Вэйсел Акчай Монгол Улсын хилээр гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Вэйсел Акчай Монгол Улсын хилээр гарчээ

Гадаадын иргэн, харьяатын газар улиран одож буй 2018 онд хийж хэрэгжүүлсэн болон 2019 онд хийгдэх төлөвлөгөөт ажлынхаа талаар өнгөрсөн Баасан гаригт /2018.12.21/сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хууль тогтоомж улам боловсронгуй болж байгаа болон хүнд суртлыг арилгах, хяналт шалгалтаа сайжруулах зэргээр эрх зүйн орчноо шинэчлэх чиглэлд анхаарч ажиллажээ. Тухайлбал, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагалдах гурван журам болох Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, виз олгох журам, хууль тогтоомж зөрчсөн гадаадын иргэдийг албадан гаргах зэрэгт нэмэлт өөрчлөлт оруулсан юм байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд виз олгох журмын шаардлагыг хөнгөвчилжээ. Мөн хөрөнгө оруулагч нарт тавигдаж буй шаардлагыг өөрчилсөн байна. Монгол Улсад бодитой хөрөнгө оруулалт хийж буй гаднын иргэдийг тус газрын зүгээс дэмжиж ажиллана гэв. Өмнө нь хөрөнгө оруулагч гэсэн статустай хэрнэ юу ч хийдэггүй, Монгол Улсад оруулсан хөрөнгө нь Монгол улсад шингэдэггүй асуудал нэлээн байсан учраас дээрх шаардлагад өөрчлөлт оруулсан гэв.

Тухайлбал, Монгол Улсад оруулсан хөрөнгө нь Монгол Улсдаа шингэх, ажлын байр бий болгож, түүндээ монгол хүнийг ажиллуулах зэрэг шаардлага тавигдсан байна. Энэ журам нь 2018 оны долдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлжээ.

Үүнээс гадна, хилийн чанадаас Монгол Улсыг зорин ирж буй иргэдийн мэдээллийг нислэгийнх нь бүртгэл эхэлмэгц хүлээн авдаг байх APP системийг нэвтрүүлэх гэж байна. Өнөөдөр ашиглаж байгаа систем нь  нислэг хөөрснөөс хойш 10-15 минутын дараа тухайн онгоцонд зорчиж буй иргэний мэдээллийг манай улс хүлээн авдаг юм байна. Энэ нь заримдаа ирэхгүй байх тохиолдолд ч гардаг гэв. Иймээс энэхүү системээ өөрчилж, шинэчлэхээр болжээ. Шинэ системээ шинэ нисэх онгоцны буудал дээр нэвтрүүлэх Засгийн газрын тогтоол гарсан гэдгийг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн хэлэв

Мөн Гадаадын иргэдийн бүхий л мэдээллийг хадгалдаг системээ Интерполын системтэй холбох ажлыг ирэх оноос хийж эхлэх юм байна.

Үүний дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Өнөөдрийн байдлаар хэчнээн гаднын иргэн манай улсад оршин сууж байна вэ?

-2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний байдлаар Монгол Улсад 123 улсын 23 мянга 486 иргэн оршин сууж байна. Энэ тоо Монгол Улсад оршин суух гаднын иргэдийн тоонд хүрээгүй байгаа. Үүнээс гадна бид энэ жил 29 улсын 531 гаднын иргэнийг албадан гаргалаа. Үүнээс БНХАУ-ын 372 иргэн, БНАСАУ-ын 42 иргэн, ОХУ-ын 14 иргэн, Нигер улсын найман иргэн, Австралийн 10 иргэн, АНУ-ын 15 иргэн. Албадан гаргаж буй иргэдийн тоо жилээс жилд буурч байгаа. Энэ нь зөрчлийн тухай хуулиар хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй гаднын иргэнийг ажиллуулж байгаа аж ахуйн нэгжид өндөр торгууль тавьдаг болсонтой холбоотой.

-Яг ямар шалтгаанаар гаднын иргэдийг албадан гаргасан юм бол?

-Хууль, тогтоомж зөрчсөн бол бид албадан гаргана. БНАСАУ-ын иргэдийг НҮБ-ын хоригтой холбоотойгоор албадан гаргасан. Хэдийгээр манай улс Хойд Солонгостой найрсаг харилцаатай ч НҮБ-ын гишүүн орон тул хоригийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Австралийн 14 иргэн бол Оюутолгойтой холбоотой. Оюутолгойн туслах гүйцэтгэгч компани хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй гаднын иргэдийг  ажиллуулж байсан нь илэрсэн

-Дорнод аймагт хятадууд олон боллоо. Тэд мал маллаж байна гэсэн мэдээлэл сошиал орчин тархлаа. Энэ асуудал дээр та тайлбар өгөхгүй юу?

-Монгол Улсын хүн амын тоотой харьцуулан хэчнээн гаднын иргэд оршин суух ёстой вэ гэсэн тоо баталсан байдаг. Өнөөдрийн байдлаар манай улсад оршин сууж байгаа гаднын иргэд хуульд заасан тоонд хүрээгүй байгаа. Дорнод аймагт үнэндээ ганц л гэр бүл байна. Өвөр монгол гэр бүл манай улсын харьяат болох хүсэлтэй орж ирсэн. Монгол угсаатай гэр бүл. Тэд 1000 гаруй малтай. Монгол Улсын харьяат болох асуудал нь өөрөө их өндөр шалгууртай байдаг.

-Тухайлбал?

-Гаднын иргэн Монгол Улсад таван жил амьдарсны дараа харьяат болох хүсэлтээ гаргах эрх нь нээгдэнэ.Үүний дараагаар ярилцлагад орно. Ярилцлагаар бол Монгол Улсын Үндсэн хуулийг мэддэг байх ёстой гэх зэргээр наад захын монгол уугуул хүний мэдэхгүй асуултыг тавьдаг тул шалгуур өндөр. Ярилцлагад тэнцсэн хүмүүсийн нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барина. Харьяат болох хүсэлтийг хуулийн дагуу зургаан сарын дотор шийднэ.

-Монгол Улсын харьяат болох хүсэлт хэр их ирдэг вэ?

-Харьяат болох гэхээсээ илүүтэй харьяатаас гарч байгаа хүний тоо олон байна. Жилдээ 4-5 хүн харьяат болж байгаа бол гарч байгаа нь 400 орчим байна. Тухайлбал, энэ жил 357 хүн Монгол Улсын харьяатаас гарсан. Тодруулбал, Герман, Солонгос, Австри, Нидерланд гэх зэрэг. Харин ОХУ-ын хоёр иргэн, Балбын нэг иргэн Монгол Улсын харьяат болжээ. 1994 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 240 хүн Монгол Улсын харьяат болсон байна.

-Вэйсел Акчайн асуудал юу болж байна вэ?

Холбоотой мэдээ

"В.Акчай фето бүлэглэлтэй холбоотой эрэн сурвалжлагдаж байгаа"

-Вэйсел Акчай гэх хүн Монгол Улсаас гарч яваад нэг сар болох гэж байна. Эмпати гэж Туркийн хөрөнгө оруулалттай гурав, дөрвөн сургууль манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Энэ сургуулийн анхны угшил нь “Уфуг” сан гэж байсан. Намайг харьяатын газрын даргаар томилогдон ирж байхад 2007 онд Уфуг гэж гадаадын төрийн бус байгууллагын статустай сан байсан. Энэ сан явсаар байгаад боловсролын байгууллага болсон түүхтэй. Эмпати сургууль нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгийд салбар нь байна. Тэнд 64 хүн ажиллаж байгаагаас 26 нь багш бусад нь гэр бүлийн хүмүүс нь байна. Хоёр долоо хоногийн өмнө тус сургуулийн 6-7 багш Монгол Улсаас явсан. Тус сургуульд Туркээс гадна Филиппинчүүд ажилладаг. Акчай бол тус сургуулийн цор ганц хөрөнгө оруулагч нь байсан.  Эмпати сургууль нь өнөөдөр Туркийн биш Германы хөрөнгө оруулалттай сургууль болсон. Туркууд Германд зарсан эсэхийг нь мэдэхгүй байна.

-Акчайд хилийн хориг тавьсан байсан. Яагаад гараад явчхав?

-Эмпати сургуультай холбоотойгоор Акчай асуудалд холбогдож, улмаар хуулийн байгууллага шалгаад мөрдөн байцаах газраас энэ хүнд хилийн хориг тавих хүсэлтийг прокурорт өгсөн. Прокурорын шийдвэр гарч, манай байгууллага Акчайд хилийн хориг тавьсан. Ингээд саяхан прокуророос албан бичиг ирсэн. Тус бичигт Акчайг хилээр гаргахгүй байх шаардлага алга гэсэн байсан. Түүнийхээ дагуу манайх хилийн хоригоо цуцалсан.

Вэйсел Акчай хилийн хориг цуцлагдмагц, арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хил давсан.

Яг хаашаа явсан юм бол?

-Тэрийг нь хэлж мэдэхгүй байна. Чингис хаан нисэх онгоцны буудлаас Хонконгийн чиглэлд нисэх онгоцонд суугаад хил давсан.

Өөрийн хүсэлтээр Монголоос явсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Вэйсел Акчай өөрийн хүсэлтээр Монгол Улсаас явсан.

-Гэр бүлийн хүмүүстэйгээ цуг явсан уу?

-Үгүй ээ. Гэр бүлийн хүмүүс нь аль эрт манай улсаас гараад явсан. Тэд одоо АНУ-д байдаг гэж дуулсан.

-Монгол Улсын харьяат болох хүсэлт өгч байсан гэж дуулсан?

-Үгүй ээ.

Улс төрийн орогнол хүсч байсан гэсэн мэдээлэл байна?

-Хуулиараа гаднын иргэнд улс төрийн орогнол өгөх эрхтэй субъект бол Ерөнхийлөгч. Хоёрт, дүрвэгчийг хүлээж авах НҮБ-ын конвенц байдаг. Түүнд манай улс нэгдэж ороогүй.

-В.Акчай яг хэдэн онд Монголд орж ирсэн юм бэ?

-Вэйсел Акчай 2004 оны тавдугаар сард Монгол Улсад хөдөлмөр эрхлэх визтэй орж, ирээд хөдөлмөр эрхлэх статустай явж байсан хүн. Дараагаар нь Германд төвтэй Ядигар /уфуг/ санд ажиллаж байгаад энэ сан нь Эмпати сургууль болж хувирсан. Ингээд хөрөнгө оруулагч статустай болсон. Гэхдээ одоо Эмпати сургууль Германы хөрөнгө оруулалттай болсон тул Акчай хөрөнгө оруулагч нь биш болсон гэсэн үг.

Тэр Монгол Улсад эргэн ирэх эрхтэй юу?

-Эргэж ирэх эрх нь нээлттэй. Харин оршин суух эсэхийг нь бид шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж