Санхүүгийн зохицуулах хорооноос Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс, Баян-Өлгий болон Ховд аймгуудад “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх аян”-ыг зохион байгуулж байна. Энэхүү аяныг “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр 2016-2021”-ийн хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд явуулж байгаа юм.
Аянаар орон нутгийн иргэд, ЕБС-ийн сурагчид болон төрийн албан хаагчдад үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын онцлог, эдгээр зах зээлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж байна. Аяны үйл ажиллагааг Хорооны албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгүүд дээрх аймгууд дахь Хорооны орон нутгийн төлөөлөгчидтэй хамтран явуулж буй юм.
Увс аймагт ажилласан ажлын хэсэг ерөнхий боловсролын 1, 2, 3, 5, 6-р сургуулийн ахлах ангийн сурагчид, Улаангом политехник коллежийн төгсөх курсын оюутнууд болон төрийн байгууллагын албан хаагч бүхий нийт 820 орчим иргэдийг сургалтанд хамруулсан байна.
Харин Ховд аймагт ажилласан ажлын хэсэг ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, зохицуулалтын байгууллагын албан хаагчид, төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагад ажилладаг албан хаагчид бүхий нийт 303 иргэдийг сургалтанд хамруулсан байна. Сургалтаар санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааны талаар болон ББСБ, ХЗХ, даатгал, үнэт цаасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын талаарх ерөнхий ойлголт, мэдээлэл хүргэлээ. Мөн Баян-Өлгий аймагт ажилласан ажлын хэсэг орон нутгийн төлөөлөгчидтэй хамтран 200 гаруй зохицуулалтын байгууллагуудын төлөөлөлд Хорооны зохицуулалтын байгууллагуудын үйл ажиллагааны онцлог, зах зээлийн өнөөгийн байдал, харилцагчид болон үйлчлүүлэгчдийн эрх, үүрэг, хариуцлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудад аян амжилттай зохион байгуулагдаж байна.
Эх сурвалж: СЗХ
Холбоотой мэдээ