Индонезийн Сумарта болон Жава арлын ойролцоо өчигдөр орой /2018.12.22/ цунами болсноор одоогийн байдлаар 168 хүн амиа алдаж, 584 хүн гэмтээд байна. Нас барагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ.
Индонезийн гамшгийн менежментийн агентлаг цунами үүссэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Тэдний мэдээлснээр цунами болсон бүс нутгийн орчимд томоохон газар хөдлөлт болоогүй байгаа тул шалтгаан нь арал дээр идэвхжиж буй Анак Кракатау галт уул, эсвэл бүтэн сар гарснаар далайн түрлэг нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн үзэж байна. Анак Кракатау галт уулын идэвхжилт сүүлийн хэдэн саруудад нэмэгдэж байсан бөгөөд Баасан гаригт /2018.12.21/ хоёр минут гаруй хугацаанд дэлбэрэлт явагдаж, ойролцоох ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байжээ.
Цунамигаас болж 100 гаруй байшин барилга сүйрээд байгаа бөгөөд барилгын нурангид орсон, эсвэл далайн давалгаанд шидэгдэн сураггүй алга болсон хэд хэдэн хүмүүс байгаа аж.
Энэ оны есдүгээр сард Индонезийн төв хэсгийн Сулавеси арал дээр болсон газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амь насаа алдаж байв. Мөн 2004 онд Энэтхэгийн далайд болсон цунамигийн улмаас Индонезийг оролцуулан, 14 орны 228’000 орчим хүн амь насаа алдаж байжээ.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ