Японы хаан 85 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

Японы хаан 85 нас хүрлээ

Японы хаан 85 нас хүрлээ

Японы хаан Акихито өнөөдөр /2018.12.23/ 85 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө ард түмэндээ хандан мэдэгдэл хийдэг уламжлалтай бөгөөд ирэх хавар хаан ширээнээс буух болсон тул энэ удаагийнх түүний төрсөн өдрийн сүүлийн мэдэгдэл болж байна.

Мэдэгдэлдээ тэрбээр улс орныхоо бэлэг тэмдэг болох хаан байсан он жилүүдийнхээ тухай дүгнэн ярьжээ. Түүний хаан ширээнд суух хугацаа нь удахгүй дуусгавар болох тул өнгөрсөн хугацаанд түүнийг дэмжин, хүлээн авч, улс орныхоо бэлэг тэмдэг байхыг хүлээн зөвшөөрсөн ард иргэддээ гүн талархал илэрхийлсэн байна. Дараа нь дэлхийн хоёрдугаар дайны үед эх оронд нь учирсан гарз хохирол, амиа алдсан олон хүмүүсийн тухай дурсаж, Японы залуу үе энэ тухай мартахгүй байх ёстойг сануулжээ /тэрбээр 1933 онд төрсөн/.

Мөн түүнийг хаан ширээнд сууснаас хойш тохиолдсон байгалийн гамшгуудын тухай ярьж, эдгээрт сэтгэл нь эмзэглэж явдгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, 1993 оны Окуширо арал дээр болсон цунами, 1995 оны Ханшин-Аважигийн газар хөдлөлт болон 2011 оны Японы зүүн хэсэгт болсон газар хөдлөлт, цунами нь Японы ард түмэнд асар их гай хохирол дагуулсан.

Дараа нь тэрбээр өөрийн хатан,  Японы хааны гэр бүлийн гишүүн болсон анхны энгийн иргэн Мичикогийн тухай ярьсан юм. Акихито хаан “Хааны гэр бүлийн гишүүн болж амьдрах амаргүй замыг сонгосонд нь талархаж байна. Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд тэр үргэлж миний талд байж, намайг сонсож, бодол санааг минь дэмждэг байсан” хэмээн хэлжээ.

Акихито нь 1989 онд Японы хаан ширээнд суусан. Тэрбээр 1933 онд Хирохито хаан болон Нагако нарын ууган хүү болон мэндэлсэн. Түүний эцэг Хирохито нь дэлхийн нэг, хоёрдугаар дайн болон Японы эзэнт гүрний он жилүүдэд улс орноо хүнд байдалд оруулснаа ухамсарлаж, 1946 онд өөрийгөө “түмний адил эгэл хүн” хэмээн зарласнаар 1947 онд батлагдсан Японы шинэ Үндсэн хуулиар хааныг ард түмний эв нэгдлийн “бэлэг тэмдэг” болгон зарласан байдаг. Японы хаан нь улс төрийн эрх мэдэлгүй, Засгийн газар бүрдүүлэх, бодлого шийдвэр гаргахад нь оролцдоггүй онцлогтой.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж