Авто тээврийн үзлэг ирэх сард эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Авто тээврийн үзлэг ирэх сард эхлэнэ

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг ирэх сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд зохион байгуулах захирамж гаргажээ. Энэ дагуу тус ажлыг зохион байгуулах комисс хуралдаж, бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Өмнө нь авто тээврийн үзлэг, тооллогын нэг дор хийдэг байсан бол шинэ хуулиар энэ жилээс өөрчлөгдөж, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн татварыг орон нутаг зохион байгуулж, харин бүртгэл, үзлэг оношлогоог нь Автозамын газрын Авто тээврийн бүртгэлийн хэлтэс, Оношлогооны төвүүд хийхээр болжээ. Иймээс авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын үеэр үзлэг оношлогоо хийхгүй бөгөөд иргэд татвараа төлөхөөр ирэхдээ заавал автомашинтайгаа байх шаардлагагүй юм байна. Оношлогооны төв нь жилийн турш үзлэг хийх боловч татвар төлөөгүй нөхцөлд оношлогоонд оруулахгүй.Тиймээс иргэд авто машинаа үзлэгт хэдийд ч хамруулж болох юм байна гэж тайвширч болох ч татвараа тогтоосон хугацаанд төлөх ёстой гэдгийг албаны хүмүүс анхааруулж байна. Комиссын гишүүд татвар хураалтын ажлыг ирэх сарын 1-нээс тавдугаар дугаар сарын 20-ны хооронд багтаан зохион байгуулж, үлдсэн 10 хоногт хяналт явуулж цэгцлэхээр боллоо. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээнд 140 мянган авто тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн юм. Харин өнөө жил 150 орчим мянган авто тээврийн хэрэгсэл хямрагдана гэсэн урьдчилан тооцоотой байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж