27 вагон самрын хэргийг дахин сэргээн шалгажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.22-нд нийтлэгдсэн

27 вагон самрын хэргийг дахин сэргээн шалгажээ

27 вагон самрын хэргийг дахин сэргээн шалгажээ

Одоогоос найман жилийн өмнө Замын-Үүд боомтоор 27 вагон буюу 133 тонн самрын чөмгийг хууль бусаар хил давуулах гэж байсан этгээдүүд баригдсан байдаг. Уг хэрэгт гааль, мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаа, төмөр замын ажилтнууд нийлсэн арав гаруй хүнийг сэжиглэн шалгаж байсан юм.

Уг нь хураагдсан бүтээгдэхүүнийг зарж борлуулан улсын орлого болгох хуультай ч самрын эзэд Нийслэлийн прокурор, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хуйвалдан уг самрын идээний лац ломбыг эвдэж, гаалийн хяналтын талбайгаас хулгайлж авч яваад бусдад зарсан байдаг. Байцаагчид дээрх 27 вагон самрыг гурван хэсэгт хувааж хил давуулсан байдаг. Ингэхдээ нэг вагонд ачсан самар тус бүрийг 25 кг-аар савласан байжээ.

Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон нийт 27 вагон хуш модны самрыг Замын Үүд боомтоор нэвтрүүлсэн Х.Амартүвшин, О.Эрдэнэ нар болон хэрэгт холбогдох бусад хүмүүст 2014 онд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс дараах шийдвэрийг гаргасан юм.

  • Шүүгдэгч Х.Амартүвшинд  зургаан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
  • Шүүгдэгч О.Эрдэнэд 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,
  • Гаалийн улсын байцаагч Б.Лхагвадорж, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр,
  • Улаанбаатар Төмөр замын удирдах газрын ажилтан  Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, хоёр жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тус тус шийтгэж байв.

Гэхдээ шүүхээс тэдгээрийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лхагвадоржид оногдуулсан ялыг хоёр жилийн хугацаагаар, Б.Уранчимэг, Д.Отгонбилэг, Б.Эрдэнэхүү, П.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан ялыг нэг  жилийн хугацаагаар тус тус тэнсэж хянан харгалзсан байна.

Ийнхүү хуйвалдаж, гадагшаа гаргах гээд бүтэлгүйтэж, хураагдсан 133 тонн самрын чөмөг, дуудлага худалдаанаас улсын төсөвт орох байсан их хэмжээний мөнгө, орон нутаг болон гаальд төлөгдөх татвар хураамж, байгаль экологид учруулсан хохирол гээд бүгд замхарч сураг чимээгүй болсон. Тэгвэл байгаль экологид хохирол учруулж, улсыг их хэмжээний өрөнд оруулсан гэх хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин сэргээн шалгаж, прокуророос хяналт тавьж, харьяа дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын дарга Д.Баярмагнай "Хоёр вагон самрын хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг нь ташаа мэдээлэл байна. Анх хэргийг хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурорын тогтоолыг би өөрөө дахин хянасан. Өөрөөр хэлбэл, дахин шалгагдаж, яллах дүгнэлт үйлдсэн гэсэн үг. Одоо энэ хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байгаа. Шүүхээр хэрэг шийдвэрлэгдэнэ" гэж ярьжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж