"Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна"

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

"Зүсийг нь хувиргасан шинэ МАНАН-г бий болгох гэж байна"

NEWS агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна


Б.ТУЛГА: ЗҮСИЙГ НЬ ХУВИРГАСАН ШИНЭ МАНАН-Г БИЙ БОЛГОХ ГЭЖ БАЙНА

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-МАХН-аар сонин сайхан юу байна вэ?

-Сонин их байна аа. Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг улам сайжруулж, боловсруулах ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Бид энэ ондоо багтаад Монгол Улсаа бүтэн тойрлоо. Зөвхөн аймгийн төвөөр ороод гарах биш нэг аймагт хэд хэдэн сумаар орж намын удирдлага бүрэлдэхүүн ажилласан. Нэг ч аймгийг орхиогүй. Хэд хоногийн өмнөхөн Төв аймгийн иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Бидний хувьд хэвлэл мэдээллээр ийм, тийм байх ёстой гэж тунхаглаж зарлахаасаа илүү иргэдтэйгээ уулзаж ирээдүйд улс орон хаашаа явах гээд байна, явах зарчим нь ямар байх вэ гэдгийг маш тодорхой тусгасан төслөө танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Үндсэндээ манай намын Шинэ дээд Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажил дөрөв дэх жил рүүгээ орох гэж байна. Энэ хугацаанд зөвхөн ард иргэдийн сэтгэгдлийг авахаас гадна эрдэмтэн мэргэд, судлаачид зэрэг бүхий л салбарын хүмүүсийн дунд хэлэлцүүлэхийг зорьж ажиллаж байна. Ингэж байж Монгол Улсын 3 сая иргэн юу хүсээд байгаа юм бэ гэдгээ тодорхойлох ёстой. Түүнээс биш эрх барьж байгаа нөхдүүд Үндсэн хуулиа өөрчлөх нь зөв гэх атлаа яаж өөрчлөх тухайгаа огт хэлдэггүй. Тодорхой бус. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт Д.Лүндээжанцан гишүүн Н.Энхбаяр даргыг урьсан. Гэвч хэлэлцүүлэгт үг хэлэх бололцоо байгаагүй. Өнөөдрийн тулгамдаад байгаа хямралт байдлаас гарах гаргалгааг боловсруулж сүүлийн жилүүдэд Шинэ дээд Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаж байгаагийн хувьд хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлье гэхэд “Та Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах сугалаанд сонгогдоогүй байна гэдэг хариу ирсэн. Сугалаагаар хэн хэлэлцэх үү гэдгийг сонгоод сонгогдсон хүмүүс нь хэлэлцээд батлуулах юм байна л даа. Уг нь Үндсэн хуулийн бусад хуулиас гол ялгаатай нь бүх нийтээр хэлэлцүүлж олонхийн дэмжлэг авсан тохиолдолд хэрэгждэг онцлогтой хууль. Гэтэл хүүхдээ цэцэрлэгт оруулахдаа сугалаагаар оруулдаг шиг  УИХ хуулийг боловсруулахдаа хүртэл сугалаа явуулдаг болж байна.

 -Сүүлийн үед улс төрд болж буй нөхцөл байдлыг хэрхэн харж байна. Танай намын удирдлага нам гүм байна уу даа?

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал ийм болчихсон гэдгийг аль 2011 оноос Н.Энхбаяр дарга хэлж байсан. “МАНАН үүссэн байна, нам гэж ялгагдахаа больсон. Өрсөлдөгчөө шоронд хийдэг эсвэл сонгуульд оруулдаггүй. Өөрсдөдөө зориулж хууль баталдаг, өөрсдөдөө зориулж хууль хүчний байгууллагыг ажиллуулдаг болчихсон” гэдгийг аль 2011 оноос хойш ярьсан. Үүнийг хэлснийхээ төлөө намын дарга маань хэлмэгдсэн. Бид тухайн үед нь хангалттай хэлж байсан учраас тийм л байсан байгаа биз гэж одоо хэлэхээс өөр үг алга.

ЖДҮХС-ийн зээлтэй холбогдуулан нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох, эгүүлэн татах асуудал яригдаж байгаа. Гэвч гишүүд халдашгүй байдал, бүрэн эрх гэдгээ халхавч болгож хариуцлагаас мултрах вий гэдэгт олон нийт санаа зовинож байна?

-ЖДҮХС бол төрийн 28 сангийн нэг нь. Бүх санг шалгах ёстой. УИХ-ын гишүүн ЖДҮХС-аас зээл авч түүнийгээ банк бусаар оруулсан нь маш ноцтой гэмт хэрэг. Нэг сайд ажлаа өгснөөр асуудал хаагдах ёсгүй. Гардаж гүйцэтгэсэн хүмүүс нь эрүүгийн хариуцлага хүлээж шүүхээр орох ёстой. Жилийн өмнө Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь баримтаар нотлогдсон бол гишүүний бүрэн эрх нь хамааралгүй гээд шийдвэр гаргачихсан. Үүний дагуу ЖДҮ-д холбогдсон гишүүдийг шууд шалгах ёстой. Санг хянаж байх үүрэгтэй Сангийн яам гэж бий. Сангийн үйл ажиллагааг хянаж чадаагүй хариуцлагыг мөн Сангийн яам хүлээх ёстой. Маш тодорхой, баримттай асуудлыг шалгаад шүүхээр шийдүүлэх л үлдээд байна. Түүнээс биш би гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахад бэлэн гэдэг нь Монголын ард түмнээр даажигнаж байгаа хэлбэр. Уг нь маш энгийн. Хүний халааснаас түрүүвчийг нь хулгай хийсэн бол эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой биз дээ. Гэтэл уучлаарай, би түрүүвчийг чинь буцаагаад өгье, нэмээд 10 цаас өгье гэвэл хэрэг биш юм уу. Ийм зүйл хэзээ ч байхгүй.

Гэтэл ЖДҮ-гийн хулгай нь илрэхээр асуудлыг сарниулах гэж өөр зүйл рүү оруулж тэр чигээрээ хоёр биенийхээ булхайг дэлгээд байна л даа. Харамсалтай байна. Монголын төр хэзээ ч ингэтлээ доройтож байгаагүй. Намын удирдлагыг худалдаж авсан, нөлөөндөө оруулсан бүлэглэлийн үнэн нүүр царай нь цаг хугацааны эрхээр нь илчлэгдэж байна

ДЭЛГЭРЭНГҮЙ


ХЯМДРАЛТАЙ БАРААНД Ч НӨАТ-ЫН БАРИМТ ОЛГОХ ЁСТОЙ

Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ц.Ундармаатай ярилцлаа.


-Татварын ерөнхий хуульд худалдаа үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага бүр цахим төлбөрийн баримт хэвлэх кассын машинтай байх ёстой гэдэг чухал заалт бий. Гэтэл төлбөрийн баримт олгодоггүй худалдааны зах, төвүүд пос машиныг үнэтэй гэдэг. Заавал үнэтэй пос машин авах ёстой гэсэн үг үү?

-Татвар төлөгчид боломжийн үнэтэй, хэрэглээндээ тохирсон кассын болон пос машиныг сонголтоороо хэрэглэх боломжтой. Дотоодын кассын систем нийлүүлэх эрх бүхий аж ахуй нэгжүүдээс судлан, өөрт тохирсон боломжийн үнэ бүхий төхөөрөмжүүдээс сонголт хийж болно. Зах худалдааны төвд бизнес эрхэлж байгаа иргэд гар утасны аппликейшнээрээ төлбөрийн баримтыг худалдан авагчдадаа олгох боломжтой болсон. Жишээ нь, 100 айл, Барс худалдааны төв нь худалдан авагчдадаа гар утасны аппликейшн ашиглан баримт өгч байна. Одоогоор Дүнжингарав худалдааны төв холбогдож эхлээд байна.

-Хямдралтай бараа бүтээгдэхүүнд төлбөрийн баримт өгдөггүй. Энэ тохиолдолд төлбөрийн баримтыг заавал авах ёстой юу?

-Энэ бол зөрчил гэдгийг анхааруулмаар байна. Ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа бол төлбөрийн баримт өгөх ёстой хэмээн хуульд заасан байдаг учраас худалдаа, үйлчилгээ эрхэлж буй хуулийн этгээд төлбөрийн баримтыг заавал өгөх ёстой. Тиймээс хямдруулсан бараа үйлчилгээг худалдан авсан хэрэглэгчдэд төлбөрийн баримт өгөхгүй гэж хэлж болохгүй. Иргэдийн хувьд заавал төлбөрийн баримтаа авах үүрэгтэй.

-Зарим худалдааны төв Е-баримтыг нь олгохгүйгээр бараа бүтээгдэхүүнээ 10 хувь хөнгөлдөг. Иргэд худалдан авалтын хөнгөлөлт авсан ч төлбөрийн  баримтаа авах эрхтэй юу?

-Баримт олгохгүй байна гэдэг нь өөрөө зөрчил юм. Ямар нэгэн байдлаар борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал төлбөрийн баримт олгох ёстой. Нөгөө талаас үйлчлүүлэгчид төлбөрийн баримтаа нэхэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр олгосон ч хуульд зааснаар баримт өгөх үүрэгтэй. Хэрэв төлбөрийн баримт олгоогүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно.

-Иргэд, аж ахуйн нэгжийн буцаан олголттой болон сугалаанд оролцох эрхтэй баримтаа хэрхэн ялгах вэ. Мөн тухайн баримтыг аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн асуудал иргэдийн дунд түгээмэл байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Энэ тохиолдолд татвар төлөгч, худалдан авагчдын хувьд төөрөлдөх асуудал байдаг. Сугалааны дугаартай, буцаан олголттой баримтыг НӨАТ-ын суутган төлөгч газрууд олгодог. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, иргэдийн жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрсэн НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн болон аж ахуй нэгжээс авсан төлбөрийн баримт нь буцаан олголтын хоёр хувь болон сугалааны дугаар бүхий баримт олгогдоно. Мөн жилийн орлого нь 50 сая төгрөгт хүрээгүй, НӨАТ суутган төлөгч биш иргэн, аж ахуйн нэгжээс худалдан авсан бараа үйлчилгээнд олгогдсон төлбөрийн баримт зөвхөн сугалаанд оролцох баримт олгож байгаа. Ер нь татвар төлөгчид ebarimt.mn цахим хуудсаар орж мэдээллийг маш сайн авч байх хэрэгтэй. Хоёрдугаарт, аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн тохиолдолд баримтаа устгаад дахин давтагдашгүй дугаар бүхий 32 оронтой дугаараар дахин бүртгүүлэх боломжтой. Хэрэв засагдахгүй байвал харьяа дүүргийнхээ Татварын хэлтэст хандах болон 1800-1288 дугаарт холбогдож гомдол бүртгүүлэн шийдүүлэх боломжтой.

ДЭЛГЭРЭНГҮЙ


Ө.БОДЬГЭРЭЛ: ЭРЧҮҮДИЙН ТЭТГЭВРИЙН НАС 2037 ОНД 65 БОЛНО

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орсноор тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмсэн нь иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд буй юм. Гэвч тэдний дийлэнх нь энэ шийдвэрийн талаар тодорхой ойлголтгүй байгаа. Тиймээс тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэтийн тооцоолол, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тэтгэврийн насыг хэрхэн нэмэгдүүлсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?  

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд 2017, 2018 онд өөрчлөлт орж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд гурван сараар нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2019 онд эрэгтэй хүн 60 нас гурван сартайдаа, эмэгтэй хүн 55 нас гурван сар хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг. Тэтгэврийн насыг нэг жилээр нэмэгдүүлэхэд дөрвөн жил шаардагдах юм.

Харин дөрөв ба түүнээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд 50 насандаа тэтгэвэр тогтоолгож болох заалт өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлээгүй.

Ихэнх улс оронд хүн амын насжилттай уялдуулан тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлж байна. Тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмэгдүүлж буй нь бусад улс оронтой харьцуулахад аажмаар нэмж байгаа хувилбар.

-Тэтгэврийн насаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй тохиолдолд сонголт бий юу?

-Даатгуулагч тэтгэврийн насаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй бол өөр сонголт бий. Хэрэв нийт 20 жил гурван сар ажилласан эрэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 2019 онд 60 насандаа тэтгэврээ тогтоолгож болно. Эмэгтэй даатгуулагч мөн ижил тэтгэврийн насаа нэмэгдүүлэлгүй 55 насандаа тэтгэвэрт гарч болно. Иргэд тэтгэврийн насыг 65 болголоо гээд шууд одооноос эхлээд 65 нас хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэж ойлгоод байна. Энэ нь алсдаа тэтгэврийн нас 65 хүрэх зохицуулалт болохоос шууд 65 насандаа тэтгэвэрт гарах тухай ойлголт биш юм.

ДЭЛГЭРЭНГҮЙ


“МӨСТЛӨГӨӨС ҮЛДСЭН БӨХӨН МОНГОЛООС ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ”

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг монгол бөхөнгийн талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн, доктор Б.Гантулгатай ярилцлаа.  


-Монгол бөхөн   мөстлөгийн үеэс үлдсэн цорын ганц ховор амьтан гэх нь бий. Бас говийн гайхамшигт зургаан амьтанд багтдаг. Бөхөнгийн онцлогийн талаар мэдээлэл өгөөч?         

-Тиймээ, монгол бөхөн нь сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг. Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг.

Сонирхуулахад, бартаа саад багатай говь нутгийн уудам цэлгэр тал хөндийд туруутан амьтад махчин амьтдаас биеэ хамгаалах гол арга нь хурдан зугтах. Монгол бөхөн нь Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг. Хамгийн хурдан амьтан нь юм. Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай дулаан агаараар хангадаг юм.

-Та саяхан монгол бөхөнгийн тархац нутгаар яваад иржээ. Нөхцөл байдал ямар байна вэ. Монгол бөхөн харагдана уу?     

-Одоогийн байдлаар Монгол бөхөнгийн нөхцөл байдал өмнөх хоёр жилийн байдлаас дээрдсэн зүйл алга байна. Энэ зуны хувьд бөхөнгийн тархац нутаг болох Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд наймдугаар сарын сүүл хүртэл хур тунадас тун бага орж өвсний гарц гэх зүйлгүй зуншлага тааруу байлаа.

Харин наймдугаар сарын сүүлээр бөхөнгийн нутгийн зарим хэсгээр хур бороо орж бэлчээрийн гарц сайжирсан боловч малчид малаа тарга тэвээр авхуулах зорилгоор бэлчээрийн гарц сайжирсан газарт бэлчээрлүүлж тухайн бэлчээрийг ерөнхийд нь дуусгасан байна.

ДЭЛГЭРЭНГҮЙ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж