МАН ЖДҮ-чин даргадаа хариуцлага ярьсангүй

Хуучирсан мэдээ: 2018.12.23-нд нийтлэгдсэн

МАН ЖДҮ-чин даргадаа хариуцлага ярьсангүй

МАН ЖДҮ-чин даргадаа хариуцлага ярьсангүй

Өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймолж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Давхарбаярт Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.8 тэрбум гаруй төгрөгийн зээл авч өгсөн дуулиан дэгдэв.

Зээл нь "Жаргалант махимпэкс" компанийн нэр дээр гарсан байдаг. Энэ тухай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАН-ын дарга, У.Хүрэлсүх ЖДҮ-ийн загалмайлсан эцэг мөн гэдгийг сая тогтоолоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэрээр "Жаргалант махимпэкс" компанийн нэр дээр 1.326 тэрбум төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөгийг, мөн  2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг олж тогтоолоо. Шадар сайд байхдаа дүүгийнхээ зээлийг хөөцөлдөөд явж байсныг би сая үзлээ. Зээлийн санхүүжилтийнхээ 560 сая төгрөгийг нь одоогийн байдлаар авчихаад байгааг би мэдлээ. МАН ЖДҮ-чин даргатай болчихлоо. Амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж хөрөнгөжсөнөө тайлбарлах хэрэгтэй. Өөрөө Ерөнхий сайдын ажлаа өгөхгүй бол би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлнэ. Одоо хуулийн байгууллага болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлаа сайн хиймээр байна” гэж мэдэгдсэн юм.

МАН-ын Бага хурал маргааш нь болоход Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгсөн эсэхийг гишүүн нь тодруулахад дараах хариулт өгсөн байдаг. Тэрбээр “Хувираа бизнес хийдэг дүүтэйгээ жилдээ дөрвөн удаа л уулздаг. Цагаан сар, наадам, шинэ жил, хааяа сайхан зан хөдөлсөн үедээ уулздаг. Үнэхээр ЖДҮХС-гаас зээл авсан зүйл байгаа бол түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулаарай гэж хэлсэн. Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй  явдаг” гэжээ. Иймээс Ц.Нямдоржийн хуулийн хайч, Авлигатай тэмцэх газрынхны шалгалт хаа хүртэл явахыг харах л үлдэж буй юм.

МАН-ын Бага хурлаас М.Энхболдод хариуцлага хүлээлгэв

МАН-ын Бага хурал энэ сарын 19-нд болж, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн шийдвэрийг гишүүдийн 95 хувийн саналаар гаргав.

Төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгох тухай дуулиант бичлэгтэй холбогдуулан гаргасан эл шийдвэр нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, нотлогдоогүйн дээр УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн нь Үндсэн хууль хийгээд бусад хуулийг зөрчсөн, зарчимгүй үйлдэл боллоо гэж зарим судлаач үзсэн юм. Ингэхдээ дуулиан тарьж буй асуудлыг Бага хурлаар хэлэлцэж мухарламаар байсан бол Ерөнхий сайдын дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгсөн гэх асуудлаас эхлээд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн ЖДҮХС-гаас авсан зээл, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамаарал бүхий компанидаа авч өгсөн зээлийг мөн ярьж, хариуцлага тооцох асуудлыг ярьсан бол шударга харагдах байлаа. Харамсалтай нь, зөвхөн М.Энхболд гэдэг хүнийг“ялласнаар”МАН-д нэг хүний диктатур тогтож эхэлснийг харуулсан том жишээ боллоо гэж дүгнэсэн юм.

М.Энхболд: ХХБ-ны хувьчлал намайг Ерөнхий сайд болохоос өмнө шийдэгдсэн

УИХ-ын дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Бага хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өөртэй нь холбогдуулан ярьсан зүйлээ нотолж чадахгүй бол шүүхэд хандах болно гэж мэдэгдлээ.

Энэ тухай УИХ-ын дарга М.Энхболд “Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудалд намайг оролцсон гэж, би хааж, хамгаалаад байгаа мэтээр ярьсан. Би 2016 оны зургадугаар сарын 23-24-ний үед шиг санаж байна, энэ мэдээллийг бүдэг бадаг сонссон. ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайг дуудаж, та Москвад байгаа таньдаг мэддэг хүмүүсээсээ үүнийг тодруулж өгөөч гэж гуйсан. Хангай сайд асуугаад "Яригдсан зүйл байгаа юм шиг байна, тодорхой мэдээлэл алга" гэсэн. Ийм л мэдээлэлтэйгээр би зургаадугаар сарын 28-ныг хүрсэн.

Зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Энэ бол сонгуулийн сурталчилгаа дууссан өдөр. Тиймээс нэр дэвшсэн хүмүүс ямар нэгэн юм ярих нь буруу гэж бодоод штабт ажиллаж байсан, сая хотын дарга байсан С.Батболдод намын даргын хувьд үүрэг өгч, хэрэв МАН сонгуульд ялалт байгуулах юм бол "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг шалгаж, үнэн зөвийг нь тогтоож, шалгаж, шийдвэрлүүлнэ гэдэг мэдэгдлийг олон түмэнд хүргүүлж байсан.

Дараа нь УИХ Ажлын байгуулсан. Энэ ажлын хэсгийг би өөрөө байгуулсан. Ажлын хэсгийн дүнг УИХ авч хэлэлцсэн, тогтоол гаргасан. УИХ 49 хувийг төрийн өмчид авах, авахдаа 49 хувийг авсан компанийн талтай яриа хэлцэл хийж, шийдвэрлэ гэсэн 3-4 заалттай тогтоол гаргасан. Энэ тогтоол хэрэгжих ёстой гэж үзэж байгаа. Энэ 49 хувийг ямар нэгэн байдлаар хамгаалаад хаацайлаад байгаа зүйл надад байхгүй.

Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд намайг холбоотой мэтээр Ц.Нямдорж ярьсан. Намайг Ерөнхий сайдаар томилогдоход уг банкны хувьчлалын асуудлууд шийдэгдчихсэн байсан. Үүнд би огт холбоогүй. Намайг мөн Улаанбаатар хотын банкны хувьчлалтай холбоотой мэтээр ярьсан. “Улаанбаатар” банкийг “Улаанбаатар сан”-гийн хөрөнгөөр байгуулсан. Гэтэл УИХ банкны дүрмийн сан 4 тэрбум төгрөг байсныг 8 тэрбум болгох хууль гаргасан. Нийслэлийн төсөв болон “Улаанбаатар сан”-гаас дахин 4 тэрбум төгрөг гаргаж, “Улаанбаатар” банкийг хуульд заагдсан хэмжээнд ажиллуулах боломж санхүүгийн хувьд байгаагүй. Тийм учраас “Улаанбаатар” банк татан буугдаж, нэр бүхий 2-3 хүн тодорхой хувийн хөрөнгөө гаргаж, хуульд заагдсан шаардлагад нийцүүлэн “Улаанбаатар хотын банк” гэдэг шинэ банкийг “Улаанбаатар сан”-тай хамтарч байгуулсан. Тэрнээс хойш энэ банк хувьчлагдсан зэрэг асуудал бол миний дараа дараагийн ажиллаж байсан хотын дарга нарын үед хийгдсэн ажил аа.

Улсын ерөнхий прокуроруудыг М.Энхболд томилж байсан мэтээр Ц.Нямдорж ярьсан. Д.Дорлигжавыг ерөнхий прокуророор томилогдоход би намын дарга, УИХ-ын дарга байгаагүй. Би Шадар сайдаар л ажиллаж байсан. Өмнө нь ажиллаж байсан прокурорын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан уу гэвэл дуусаагүй байсан. Тухайн үеийн Ерөнхийлөгч тэр хүний өргөдлийг нь аваад Дорлигжав гэдэг хүнийг оруулж ирсэн. Харин харамсалтай нь тэр үед бид олонхи байсан хэрнээ манай Намын бүлгийн хурал дээр Дорлигжавыг Ерөнхий прокуророор томилох гэж байгаа тухай асуудлыг огт яриагүй. Шууд Байнгын хороо, чуулганы хурлаар ороод, энэ хүн томилогдсон.

Дараа нь өнөөдрийн ажиллаж байгаа М.Энх-Амгалан прокурорыг томилох үед бид цөөнх байсан. Гэхдээ өмнө нь Ерөнхий прокурорыг томилоход Намын бүлгийн хурлаар яриагүй гэдэг асуудлаар санал шүүмжлэл гардаг юм байна лээ. Ийм учраас энэ хүнийг Бүлгийн хурлаар ярих нь зүйтэй гэсэн саналыг би гаргаж, 26-гийн цөөнхийн бүлэг дээр энэ асуудлыг ярьсан. Тухайн үед Ц.Нямдорж "Би энэ хүнийг сайн танина. Яахын аргагүй миний бэлдсэн, миний боловсруулсан, энэ ажлыг хийж чадах хүн мөн. Бид дэмжих нь зөв" гэдэг байр суурийг Бүлгийн хурал дээр гаргаж, томилуулж байсан. Тэр нь протоколд бий.

Энэ томилогдсон хүмүүсийг өнөөдөр намайг буруутгах болоод ирэхээрээ бүгдийг нь би томилуулж байсан юм шиг, би удирдаж байгаа юм шиг ярихыг би шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа” гэлээ.

Сэтгүүлчид МАН-ын хурлыг “бойкотлов”

МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намаас мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид эсэргүүцэл илэрхийлж, микрофонуудаа хурааж, хэвлэлийн хурлыг орхин гарав.

Ийн эсэргүүцлээ илэрхийлсэн шалтгаан нь Бага хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг Тусгаар тогтнолын ордон руу нэвтрүүлээгүй, мөн МАН-аас мэдээлэл түгээхдээ зөвхөн намын даргынхаа талд үг хэлсэн гишүүдийн үгийг л хэвлэлийнхэнд өгч цензурдсэн нь хэт нэг талыг барьсан, сэтгүүлчид мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэх зарчмыг алдагдуулсантай холбоотой юм.

Эл асуудалд одоогоор МАН-ын зүгээс тайлбар хийгээгүй байна.

Харин УИХ-ын дарга М.Энхболд “Өчигдөр манай МАН-ын III Бага хурал болж өнгөрсөн. Энэ хурал хаалттай болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг олон нийтэд хүргэх ажлыг хийлээ. Би МАН-ын даргаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан. Намын дотоод ажил амьдралын зарим асуудлаар хаалттай хуралдах явдал байдаг. Гэхдээ гаргасан шийдвэр, ярьсан зүйлээ хэвлэл мэдээллийн байгууллагад хүргэдэг байсан. Харамсалтай нь өчигдрийн манай хурал хаалттай, хэвлэл мэдээллийнхнийг Тусгаар тогтнолын ордонд оруулахгүй байдалтайгаар хийгдсэнд харамсаж байна” гэсэн юм.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж