Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг 29-р тусгай дунд сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод 14 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 300 гаруй хүүхдэд баярын бэлгээ түгээлээ.
29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, бусдын туслалцаа дэмжлэг хэрэгцээтэй байдаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ХХБанкны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байлаа.
Мөн ХХБанкнаас өнгөрсөн 5-р сард тус сургуульд Иж бүрэн шатрын хэрэгсэл бүхий клубийн тэнхимийг тохижуулан стандартын шатар, электрон цаг, багшийн заах арга барилын мэргэжлийн хэрэгсэл, ном сурах бичиг болон бусад хэрэгцээт зүйлсийг бэлэглэж байсан юм.
Хүүхдийг багаас нь Шатрын спортоор хичээллүүлснээр сэтгэлгээ нь тэлж, оюун ухаан нь хөгжих эерэг үр дүнтэй байдаг. Гэтэл манай улсад стандартын дагуу мэргэжлийн хэрэгслээр хангагдсан шатрын клубтэй Ерөнхий боловсролын сургууль тоотой хэд л байдаг байна.
ХХБанк нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн хандив тусламжийг тогтмол хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч 29-р сургуулийн хүүхэд, багачуудад шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлсээр байх болно гэдгээ илэрхийлж байлаа.
Холбоотой мэдээ