Улс төрөөс хол ажиллахыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Улс төрөөс хол ажиллахыг санууллаа

Шадар сайд  У.Хүрэлсүх өнөөдөр Оюуны өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газарт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Тэрбээр  эхлээд Оюуны өмчийн газарт ажилласан юм. Энэ үеэр Оюуны өмчийн талаарх ойлголт, мэдээлэл  жилээс жилд сайжирч энэ хэрээр  иргэд, албан байгууллага бүтээлээ оюуны өмчийн газарт бүртгүүлж баталгаажуулах үйл явц  нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд ярьсан. Гэвч дэлхий нийтээр цахим орчин дахь оюуны өмчийн эрхийг хамгаалах  асуудалд тодорхой ахиц гарахгүй байгаа талаар Шадар сайдад танилцуулсан юм. Цаашдаа олон улсын Оюуны өмчийн байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа нь тэргүүлж буй улс орнуудтай хамтран ажиллах замаар цахим орчин дахь зохиогчийн эрхийг  хамгаалах үйл ажиллагаанд анхаарч ажиллаж эхэлжээ. Шадар сайд цаашид оюуны өмчийг хамгаалах бүх талын арга хэмжээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тухайлбал оюуны өмчийн тухай ойлголт, мэдлэгийг  бага наснаас нь суулгах зорилтын хүрээнд дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт  Оюуны өмчийн тухай хичээл оруулах асуудалд чухалчлах, “Оюуны өмчийн үндэсний стратеги”-ийг батлуулах зэрэг асуудлыг шуурхай шийдвэрлэж бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Шадар сайд дараа нь Худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа.  Худалдан авах ажиллагааны газар нь өнгөрсөн онд 395.5 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг зохион байгуулахаас 382.9 тэрбум төгрөгийн төслийг зохион байгуулжээ.  Харин 12.6 тэрбум төгрөгийн төслийг захиалагч байгууллагаас төсөлтэй холбоотой зураг төсөв техникийн тодорхойлолт зэрэг холбогдох материалыг ирүүлээгүйн улмаас хэрэгжээгүй  байна.

Харин энэ онд 182.9 тэрбум төгрөгийн 57 төсөл арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн Хөгжлийн банкны эх үүсвэрээр энэ жил 125.5 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг зохион байгуулах юм байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл бүрэн хангагдаад байгаа. Түүнчлэн гар утаснаас тендерийн материал авах аппликейшн гаргаж буй. Харин ирэх онд төрийн худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал танилцууллаа.

Шадар сайд У.Хүрэлсүх “Тендерийг хууль ёсны, ил тод шударга, өрсөлдөх боломжтой, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулах ажлыг гүйцэтгэхээр бий болгосон газар. Тиймээс үндсэн үүргээ биелүүлж, амжилттай ажиллах учиртай" гэв. Мөн Шадар сайд өнөөдөр Худалдан авах ажиллагааны газрын харьяа 21 аймгийн салбар нэгжүүдтэй шууд холбогдож, худалдан авах ажиллагааны газрын мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд анхаарах,  улс төрөөс хол үйл ажиллагаагаа явуулахыг захисан. Түүнчлэн тендерийг цахим хэлбэрээр зохион байгуулах нь цаг, мөнгө хэмнэх давуу талтай тул 2016 оны худалдан авах ажиллагааг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах,  худалдан авах ажлыг төлөвлөх, зохион байгуулах ажилд ашиг сонирхолын зөрчил гаргахгүй байхыг онцгойлон анхаарах, орон нутагт хэрэгжүүлэх тендер, худалдан авах ажиллагааг хууль тошгтоомжийн хүрээнд зохион байгуулж, ил тод нээлттэй байдлыг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэд олон нийтийн хяналтыг сайжруулахыг тус тус  үүрэг болголоо.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж