уяач цолтой хүн байсан.Харин ээж Монголын морин спортын анхны спортын мастер Т.Цэрмаа гэж хүн бий. Хүмүүс мэдэх байх. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор багаасаа хурдан морь сонирхдог, унадаг хүүхэд байсан. Монголын хурдан морины түүхэнд жаахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.

-Адуу нэлээд цуглуулсан байх. Голдуу хаанаас авч байсан бэ?

-Эхэндээ монгол адуу нэлээд цуглуулсан. Сүүлдээ монгол адууныхаа цусыг сайжруулах үүднээс цэвэр үүлдрийн  Англи, Араб азарга нэлээдийг оруулж ирсэн.

-Таныг адуунд чамгүй мөнгө зарцуулсан гэдэг юм билээ. Ер нь ямар ханштай адуунууд авч байв?

-Тэрийг нарийн хэлэх шаардлагагүй биз дээ. Мэдээж хурдан хурц адуу бол илүү үнэтэй. Гэхдээ үнэтэй болгон хурдан байхгүй. Гол нь адуугаа таних хэрэгтэй л дээ. Жишээлбэл миний сая таван зуун мянгаар авсан үрээ соёолондоо улсын наадамд гурвалж байсан. Хүмүүс тоохгүй авахгүй байхад нь би авсан юм. Бас миний хамар цагаан хүрэн азарга бий. Тэр маань Алтан-Овооны тахилга наадамд  аман хүзүүдэж байсан.

-Тэгэхээр та хурдан морь шинжихдээ нэлээд гаргуун байх нь ээ?

-Тэгж хэлж болохгүй байхаа. Миний хувьд адуу танина гэхээсээ илүүтэй хийморь лундаа байсан байх. /инээв/

-Бүсийн наадмуудад айрагдаж байсан адуунуудынхаа талаар яриач?

-Хэдийгээр айраг түрүүнд нэрээ бичүүлж чадаагүй ч гэсэн миний анхны адуу 2007 онд Хэрлэнгийн хөдөө арлын наадамд түрүүлж байсан.  Даншиг халзан гээд хүрэн халзан морь бий. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Амаржаргал гэдэг хүний адуу. Ирснийхээ дараа жил улсын наадамд ганцаараа хол тасархай хөтөлж яваад үзүүр дээр сууж зургаагаар орсон юм. Би өөрөө зургаагийн тоонд дуртай. Тэр утгаараа их бэлгэшээж, “дараа жил морь айрагдах юм байна” гэж бодсон нь ёсоор болсон. Миний соёолон улсын наадамд гурвалж,тэрнээс хойш айраг  түрүү тасарсангүй ээ.

-Таныг хурдан мориноос гадна, сайн машинд гар татдаггүй гэдэг юм билээ?

-Сайн морь, сайхан машинд гар татдаггүй ээ. Машины цуглуулга маань ч овоо арвижиж байгаа. Ямар ч байсан дэлхийд алдартай сүүлийн үеийн машинуудыг Монголдоо оруулж ирэх юмсан гэж хүсдэг. Оруулж ирэх ч болно.

-Хурдан морь сонирхох болсноос хойш миний амьдралд ийм ийм өөрчлөлтүүд гарсан гээд уяачид ярьдаг юм л даа. Таны хувьд?

-Тийм шүү, асар их өөрчлөлтүүд гардаг. Миний хувьд уужуу тайван аливаад хүлээцтэй ханддаг болсон. Энэ бол эр хүнд байх ёстой хамгийн сайн чанар гэж ойлгож байгаа.

-Санал нэг байна. Их хурдын дараа болох бүсийн наадмуудаас хаашаа явахаар төлөвлөж байна даа?

-Энэ жил манай аймгийн ой болно. Мөн бүсийн наадамтай. Тэгэхээр аймаг руугаа л явж таарах байх. Миний хувьд зөвхөн өөрийнхөө адууны цусыг сэлбэхээс гадна нутаг орныхоо адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр анхаарч, өөрийнхөө хэмжээнд дэмжиж явдаг. 2008 онд Дорнод, Сүхбаатар аймгаас сайн угшлын арав гаруй гүү нутаг руугаа явуулсан. Цаашид ч энэ тал дээр анхаарна гэж бодож байгаа.

-Баярлалаа. Уясан хүлгэд нь босоо байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.

А.Тэлмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж