Монгол Улсын хүн амын 46 хувь буюу 1.4 сая нь эрэгтэйчүүд. Тэдний 65 хувь нь хотод, 35 хувь нь орон нутагт амьдарч байна.
Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн холбоотой хамтран “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие, бядрын хөгжил”, “Монголын эрэгтэйчүүдийн боловсролын байдал” “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал” зэрэг сэдвээр өнгөрсөн баасан гаригт /2018.12.21/ хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр салбарын мэргэжилтнүүд дараах тоо баримтад тулгуурлан эрчүүдийн асуудалд анхаарал хандуулах шаардлага тулгарсныг хэлцлээ.
Эрүүл мэнд
- Монгол эрчүүдийн дундаж нас 66
- Дундаж жин нь 68 кг
- Дунджаар 168 см өндөр
- Түүнчлэн монгол эрчүүдийн 89.1 хувь нь бие бялдрын хөгжил муутай аж
- Мэргэжлээр шалтгаалах өвчлөлийн 90 хувь нь
- Амиа хорлогчдын 80 хувь нь эрчүүд байна
Боловсрол
- Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 47.8 хувь
- Их, дээд сургуульд суралцагчдын 26 хувь
- Техник мэргэжлийн сургуульд суралцагчдын 85 хувь нь эрчүүд.
- Багш боловсон хүчний 30 хувь нь эрэгтэй
- Сургууль завсардан хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 70 хувийг хөвгүүд эзэлж байна.
Хөдөлмөр эрхлэлт
- Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний 53-57 хувь нь эрчүүд
- Уул уурхайд ажиллагчдын 70 хувь нь эрчүүд
- Гадаадад ажиллагчдын 87 хувь нь мөн эрчүүд
- Түүнчлэн их, дээд сургууль төгссөн эрчүүдийн 30.5 хувь нь ажилтай, 70 орчим хувь нь ажилгүй байна.
Ингээд хуралд оролцогчид эрчүүдийн боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн одоогийн байдал нь нийгэмд дараах хор уршгийг үзүүлж байна гэж үзлээ.
- Эрүүл мэндийн мэдлэггүйгээс эрүүл мэндээ хайхрахгүй, архи, тамхинд донтох, хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, сэтгэцийн өөрчлөлтөд орж байна
- Хууль эрхзүйн мэдлэг дутмагаас элдэв төрлийн гэмт хэрэг, зөрчил улам ихэсч байна.
- Сэтгэлийн хат муутай эрчүүд олширч, амархан сэтгэл санаагаар унаж, уур омгоо барьж чаддаггүйгээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, үр хүүхдээ хайхрахгүй байх хандлагатай байна.
Тиймээс хуралд оролцогчид жендерийн асуудал зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш гэдгийг бодолцон Монголын төрөөс эрэгтэйчүүд рүү чиглэсэн хөгжлийн бодлого гаргах хэрэгтэйг онцоллоо. Энэ хүрээнд дараах алхмыг санал болголоо.
- Хүнээр хүн хийх, амьдрах ухаанд сургах ажлыг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгч, бүх нийтийн үйл хэрэг болгох
- Эрэгтэйчүүдийн амьдралын чанарыг эрс сайжруулах
- Монгол эр хүний хөгжил үндэсний цогц бодлогыг төрөөс гаргах зэрэг