ШИНЭ төмөр замаас ШИНЭ хот хүртэлх Ерөнхийлөгчийн төслүүд

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

ШИНЭ төмөр замаас ШИНЭ хот хүртэлх Ерөнхийлөгчийн төслүүд

-Эдийн засагт өгсөн үр ашиг ба учруулсан хохирлыг нь цаг хугацаа шүүн тунгаах биз-

ШИНЭ төмөр замаас ШИНЭ хот хүртэлх Ерөнхийлөгчийн төслүүд

Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн гурван  ШИНЭ тодотголт төсөл бий. Харамсалтай нь, эдгээр төслүүд нь эдийн засгийн хувьд өнөөдөр үр ашиггүй болсон гэх шүүмжлэл сонсдог. Харин өдгөө дахин нэг ШИНЭ төсөл эхлүүлэхээр яригдаж буй бөгөөд эдгээр дөрвөн төслийн  гол автор  нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юм.


ШИНЭ ТӨМӨР ЗАМ

УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс баримтлах төмөр замын бодлогын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг Монголын Засгийн газраас Чингис бондын 280 сая ам.доллараар санхүүжүүлэх шийдвэр гаргасан юм. Төмөр зам барих далангийн ажил 2013 оны тавдугаар сард эхэлсэн. Гэвч, өдгөө энэ замаар нүүрс тээвэрлэх нь бүү хэл овоолсон шороо нь салхинд хийсээд дуусах шинжтэй. Энэ талаар 2017 оны тавдугаар сард УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр зам барина гээд овоолсон шороо босгосон хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ” хэмээн чуулганы хуралдааны үеэр асууж, сураглаж байв.

Экспортын хэмээн нэрлэгдсэн Гашуунсухайтын 267 төмөр замын асуудлаар 2016 онд Эрүүгийн цагдаагийн газар, АТГ хамтран УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт албан тушаал эрх мэдлээ урвуулан, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.  Төмөр замын энэхүү хэрэгт холбогдуулж Х.Баттулгын эзэмшлийн гэх Баянгол зочид буудалд цагдаа нар нэгжлэг хийхээр очих үед жүдогийн бөхчүүд буудлын гадна хамгаалалт хийсэн дуулиант үйл явдлыг тухайн үед Монголын бүх хэвлэл мэдээллээр шууд дамжуулж байв.

Ерөнхийлөгчийн ойр хүрээнийхэн шалгагдаж байсан уг хэрэг явдал энэ арванхоёрдугаар сард болсон Улсын дээд шүүхийн "БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарыг 32.8 сая төгрөгөөр торгох" шийдвэрээр эцэслэгдсэн гэж хэлж болно. Мөн шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэх явцдаа  олон тэрбум төгрөг завшсан гэх хэрэгт  нэр холбогдож, гадаад руу оргон зугатсан гэх "Либерти Партнерс" компанийн захирал Ч.Ганбат, "Монголын төмөр зам" ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарыг интерполоор эрэн сурвалжиж байсан ч 2018 онд тэдний нэр хасагдсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж байлаа.

ШИНЭ АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК

Шинэчлэлийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн нэгэн ШИНЭ төсөл бол САЙНШАНДЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК. Монгол Улсыг импортлогчоос экспортлогч  болгох амбицтайгаар Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын 2013 онд санаачилсан Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг барих бэлтгэл ажлыг хангахад зориулж, Шинэчлэлийн Засгийн газраас 14.2 тэрбум төгрөг олгохыг Хөгжлийн банкинд үүрэгдсэн байдаг. Үүнээс 6.2 тэрбум төгрөг нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд шилжсэн бөгөөд энэ хөрөнгө хаашаа алга болсныг мөн тогтоох зорилгоор АТГ, ЦЕГ хамтран 2016 оны хавар  УИХ-ын гишүүн Х.Баттулгыг салбарын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан улсад  их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн билээ. Баянголд зочид буудалд байрлах түүний хувь эзэмшдэг “Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" ХХК-д санхүүгийн шалгалт хийж байв. Харин 2018 оны нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газрын хуралдаанаар, "Байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаа явуулаагүй, санхүү, хөрөнгийн эх үүсвэргүй" зэрэг үндэслэлээр “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ыг татан буулгаснаар Ерөнхийлөгчид хамаарах нэгэн шинэ төслийг хэрэг хаагдсан юм.

ШИНЭ СУМ

Шинэчлэлийн Засгийн газрын үед эхлүүлсэн ч гурван сумаас хэтрээгүй шинэ төслийн нэр нь ШИНЭ СУМ. АН-ын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө нийтдээ 100 суманд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд 2013 онд Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговь аймгийн Замын-Үүд гэсэн гурван сумыг шинэчлэхэд төсвөөс тус бүр 10 тэрбум төгрөг зарцуулсан билээ. Шинэ сум төслийн хүрээнд Баянхонгорын Баянлиг, Бууцагаан сумдад 20 ортой хоёр давхар эмнэлэг, 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр барьж өгсөн юм. Мөн инженерийн шугам сүлжээ, явган хүний болон авто замууд, хөлбөмбөгийн талбай, уурын зуух, цахилгааны дэд станцуудыг шинэчилсэн гэдэг. Ингэснээр хотыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн буурч, утаа багасахад нөлөөлнө гэж үзэж байв.

ШИНЭ ХОТ

“Майдар хот” байгуулах 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ оны наймдугаар сард гаргасан билээ. Энэ талаар Сангийн сайд “Майдар хот бол хувийн хэвшлийнхний хэрэгжүүлэх төсөл. Хувийн хэвшлийн төсөл учраас санхүүжилтээ хэрхэн босгодог  яг л тэр зарчмаар явна. Засгийн газрын баталгаа ч юм уу, төрөөс ямар нэгэн байдлаар дэмжих зүйл байхгүй” гэсэн тайлбар тухайн үед өгч байв.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдах уг төслийн талаар “Майдар хот” ХХК-ийн  төслийн удирдагч, ерөнхий менежер Лүндэгийн Баяртуул “Бүтээн байгуулалтын аил ирэх жилээс эхэлнэ. Төр засгийн шийдвэрт хүлээлт үүссэн учир хөрөнгө оруулагч нартай уулзаж,  ажлаа эхлүүлж чадахгүй байсан. Одоо бол Засгийн газар дэмжээд эхлэлийг нь тавиад өгчихсөн. Тиймээс хөрөнгө оруулалт эрчимтэй орж ирээд, бүтээн байгуулалтын ажил хурдтай явах байх” гэсэн ярилцлага  хэвлэлд өгчээ. Улаанбаатарын төвлөрөл, ачааллыг бууруулах зорилготой Майдар хотыг барихад 40 тэрбум ам.доллар шаардлагатай гэнэ. Өнөөдрийн ханшаар тооцвол 100 их наяд төгрөг.

Ирэх оны төсөвт Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэх үеэр түүний Тамгын газрын дарга З.Энхболдын хэлсэн “Хууль зөрчсөн үрэлгэн зардлуудыг танаж, хэмнэсэн 500 тэрбум төгрөгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, “аж үйлдвэрийн комбинат”-уудыг санхүүжүүлэх зорилтыг бодитойгоор шийдвэрлэх нь төсвийг шинээр батлах нэг том үндэслэл болж байна” гэснийг олон нийт хүлээж авахдаа “Майдар хот”-од зарцуулах мөнгө яригдаж байна хэмээн хардаж байгаагаа сошиалаар шүүмжилцгээсэн юм.

Ийнхүү ШИНЭ төмөр замаас  ШИНЭ хот хүртэлх шинэ төсөл болгоны ард том мөнгөн дүн яригддаг, энэ бүхэн Х.Баттулга гэх улстөрчтэй холбогддог нь ямар учиртай юм бол!  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж