Засгийн газар НДС-д өртэй юү?

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Засгийн газар НДС-д өртэй юү?

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Засгийн газар болон Нийгмийн даатгалын санд өртэй эсэх асуудлыг сэтгүүлчид хөндөн тавьсан юм. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн тодорхой хувийг Засгийн газар хэрэглэсэн боловч буцаан олгоогүй гэж хүмүүс ойлгодог. Засгийн газар болоод Нийгмийн даатгалын сангийн хооронд үүссэн өр авлагын талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан тайлбарласан юм. Тэрбээр хэлэхдээ:

-Цэргийн алба хаасан иргэдийн тэтгэврийг Засгийн газар хариуцаж Нийгмийн даатгалын сан /НДС/-д төвлөрүүлдэг. Төр хариуцах иргэдийн тэтгэврийн санхүүжилт болох 236 тэрбум төгрөг НДС-нд олгогдоогүй байгааг 2007 онд талууд тогтоож байсан юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Сангийн яам, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл гэсэн дөрвөн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, өр авлагын хэмжээг тогтоосон. Түүнээс хойш Засгийн газар жил тутам өр төлбөрөө барагдуулсаар одоо 87 тэрбум төгрөгийн өглөг үлдээд байгаа.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн санд байршдаг. Тэр сангаас тэтгэвэр тэтгэмж олгоод,  үлдсэн  чөлөөт үлдэгдэлд Төрийн сан хүү тооцдоггүй.

-1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын нэрийн данс өнөөг хүртэл цаасан дээрх тоо төдий байгаа. Үүнийг нөхөхөд хэдий хэрийн хөрөнгө хэрэгтэй байгаа вэ?

-1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан байдаг. Харамсалтай нь, өнөөг хүртэл нэрийн дансыг мөнгөжүүлээгүй. Үүнийг мөнгөжүүлэхэд таван их наяд төгрөг шаардлагатай байгаа. Ийм хоёр төрлийн тооцоо Засгийн газар, НДС хоёрын дунд байгаа болохоос иргэдийн ойлгож байгаа шиг НДС-ийн мөнгийг Засгийн газар аваад зориулалтын бус зүйлд зарцуулсан тохиолдол байхгүй гэлээ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Төрийн санд байршдаг. Тэр сангаас тэтгэвэр тэтгэмж олгоод,  үлдсэн  чөлөөт үлдэгдэлд Төрийн сан хүү тооцдоггүй. Энэ нь НДС-ийн хөрөнгийг үнэгүйдүүлж байх магадлалтайг Хүн ам нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлж байлаа. Тиймээс НДС-ийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулж, хүү тооцох асуудлыг Сангийн яамтай ярилцаж буй ажээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж