Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.21) хуралдаанд 10 цаг 56 минутад Улсын Их Хурлын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа 7 гишүүнийг нэр дурдаад бусад 34 гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар, Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн тулгамдсан асуудал буюу “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” мэдээлэл хийх хуваарьтай байгааг хуралдаан даргалагч сануулаад УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газрын гишүүдийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, ирц бүрдүүлэхийг сануулав.
Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүйн улмаас таван удаа хойшилсон. Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудал, Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэхгүй, асуудлаа танилцуулахгүй байна. Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж мал аж ахуй, өвөлжилт, гадаад валютын ханш, агаарын бохирдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор хүлээж байна. Ерөнхий сайд энэ хугацаанд дөрвөн чухал сэдвээр мэдээлэл хийх ёстой байсан ч 4 дэх удаагаа хойшлуулж байгааг сануулъя” гэлээ.
Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдаандаа хүрэлцэн ирсэн болоод ирээгүй гишүүдийн нэрсийг дуудаж танилцуулан, ирээгүй гишүүдийг хуралдаандаа ирэхийг удаа дараа шаардсан юм. 11 цаг 26 минутад Улсын Их Хурлын 36 гишүүн чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн байна. Нэгдсэн хуралдааны ирц 48 хувьтай байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирвэл чуулганы хуралдаан эхлэх боломжтойг хэлэв. Мөн Улсын Их Хуралд анх удаа сонгогдон ажиллаж буй залуу гишүүдээс Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон, Засгийн газрын танхимд олон удаа ажиллаж буй нэр бүхий гишүүдэд хандан шаардлага хүргүүлснийг дуулгав. Уг шаардлагад “Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг таслалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлж Байнгын хороодын болон чуулганы хуралдаануудад идэвхтэй оролцож Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын гишүүний тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр чуулганы танхимд ирцээ бүртгүүлээгүй байгаа гишүүдийг нэгбүрчлэн нэр дурдаж нэгдсэн хуралдаанд оролцохыг дахин шаардаад "Улсын Их Хурлын 32 гишүүн хуралдаанд оролцохгүй байгаагаас үүдэн өнөөдөр улс орны өмнө тулгамдаад буй асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд мэдээлэл хийх юм. Харин уг асуудлыг хэлэлцэхийг санаатайгаар хойшлуулж байгаа нь харамсалтай. Сахилга, хариуцлагыг Улсын Их Хурлын танхимаас, гишүүдээс, Засгийн газрын гишүүдээс эхлэх ёстой, ийм үүрэгтэй.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч уг зөвлөлийн даргын хувиар мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа бол Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы танхимд хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав дахь гишүүний хувиар Монгол Улсын Ерөнхий сайд энэ мэдээллийг танилцуулах үеэр нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаад харамсаж байна. Өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж мэдээлэл хийхээр төлөвлөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлцэл өчье. Өнөөдөр чуулганы танхимд хуралдаанаа явуулахаар ирсэн Улсын Их Хурлын 36 гишүүний нэрийн өмнөөс Монголын нийт ард иргэд, сонгогчдоосоо хүлцэл өчиж байна. Зургаа дахь удаагаа ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрээд байна. Ард түмнээсээ сонгогдсон, тэднээс төрийн эрх барих мандатыг авсан Улсын Их Хурлын нэр бүхий энэхүү 32 гишүүн Улсын Их Хурлын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж, тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн үйл ажиллагааг цалгардуулж ноцтой үр дагаварт хүргэхүйц байдал үүсгэж буйд туйлын их харамсаж байна. Энэхүү нөхцөл байдал хэтдээ маш сөрөг үр дагавартай, Монгол Улсын аюулгүй байдалд хамаарах эрсдлийг тооцон иргэд, сонгогч Та бүхэн өөрийн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүддээ шаардлага тавих нь зүйтэй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан гишүүдийн цалинг хасах арга хэмжээ авах зохицуулалттай юм билээ. Тиймээс Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж байгаа нэр бүхий гишүүдийн цалинг хасах захирамжийг Улсын Их Хурлын дарга гаргах нь зүйтэй байна. Жирийн төрийн албан хаагчид нэг, хоёр минут ажлаа таслахад цалингаасаа хасуулдаг. Улсын Их Хурлын чуулганы танхимаас сахилга, хариуцлагыг эхлэх ёстой тул холбогдох хуульд нийцүүлэн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, нэр бүхий Улсын Их Хурлын 32 гишүүнд хариуцлага тооцох нь зүйтэй” гэлээ.
Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг 1 цаг 34 минут хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд мэдээлэл хийх боломжгүй болсныг зарлаад танхимд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын 36 гишүүний нэрийн өмнөөс нийт ард иргэдээсээ хүлцэл өчив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ