Ипотекийн зээл эргэн төлөлт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээл эргэн төлөлт сайтай байна

Монголын Засгийн газар болон Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй, ипотекийн зээлийг гаргасан нь амжилттай хэрэгжиж байгаа билээ. Энэхүү зээлийн хүрээнд олон айл орчин үеийн орон сууцанд амьдрах болсон. Зээлийн хамгийн эрэлттэй үе нь 2013 он байжээ. Эрэлтийн улмаас орон сууцны үнэ ч багагүй нэмэгдсэн юм. Харин одоо эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр ипотекийн зээл олголт буурч, орон сууцны үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад буурч эхэлсэн.

Төв банкнаас гаргасан судалгаагаар 2014 онд орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтэд 2 их наяд төгрөг зарцуулжээ.  Өөрөөр хэлбэл, хоёр их наядын зээлээр жижиг, дунд орлоготой өрхүүд орон сууцжуулсан гэсэн үг юм.

2015 оны эхний нэг сарын байдлаар арилжааны банкууд 1280 хэрэглэгчид 75.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ингэснээр нийт ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 67233 болсон байна. Нэгдүгээр сард олгосон зээлийн хэмжээ нь өмнөх сараас 31 хувь, өмнөх оны мөн үеэс 26.1 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд дахь ипотекийн зээлийн нийт өрийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хувь хэмжээ өмнөх сараас 3.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 92.6 хувиар буурсан байна.

 Эдийн засаг хямарсан нь арилжааны банкуудын зээл олголтод сөргөөр нөлөөлж эхэлсэн. Учир нь арилжааны банкууд  зээл олголтдоо багагүй шалгуур тавих болсон юм. Нөгөө талаар өмнө нь зээлтэй байсан хүмүүсийг найман хувийн хүүтэй зээлд хамруулснаар олон айл өрхийн зарлагын ачааллын бууруулсан гэж эдийн засагчид үзэж байна.

Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ бол орон байр. Тиймээс ипотекийн зээл бусад зээлтэй харьцуулахад эргэн төлөлт сайтай байгааг дурдаж болно.  Ипотекийн зээл хүсэлт ч арилжааны банкуудад багагүй иржээ. Мөн хөдөө орон нутгийг энэ зээлд хамруулах болсоор шилжилт хөдөлгөөн буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж зарим хүмүүс үзэж байгаа юм.

Дашрамд дурьдахад, банкууд нэг зээлдэгчид дунджаар 58.6 сая төгрөгийн зээл олгодог гэнэ. Харин зээлийн хугацааны хувьд дунджаар 15.3 жил байгаа аж. Нийт зээлийн 61.6 хувь нь 16-20 жилийн хугацаатай бол 22.8 хувь нь 11-15 жил, 12.8 хувь нь 6-10 жил, 2.7 хувь нь 1-5 жилийн хугацаатай олгогджээ.

Засгийн газар, Монголбанкны санаачилсан энэ хөтөлбөр иргэдийн зүгээс өндөр үнэлгээ авдаг. Тиймээс ч Ипотекийн корпориациас энэ зээлийг үргэжлүүлэн олгож байгаа билээ.

 Б.ХОНГОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж