Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хурлаар эрчим хүчний салбарын 2014 оны үйл ажиллагааны дүнг хэлэлцэж байна. Энэхүү хуралд Эрчим хүчний сайд Д.Зоригт, дэд сайд Ө.Пүрэвбаатар,Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр болон тусгай зөвшөөрөл эзэмшигч 27 компанийн гүйцэтгэх захирал оролцож байгаа юм.
Өнгөрсөн 2014 онд эрчим хүчний салбар нийтдээ5.3 тэрбум кВт.ц эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж, 1.4 тэрбум кВт.ц цахилгааныг импортоор худалдан авчээ. Энэ тоог 2013 онтой харьцуулбал дотооддоо үйлдвэрлэсэн эрчим хүч277.9 сая.кВт.ц-аар нэмэгдэж, импортын эрчим хүчний хэмжээг 37.3 сая.кВт.ц-аар бууруулаад байгаа юм. Гэвч цахилгаан хэрэглэгч айл өрхийн тоо өнгөрсөн онд 35,922, дулаан хэрэглэгч өрхийн тоо 40,356- аар нэмэгдэж, эрчим хүчний үйлдвэрлэлийн ачаалал эрс өсөж байгааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид онцолж байна. Өнгөрсөн онд үйлдвэрийн дотоод хэрэгцээг 0,12 нэгжээр, цахилгаан дамжуулалт түгээлтийн алдагдлыг 0,5 нэгжээр бууруулж, салбарын үр ашиг дээшилсэн ч гэсэн валютын ханш өссөн, гадаадаас худалдан авч байгаа цахилгааны үнэ нэмэгдсэн, нэг кВт.ц эрчим хүчийг 144.2 төгрөгөөр үйлдвэрлэж, хэрэглэгчдэд дунджаар 122.2 төгрөгөөр борлуулж байгаагаас үүдэн 2014 онд эрчим хүчний салбар нийтдээ 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн дүн гарчээ. Мөн улсаас өгдөг татаас багасч, эрчим хүчний салбар алдагдалтай ажиллаж байгаа учраас техник, тоног төхөөрөмж, шугам сүлжээний засварын ажил хойшлогдож байгаа аж. Үүнээс шалтгаалан өнгөрсөн 2014 онд эрчим хүчний тасалдал өмнөх онтой харьцуулбал нэмэгдэж байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовоож байна. Монгол улсын эрчим хүчний дийлэнх хэсгийг үйлдвэрлэж, хэрэглэгчдэд түгээж байгаа Төвийн бүс болон Алтай, Улиастайн бүсэд цахилгааны саатал, тасралтын хугацаа нэмэгдсэн байна.
Энэхүү хурлаас эрчим салбарынхан 2015 онд үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтмол зардлын өсөлтийг багасгах талаар тодорхой ажлууд зохион байгуулахыг чиглэл болголоо. Үүнээс гадна эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх, цаашид зах зээлийн зарчимд шилжүүлэх, техник тоног төхөөрөмж, шугам сүлжээний шинэчлэлтийн ажлыг эрчимтэй хийх шаардлага тулгараад байгааг салбарынхан ярьж байна.
О.САР