Тойм: АНУ-ын Ойрхи Дорнод дахь бодлого

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Тойм: АНУ-ын Ойрхи Дорнод дахь бодлого

Тойм: АНУ-ын Ойрхи Дорнод дахь бодлого

Дональд Трампын засаг захиргаа Афганистанаас АНУ-ын цэргүүдийг гаргахаар төлөвлөж байгаа тухай өнгөрөгч Баасан гаригт /2018.12.21/ мэдээлжээ. Тэд ойрын нэг сарын хугацаанд багтаан 7000 орчим цэргүүд буюу Афганистанд байгаа АНУ-ын цэргүүдийн тал хувийг нь эргүүлэн татахаар болсон байна. Тус шийдвэрийг Д.Трамп Сириэс цэргүүдээ гаргахаар болсноос ганцхан өдрийн дараа гаргасан юм.

Батлан хамгаалахын салбарт явуулж буй Д.Трампын бодлогыг эсэргүүцэх хүмүүс олон байгаагийн нэг нь Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис бөгөөд тэрбээр Сири дэх цэргүүдийг гаргах тухай шийдвэр гарсны дараа ажлаа хүлээлгэн өгөхөөр болсноо мэдэгдсэн билээ.

Талибанчуудын байр суурь

Талибанчууд “AFP” мэдээллийн агентлагт өгсөн мэдээлэлдээ, “АНУ-ыг ийм шийдвэр гаргана гэж огт бодсонгүй, бид маш их баяртай байна” гэжээ. Исламын хэт даврагч Талибан бүлэглэл нь сүүлийн үед Афганистан дахь дайралт, халдлага, амиа золиослогч дэлбэлэх явдлуудаа ихэсгэж байгаа. Тэд Афганистаныг 1996-2001 оны хооронд удирдаж байхдаа Исламын шариатын хуулийн харгис, хэрцгий хэлбэрийг хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралаас бүр мөсөн арчин хаяж байсан билээ.

АНУ Афганистан руу цэрэг оруулах болсон шалтгаан

Жорж Буш буюу бага Бушийн  засаг захиргаа 9/11-ны хэрэг явдалд Ал-Кайда бүлэглэл, Осама бин Ладеныг буруутгаж, Талибанаас түүнийг хүлээлгэн өгөхийг шаардсан боловч тэд эсэргүүцсэнээр АНУ цэргээ оруулсан билээ. Ингэснээр Афганистанд тогтноод байсан Талибаны Засгийн газрыг унагаж,  Хамид Карзайн Засгийн газрын тогтнуулж, Исламын Бүгд Найрамдах Афган улсыг бататгасан. Үүнээс хойш Талибанчууд нэг хэсэг дарагдсан ч Пакистанд хүчээ бэхжүүлж аваад, эргэн дайтаж байв.

Хожим нь АНУ-ын тусгай хүчнийхэн 2011 онд бин Ладенийг Пакистанд байхад нь олж, устгасан. Дашрамд дурдахад Афганистаны дайн нь АНУ-ын түүхэнд байгаагүй урт хугацааны дайн болсон бөгөөд 2300 орчим хүнийхээ амийг алджээ.

АНУ-ын тэргүүлсэн Афганистан дахь цэргийн ажиллагаа 2014 онд албан ёсоор дууссан. Үүнээс хойш НАТО-ын цэргийн хүчин Афганистанд байгаа ч Пентагоноос гаргасан мэдээллээс үзвэл сүүлийн хэдэн саруудад Афганистан дахь Талибанчуудын хүч нөлөө маш ихээр нэмэгдэж байгаа бөгөөд Афганы Засгийн газар нь улсынхаа 55.5 хувьд нь л хяналтаа тогтоож байгаа нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм.

АНУ цэргээ гаргаснаар юу өөрчлөгдөх вэ?

Д.Трамп нь Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа явуулж байх үедээ л “АНУ-ыг Афганистанд хэтэрхий их мөнгө үрж байгаа тул цэргүүдээ гаргах хэрэгтэй” хэмээн хэлж байв.

Харин Афганистаны албаны хүмүүс “зөвлөх, техникийн туслалцаа үзүүлэх үүрэгтэй хэдхэн мянган цэрэг манай улсаас гарч явах нь нөхцөл байдалд тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Афганистаны аюулгүйн хүчин 2014 оноос хойш аюулгүй байдлын асуудлыг бүрэн хариуцан ажиллаж байгаа” гэжээ.

Ашраф Гани

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани Талибанчуудын эсрэг тэмцэлд афган хүмүүс л хамгийн их үрэгдэж байгааг онцлон тэмдэглэсэн байна. “Бид өөрсдийнхөө эрх чөлөөний төлөө амиа өргөж байна. Дайн тулаануудад афган цэргүүд л хамгийн ихээр амиа алдаж байна. Мөн бидэнд АНУ-ын халамж, нигүүлсэл бус хамтын ажиллагаа хэрэгтэй. Улс оронд мөнхийн дайсан, эсвэл мөнхийн найз гэж байдаггүй, харин мөнхийн ашиг сонирхол л гэж бий. АНУ энд өөрийнхөө үндэсний  аюулгүй байдлын ашиг сонирхлын төлөө байдаг” хэмээн Ашраф Гафи хэлсэн байна.

Пентагоноос гаргасан мэдээллээс үзвэл АНУ-ын цэргүүд Сирид орсны дараа тус улс дахь “Исламын улс” бүлэглэлийн хяналт эрс суларч, хяналтаа тогтоогоод байсан ихэнх газар нутгаа алдсан ажээ.

Обамагийн засаг захиргааны үед АНУ нь 2014 онд Афганистанаас 100 мянга орчим цэргүүдээ эргүүлэн татсанаар улсынхаа аюулгүй байдлын асуудалд Афганистан өөрөө анхаарал тавих болсон юм.Гэхдээ НАТО-ын цэрэг Афганистаны Засгийн газарт туслах зорилгоор тэнд байсаар байгаа юм. Харин энэ удаагийн цэрэг татах Трампын шийдвэрийг Цагаан ордны Тамгын газрын дарга Жонн Келли, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жонн Болтон тэргүүтэй хүмүүс эрс эсэргүүцэж байна. Мөн Бүгд найрамдах намын сенатч Линдсей Грахам цэргээ татах нь дахин нэг 9/11-ыг гарахад хүргэж болзошгүй гэжээ.

Цэргээ гаргах нь Афганы цэргийн хүчинд сэтгэл санааны цохилт өгч, Талибанчуудад “ялсан” хэмээх найдлагыг төрүүлж болно хэмээн зарим сенатч үзэж байна.

АНУ-ын Ойрхи Дорнод дахь бодлого

АНУ Афганистанаас цэргээ бүрэн гаргах тухай өмнө нь олон удаа ярьж байсан учраас энэ удаагийнх тийм ч цочирдмоор мэдээ биш байж болох юм. Харин Сириэс цэргээ гаргах нь олон сөрөг үр дагавартай хэмээн шинжээчид үзэж байна. Д.Трамп Сириэс АНУ-ын цэргүүдийг “нэн даруй” гаргана хэмээн мэдэгдээд, “АНУ Сирид ялалт байгуулсан” хэмээн тунхагласан юм.

Генерал Жеймс Маттис

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жэймс Маттис нь ойрх дорнод дахь цэргүүдийнхээ тоог буруулах Д.Трампын бодлоготой зөрчилдсөний улмаас ажлаа хүлээлгэн өгөхөөр шийдсэн тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр АНУ-ыг Афганистанд цэргээ байлгах ёстой гэсэн санааг дэмждэг цөөхөн ахлах албан тушаалтнуудын нэг байжээ. Харин Маттис албан тушаалаа өгөхөөр болсон нь цэргүүдийг эх оронд нь буцаан татах шийдвэрийг Д.Трамп ноцтой эсэргүүцэлгүйгээр гаргах боломжтой болж байгаа юм.

Өнгөрсөн Лхагва гаригт /2018.12.19/ АНУ Сириэс цэргээ гаргах шийдвэр гарсан нь АНУ-ын ойрх дорнодын бүс нутгийн бодлогод томоохон ухралт хийхэд хүргэнэ хэмээн шинжээчид бичиж байна. Тухайлбал, энэ нь ойрх дорнодын бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг багасгаж, найм дахь жилдээ үргэлжилж буй Сирийн дайныг дуусгах дипломат хүчин чармайлтыг үгүй хийх үндэслэлтэй.

Учир нь Д.Трамп хэдийгээр “Исламын улс” бүлэглэлийг АНУ ялсан хэмээн тунхаглаж байгаа ч ойрх дорнодын бусад орнуудад тэдний хүч нөлөө байсаар байгаа юм. Түүнчлэн “Сирид  “Исламын улс”-ын хүч нөлөө суларсан хэдий ч бүрэн дарагдсан гэж үзэх болоогүй. АНУ энэ цаг үед Сириэс цэргээ гаргах нь Исламын улс, Иран, Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад болон ОХУ-ын хувьд томоохон ялалт болох болно” хэмээн Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Линдсей Грахам хэлжээ.

Ойрхи дорнод дахь бусад тоглогчид

АНУ Сириэс цэргээ гаргаснаар Ойрх Дорнод дахь түүний нөлөө буурвал Израилд хохиролтой юм. Учир нь Сирид АНУ-ын нөлөө буурвал Израилтай зөрчилдөөнтэй байдаг Иран улс нөлөөгөө тэлэх бүрэн үндэслэлтэй учраас энэ нь Израилын эрх ашигт нийцэхгүй.

Харин үүний давуу тал нь АНУ-ын “Исламын улс” бүлэглэлтэй тэмцэхэд нь тусалсан Курдуудтэй тэмцэхээр шийдсэн Туркийн хувьд ашигтай байж болох юм. АНУ цэргээ гаргаж, Сирийн Курд бүлэглэлийг дэмжихээ зогсоосноор Туркийн цэрэг тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Учир нь Анкара Сирийн Курдүүдийг өөрийнх нь газар нутагт салан тусгаарлах ажиллагаа явуулдаг Туркийн Курдүүдтэй хэлхээ холбоотой гэж үздэг. Дашрамд дурдахад, Сириэс цэргээ гаргахаар төлөвлөж буйгаа Трамп хамгийн эхэнд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд  мэдэгдсэн байна.

Эсрэгээрээ АНУ Сирид цэргээ үргэлжлүүлэн байлгасаар байх нь харин ч илүү уршигтай гэж үзэх хүмүүс байгаа юм /USA today/. (Энд Сирийн дайныг дуусгах дипломатын яриа хэлэлцээ, дүрвэгсэд, хүний эрхийн хямрал, АНУ-ын батлан хамгаалахын зардал, бас бус зүйлсийг ярьж байгаа бололтой)

Ойрх Дорнодын гол тоглогч нь мөн АНУ-аас гадна Сиритэй цэрэг, улс төрийн салбарт нягт холбоотой байдаг ОХУ юм. Сири улс АНУ, барууны орнуудын нөлөөнд орох нь ОХУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй. Тиймээс Сири дэх АНУ-ын нөлөө буурвал ОХУ-д ашигтай байж болох юм. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хэлснээр Вашингтоны энэ алхам нь Сирид улс төрийн яриа хэлэлцээр эхлүүлэхэд чухал түлхэц үзүүлж байгааг онцолсон байна. Путин АНУ-ын цэрэг анхнаасаа хууль бусаар Сирийн нутагт байрласныг оны сүүлийн хэвлэлийн бага хурлынхаа үеэр дахин онцолсон юм.

Тэрээр ОХУ-ын цэргийн ажиллагааг 2015 онд Сирийн ерөнхийлөгч Башар Аль Ассадын хүсэлтээр эхэлсэн гээд харин АНУ-ын цэрэг засгийн газрынх нь зөвшөөрөлгүй, НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн мандатгүйгээр байлдааны ажиллагаанд оролцож эхэлсэн гэжээ.

Ямартай ч АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлүүдээ хэрэгжүүлвэл, Сири дэх ихэнх цэргээ гаргаж, Афганистан дахь тал цэргүүдээ гаргаснаар 6000 орчим цэрэгтэй, Иракт 5000 орчим цэрэгтэй үлдэх юм.

Эх сурвалж: ВВС, Ройтерс, USA today

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж