АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп албан ёсоор лицензийг нь эзэмшдэг 67 дахь удаагийн “Miss Universe” тэмцээний финалын шалгаруулалт арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа. “Miss Universe” тэмцээний титмийн эзнээр Филиппиний мисс Кэтриона Грей тодорсон бол тэмцээний хоёрдугаар байранд Өмнөд Африкийн Тамарн Грэн, гуравдугаар байранд Венесуэлийн мисс Гутеррез нар шалгарсан юм.
”Miss Universe”-д энэ жил анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож 94 орны гоо бүсгүйчүүдтэй нэгэн тайзан дээр өрсөлдсөн билээ.
Загвар өмсөгч Д.Долгион тэмцээний урьдчилсан шалгаруулалтад амжилттай оролцсон юм. Тухайлбал, 94 улсын миссүүд улсынхаа өвөрмөц онцлогийг харуулсан бэлэг дурсгалыг дуудлага худалдаанд оролцуулж орлогоо сайн үйлсийн аянд зориулах тус шалгаруулалтад манай улсын миссийн “Алтайн Ятга” бэлэг дурсгал шилдгээр шалгарсан. Мөн шилдэг үндэсний хувцастай мисс шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсынхаа үндэсний хувцсыг дэлхийн улс оронд таниулсан билээ.
Тэрбээр тэмцээний талаар өөрийн цахим хуудаснаа “Намайг дэмжин итгэл хүлээлгэж урмаар тэтгэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дэлхийн загварын хамгийн нэр хүнд бүхий “Miss Universe” тэмцээнд 94 орны гоо бүсгүйчүүд 20 гаруй хоног гоо үзэсгэлэн, мэдлэг, чадвараараа өрсөлдөн, орон орны ёс заншил, түүх өв соёлтой танилцан нөхөрлөж соёлын асар том солилцоо энэ л тайзны ард эдгээр өдрүүдэд дурсамжийг бүтээж байлаа. 67 жилийн түүхт “Miss Universe”тэмцээнд Үндэсний Ялагч болон Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцож ард түмнийхээ итгэл сэтгэлийн дэмээр эрч хүч урам зоригоор дүүрэн бүхий л хүчээ дайчлан эхний өдрөөс эхлэн эцсийн өдөр хүртэл хичээн тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
Шалгаруулалт бүр дээр анх удаа оролцож буй Монгол Улс гэдэг өгүүлбэр дагалдаж байсан болохоор Дэлхийн хэдэн тэрбум үзэгчдэд, тэмцээн зохион байгуулагчдад Монгол эх орныхоо талаарх анхны сэтгэгдэл бүрийг хамгийн сайнаар үлдээхийн тулд эдгээр хоногуудад хичээн оролцлоо. Амжилт үргэлж анхны оролдлогоор ирдэггүй ч энэ том тэмцээний замыг засч дараа дараагийн жилүүдэд Монгол Улсаа төлөөлөн оролцох гоо бүсгүйчүүдэд тус болохуйц асар их туршлага, мэдлэгийг хуримтлуулж чадсан нь миний хувьд ялалт мэт гайхалтай байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ