Шинэ он дөхөж аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас гудамж замын хяналт шалгалтыг эрчимжүүлжээ.
Хяналт шалгалт эрчимжиж эхэлснээр нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сард нийт 810 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 23.3 хувиар буюу 247 нэгжээр буурсан сайн мэдээ байна.
Мөн нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 20-ны байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16 мянга 434 зөрчил илрүүлснээс 14 мянга 322 зөрчилд жолоодох эрх хасах, 1579 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ. Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 55 орчим хувь нь 18-35 насных бөгөөд эрэгтэй жолооч нар эзэлдэг.
Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд “Өөрийн үйлдлийг хянах чадваргүй согтуурсан, мансуурсан байдалтай буюу сэтгэцийн өвчтэй хүнийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх"-ыг иргэн, хуулийн этгээдэд үүрэг болгосон бөгөөд энэ нь тэдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Иймд байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулах шаардлагатай байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашинаа унаад явчихна, ойрхон замд болно, их уугаагүй юм чинь зүгээр эсвэл баригдахгүй байх зэргээр хөнгөмсгөөр найдаж замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт анхааруулж байна.
Э.БУРАМ