-Сүүлийн 2-3 жилийн наадмуудад Цэндбаатарын Тугал ухаа гэдэг адуу тогтмол дээгүүр давхиж, тааварт яригдах болсон. Азарганы тань угшил гарвалын талаа яриагаа эхэлье?
-Ухаа азарга маань Төв аймгийн Сэргэлэн сумын унаган адуу л даа. Дашийн хонгор гэдэг хурдан азарганы удмын адуу юм байгаа юм. Би дааганд нь Гантөмөр гэдэг найзаасаа авсан юм. Нутагтаа их хрдан адуу аваад очлоо гэсэн манайхан “их жаахан биетэй, даага гэхэд тугал шиг л амьтан байна” гээд “Тугал ухаа” гэдэг нэртэй болсон юм шүү дээ.
-Ухаа азарга үнэхээр хурдан буян. Анх харахад юу нь нүдэнд туссан бэ?
-Би Төв аймагт хэдэн адуу зарах гэж ирэхдээ харсан юм. Юм гэдэг их сонин. Намайг адуугаа идүүлж байхад гүйж ирээд хамт идэж байгаад орой хашаа руугаа яваад өгдөг байсан. Надад ирэхээсээ өмнө Амгаланбаатар заан найрнаас эхлээд тэр хавьдаа хэд хэд уралдаад түрүүлчихсэн, ерөнхийдөө хурдан гэдэг нь танигдчихсан байсан л даа. Яагаад ч юм авмаар санагдаад болдоггүй тэгээд найздаа хэлээд морь малны солиогоор авсан юм. Очсон жилээ шүдлэндээ аймгийн наадамд зургаалаад, овооны наадамд аман хүзүүдсэн. Хязааландаа их хурдан байсан л даа. Тэр жилээ том жижиг нийлсэн таван уралдаанд түрүүлсэн.
-Хязаалан үрээ улсад түрүүлж, Алтан-Овоонд түүнийгээ бататгаж байсан санагдана?
-Тэгсэн. Соёолондоо улсад аман хүзүүлээд, Зүүн бүсийн хурдад дөрөвт давхисан. Энэ жил хавчиг азарга төрийнхөө наадамд тавд хурдаллаа.
-Шарга азарга уралдахгүй гэсэн мэдээлэл гарсаны дараа тэгвэл Тугал ухаан наадам болжээ гэсэн яриа хүртэл гарсан байсан. Гарсан цагаасаа өнгөлж явсан болохоор бараг л орчих нь уу даа гэж бодож байлаа ?
-Би ч бас бодож л байсан л даа. Түрүүлэхээ байг гэхэд гурваас хойшлохгүй байхаа гэж. Тэгсэн жаахан дутчихлаа. “Их хурд”-д уралдуулна гээд жаахан дутуудуулсан тал бий нь ч бий. Ерөнхийдөө уяа ханаж мордоогүй л дээ. Одоо “Их хурд”-даа уралдчихвал болно доо. Ийм сайхан хурдан буянг бас жаахан гамнаж байхгүй бол болохгүй л дээ. Манай “Дорнын унага” галын хувьд хотоос нэлээд зайдуу зусаж өөр хоорондоо л морио сунгаж байсан. Морьд цөөхөн болоод ажил муу авч байсан юм болов уу гэж өнөөдөр эргээд бодож сууна.Бандгаагийн бор морь сунгаанд байнга түрүүлж байсан учраас би бараг түрүүлчих болов уу гэж харж байсан дөрвөллөө.
-Эрлийз адуунуудтай эн тэнцүү уралдаж байгаа Монгол адуу гэдгээрээ бас олны анхаарлыг татдаг байх?
-Хул азаргаа би бурханаас заяасан хурдан хүлэг гэж боддог. Бид хоёр нийлэх хувь заяатай л байсан байх.
-Сайн морь эзнээ хайж явдаг гэдэг үг бий. Мөн хүлэг эзэн, хүүхэд гурвын хийморь цогцолж байж давхидаг ч гэдэг. Яагаад та ухаа үрээгээ зарсан юм бэ?
-Гэмгүй явдаг хуурай ах дүүгийн хувьд төрийн наадамд ухаа үрээгээ таны нэр дээр уралдуулъя л гэж ярилцсан юм.
-Ажнайн Бат-Эрдэнэ 150.000 доллараар Тугал ухааг авч, моринд шинэ шнэ тогтоолоо хэмээн нэлээд эртнээс шуугисан даа?
-Өө тийм юм байхгүй ээ. Мөнгө төгрөгний талаар ярьсан юм байхгүй. Хүмүүс байсгээд л ийм яриа гаргадаг юм. Бурханаас надад заясан хурдан хүлгийг заръя ч гэж боддоггүй.
-Азарганы тань төл бий юу?
-Энэ жил таван гүү унагалснаас хоёр нь эр. Дараа жилээс уралдах байх гэж найдаж байгаа. Тэгээд ч хул азарга маань над дээр байна л даа.
-Цэндбаатар уяачийн хувьд хэзээнээс морь уях болсон бэ?
-Өө бүр багаасаа дөрөвдүгээр ангид байхаасаа л нутгийнхаа хөгшдөд загнуулаад морь уядаг байлаа. Тэр сайхан хөгшчүүдээс зөндөө ихийг сурч мэдсэн. Түүнийхээ хүчээр өдий зэрэгтэй яваа гэж боддог шүү. Манай өвөг эцэг Самбуу гэж хүн байсан юм гэнэ лээ. Их хурдтай айл байсан гэдэг. Тэрний суурь бий. Дээр нь гадаадаас ганц нэг азарга авчраад сайн гүүнд хураалгаж үржил хийж байна даа.
-Ингэхэд улс бүсийн наадмаас хичнээн айраг түрүү хүртээд байгаа вэ?
-Улс бүсийн наадмаас нийлээд долоон айраг түрүү хүртээд байна.
-Таны дараагийн уралдаанууд?
-“Их хурд”, тэгээд дараа нь Хэнтий рүү явах болов уу даа. Гэхдээ морьдоо харж байж болноо.
-Баярлалаа. Амжилт хүсье.
А.Тэлмэн