Завин дээр суугаа МОНГОЛ, галт тэргэнд суугаа ХЯТАД

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Завин дээр суугаа МОНГОЛ, галт тэргэнд суугаа ХЯТАД

Завин дээр суугаа МОНГОЛ, галт тэргэнд суугаа ХЯТАД

БНХАУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин монголчуудад шинэ оны мэнд дэвшүүлснээ өнгөрсөн Баасан гаригт news.mn сайтад нийтлүүллээ. Хувь заяаны эрхээр хаяа хаяагаа түшин суурьшсан хоёр хөршийн маань нэг БНХАУ-ын Элчин сайд Шинэ жил, Цагаан сар гээд том баярыг угтуулан Монголын ард түмэнд хандан баяр хүргэж, хэвлэлээр хандах нь одоо бараг зуршил болжээ.

Сүүлийн 20 гаруй жил Монгол-Хятадын харилцаа гүн бат зузаарч, эдийн засаг, нийгмийн харилцаа энэ харилцаанаас шууд хамааралтай болжээ. Ялангуяа эдийн засгийн харилцаанд урд хөршийн үг, үйлдэл сайжруулж, муужруулах шидэт дохио мэт болсон. Өмнөд хөршийн зүгээс Монголын оюуны салбарт хийж буй хөрөнгө оруулалт гарт баригдахгүйгээр тэлж байна. Солонгос сериалаар эфирээ нөхөж байсан телевизүүдийн эфир өнөөдөр хятад киногоор солигджээ. Хятадын эртний уран зохиолын сонгодог бүтээлүүд, Хятадын хаадын тухай өгүүлсэн түүхэн зохиолууд, өнөө цагийн Хятад орныг хэрхэн бүтээж босгосон орчуулгын номууд номын лангууг дүүргэх болжээ. Хойд хөрштэй гүн зузаан харилцаатай байсан 1990 оноос өмнөх үеийн дүр зураг орос гэдэг үг нь хятадаар солигдсоноос өөр ялгагдах зүйлгүй.

Ноён Элчин сайдын энэ удаагийн шинэ жилийн мэндчилгээ онцгой нэгэн ойд зориулагдаж байгааг юун түрүүн онцолсон байна. Энэ бол ирэх 2019 онд тэмдэглэх хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой юм.

2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монголд айлчлахдаа монголчуудыг Хятадын хөгжлийн галт тэргэнд суухыг урьсан. Түүнээс хойш хөгжлийн галт тэрэг гэдэг үг Монгол-Хятадын харилцааны өндөр дээд түвшний уулзалт ярианы нэг гол сэдэв болсоор өнөөг хүрлээ.

Ноён Элчин сайдын энэ удаагийн мэндчилгээ ч үүнээс гажсангүй.  “70 жилийн ойгоо угтан хоёр улс улам бүр чин сэтгэлээсээ гар гараасаа барилцаж, бодит хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хамтын хөгжил нь хамтын ажиллагаа болон хамтын хичээл зүтгэлтэй салшгүй нягт холбоотой бөгөөд бид нэг санааны дор нэг зүйлийн төлөө зүтгэх хэрэгтэй болох юм. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, Хятадын тал үргэлжлүүлэн “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, Монголын найз нөхдийг Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Бид хөрштэйгөө Хятадын хөгжлийн үр шимээс хуваалцаж, хамтын хөгжлийг биелүүлэхэд бэлэн байдаг” хэмээн Ши Жиньпин даргын байр суурийг Элчин сайд Шин Хаймин мэндчилгээндээ дахин нотолжээ. “Чин сэтгэлээсээ гар гараасаа барилцаж, бодит хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэх” гэсэн үгийг манай эрхэм улстөрчид нухацтайхан анзаарч хараа байлгүй.

“Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно гэдгээ олон удаа онцгойлон мэдэгдсэн”-ий нэгэн адил “Хятад Улсын язгуур эрх ашиг, чухалчлан үздэг асуудлуудыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг чанд баримталж, амлалтаа биелүүлэн Төвд, Тайвань, Шинжаантай холбоотой асуудлыг зохистойгоор шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Энэ л суурь үндсэн дээр, Хятад Монголын харилцаа урт удаан тогтвортой хөгжих болно” хэмээн өмнөд хөршийн улс төрийн байр суурийг илэрхийлжээ.

Монголын экспортын гол бүтээгдэхүүн болж, валютын гол урсгал болсон нүүрсний экспортын талаар тодорхой хэлжээ. “Монголын найз нөхөд маань Монголоос Хятад руу гарах нүүрсний экспортын асуудалд маш их санаа тавьдгийг би мэднэ. Шулуухан хэлэхэд, Хятад Улс яг одоо эдийн засгийн бүтцийг сайжруулах зохицуулалт хийж одоогийн байгаа үйлдвэрлэлийн хүчин чадлаа цомхотгож байгаа бөгөөд үүний дотор хамгийн их цомхотгол хийгдэж байгаа нь нүүрсний болон гангийн үйлдвэрлэл болно. Гэсэн хэдий ч Хятад Улс Монгол Улсын хөгжлийг дэмжих үүднээс, хоёр орны хооронд нүүрсний худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар идэвхтэй судалгаа хийж, холбогдох хилийн боомтын шалган нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, харилцан ашигтай, хамтдаа хожих зорилтыг биелүүлэн ажиллаж байна” гэжээ. Нүүрсний экспортыг тасалчилгүйгээр бидний голоо зогоох төдийд байлгаад байх нь.

Bank of China-гийн салбарыг Монголд нээхээр хэдэн жил яригдаж байгаа ч бодит ажил болоогүй байгаа. Энэ оролдлогоосоо Хятад буцаагүй, ирэх онд боломж олдоно гэж найдаж байгаагаа дахин нотолсон байна. Мөн энэ хаврын улс төрийн халуун сэдвийн нэг болсон ШХАБ-д Монгол Улс элсэн орохыг хүлээж байна гэдгээ мөн илэрхийлжээ.

Мэндчилгээ төгсгөл үг бүүр ихийг өгүүлжээ. Хятадын “Завин дээрээ эргийн хоёр хажуугийн байгалийг ажиж суух зуур нэг л мэдэхэд олон олон уулс өнгөрсөн байдаг” гэсэн шүлгээс эшилсэн нь санаандгүй зүйл биш байж таараа. Хурдны галт тэргэндээ суугаад хурдалж яваа найз чинь чамайг хамт галт тэргэнд суухыг удаа дараа урьсан нөгөө нөхөр нь завин дээрээ л суусаар байгааг зэмлээд авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж