Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, "Үйлдвэржилт 21:100" үндэсний хөтөлбөр, "Мах, сүүний анхдугаар аян", "Эрүүл хүнс-Эрүүл Монгол" хүн зорилтын хүрээнд "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-г 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ныг хүртэл ХХААХҮЯ-наас бусад оролцогч талтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А-170 дугаар тушаалаар Мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний загвар, холбогдох шийдвэрийн төсөл, эрх зүйн баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, малын гаралтай нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой ажлын хэсгийн дэд даргаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү ажиллалаа.
"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний явцад мал эмнэлгийн үйлчилгээнд хамрагдсан малыг бэлтгэж байгаа эсэхэд хяналт тавьж, баталгаажуулж ажилласан. Бэлтгэсэн малыг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан мал төхөөрөх үйлдвэрт, нядалгааны үеийн гэмтэлгүй, тордолт хийсэн арьс ширийг үйлдвэрт нийлүүлсэн. Гарал үүсэл нь баталгаажсан махыг хүнсний томоохон сүлжээ дэлгүүрээр нийтийн хэрэгцээнд, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авалт хийдэг сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын хоолны газарт нийлүүлэх ажлыг өрнүүллээ.
Загвар арга хэмжээнд Мах импекс, Мах маркет, Эрдмийт, Дархан меат фүүдс, Булган мах маркет, Баяндэлгэр хүнс гэсэн махны үйлдвэр, Хатант Интернэшнл, Дархан нэхий ХК, ДЦС-4 ТӨХК, Номадс сүлжээ ресторан, 58 дугаар сургууль гэсэн аж ахуйн нэгж, байгууллага, E-mart, Номин, Лавай гэсэн сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн дураараа нэгдсэн юм.
Энэ хугацаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас долоон мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэрийн төлөөллийг "Дархан меат фүүдс" ХХК-ийн мах боловсруулах анхан шатны үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулж, ээмгийг махны үйлдвэрт зураасан код болгох, тоног төхөөрөмж, програм хангамж, арьсыг гэмтэлгүй бэлтгэх талаар сургалтад хамруулав.
Хөдөө аж ахуйн биржээс дээр дурдсан загвар арга хэмжээнд нэгдэж буй аж ахуйн нэгж, байгууллагатай форвард гэрээ байгуулах ажиллагааг зохион байгуулсан. Мөн "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-нд Хөдөө аж ахуйн биржийн оролцоо, худалдаа, арилжааны байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг явуулах арга замын тухай тус биржийн удирдлага, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгсөн. Түүнчлэн гарал, үүсэл нь тодорхой, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулсан махны худалдааг И-март, Номин хүнсний сүлжээ дэлгүүрт эхлүүлсэн юм.
Сар хагасын хугацаанд үргэлжилсэн "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний үр дүнгийн хурал (2018.12.20) болж, арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулав. Хурлаар энэ хугацаанд гарсан ололт, амжилт, алдаа дутагдлаа ярилцан, цаашид анхаарах асуудлын талаар санал бодлоо солилцлоо. Ийнхүү малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоонд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс улс орон даяар шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ