Байнгын парламентын үнэтэй МАН

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Байнгын парламентын үнэтэй МАН

Байнгын парламентын үнэтэй МАН

Саяхан УИХ-ын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хууль хэлэлцэж, баталсан. Энэ хуульд хуралдаа суудаггүй, хурлаа тасалдаг, цагтаа ирдэггүй гишүүдийг илүү хариуцлагатай болгохын тулд хурууны хээгээр бүртгэх, хурлаа тасалсан бол хариуцлага тооцох зэрэг УИХ-ын гишүүний хариуцлагыг дээшлүүлэх хууль баталсан. Хуулиа батлаад хэрэгжүүлэхтэй зэрэгцэн баталсан хуулиа зөрчиж, эсвэл үл хүндэтгэсэн үйл явцууд өрнөж байна. УИХ-ын 40 гаруй гишүүн УИХ-ын байнгын үйл ажиллагааг гацааж, байнгын хороо, чуулганы хуралдаан ирц бүрдэхгүй байсаар гурав дахь долоо хоногтойгоо золгов. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах учиртай. Гэвч УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах шаардлага тавьсаны дагуу ийнхүү гацаа эхэлсэн. Ард түмнээс төлөөлөх зарчмаар төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдож, УИХ-ын гишүүн болдог. Өөрийн чадлаар  бус төлөөллийн зарчмаар гэдгийг тодотгоё.

Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Монгол Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.

Нэг хэсэг нь шударга ёс ярьж, нөгөө хэсэг нь хууль хэрэгжүүлэх асуудал тавьсаар МАН-ын хоёр бүлэг төрийн дээр нам гарсан, нам хууль зөрчиж болно гэдгийг тод харуулж байгаагийн жишээ бол төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа гацсан явдал.   Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар хамгийн их хүсч буй. Түүнийхээ илрэл болгож, УИХ-ын гишүүдийг хуралдаанд оролцуулахгүй, ирцийг нь бүрдүүлэхгүй байгаа. Ирц бүрдүүлэхгүй байгаад ч нэмэргүй учир намынхаа Бага хурлыг хуралдуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдсон. УИХ-ын даргыг ямар тохиолдолд огцруулж болох вэ гэдэг хуулийн заалт цагаан цаасан дээр хараар бичигдсэн байхад намынхаа Бага хурлаар огцруулах, ёс зүйн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргасан. УИХ-ын дарга М.Энхболд сайн эсвэл муу хүн гэдэгт дүн тавихаас илүү хуулийн дагуу асуудлаа шийдэх нь төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоогчдийн хамгийн эхэнд баримтлах зарчим. Жирийн иргэн хууль зөрчиж болохгүй, төрийн эрх баригчид хууль зөрчиж болно гэсэн дүрэмтэй болчоогүй л бол шүү дээ. Төрийн, хувийн хэвшлийн аль алинд нь ажиллаж буй жирийн ажилтан ажлаасаа хоцорход цалингаасаа торгуулдаг, хариуцлага тооцуулдаг, удаа дараагийн үйлдэл бол ажлаасаа чөлөөлөгддөг хууль, дүрэмтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн л бол дураараа хууль зөрчиж, дуртай цагтаа хуралдаа сууж, ирцээ бүрдүүлдэггүй л байлтай.

“УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улс орны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж Үндсэн хуульд заасан нь бий.

Огцор, огцруулна, огцрохгүй гэсээр МАН гурван долоо хоногийн турш  хэвлэл мэдээллийнхний өмнө өөрсдийгөө зөвтгөж, бусдыг буруутгасан, камер харж попорсоор энэ өдрүүдийг өнгөрөөв. Түүнийгээ дагаад төрийн бүх аппарат ажлаа хийнэ гэхээсээ илүү хэн нь дийлэх вэ гэдгийг ажлаа умартан харзнаж сууна. Яг л ийм дүр зурагтайгаар цаашаа хэр удаан үргэлжлэх вэ. Монгол Улсын гурван сая иргэнээс итгэл хүлээж сонгогсдон эрхэм гишүүд ээ, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацааж, өөрсдийн эрх ашгаа нэгт тавихаа одоо боль. Хууль тогтоох дээд байгууллага юм бол хуулийн дагуу асуудлаа шийд, болохгүй бол ханцуйндаа гар барилцаад ч болов төрийн ажлыг үргэлжлүүл. Хэн нэгний дарга болох эрх ашгийн төлөө бус улс орны эрх ашиг, хөгжил, гарц шийдлийг хайх, хууль тогтоох гэж та бүхэн парламентын танхимд сууж буй. МАН-ын гишүүдийн хэлсэн шиг УИХ-ын даргын суудлын үнэтэй төр гэж, хууль тогтоох дээд байгууллагын дээр суудаг нам гэж байх ёсгүй гэдгийг дахин нэг сануулъя.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж